Л.Оюун-Эрдэнэ: 20 орчим концессийн гэрээ байсны дийлэнхийг нь цуцалж байна
ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Сайд, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Төрийн Ордонд мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: "Тэг хувийн өсөлттэй байсан эдийн засаг сэргэх шатандаа орж, ажиллахгүй байсан кран ажиллаж, үйлчлүүлэгчгүй байсан Улаанбаатарын ресторанууд хүнээр дүүрэх энэ цаг үе хүртэл Засгийн газарт олон саад бэрхшээл байсан гэдгийг хэлмээр байна. Бид ер нь юмыг амархан мартдаг. Дахин эдийн засгийн тэг өсөлттэй үе ирэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс ч Засгийн газар ил тод ажиллана.
2015 онд батлагдсан Ил тод байдлын тухай хууль, банкны салбар бизнес рүү хутгалдан орсонтой холбоотойгоор Монгол Улс саарал жагсаалтад орох эрсдэлтэй болсон байсан. Одоо ч энэ эрсдэл хэвээр байна.
"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь, "Стандарт" банкны асуудлыг гаргаж тавьсан нь ч үүнтэй холбоотой. Бид ОУВС-д ил тод гэдгээ харуулах ёстой байсан. Монгол Улс нийтдээ 29 тэрбум ам.долларын өрөнд орсон байсан. Үүнийг бид бага багаар төлж байгаа.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар концессын гэрээтэй холбоотой асуудлыг шийдлээ. Нийт концессын 20 орчим гэрээ байсан. Үүнээс зайлшгүй стратегийн ач холбогдолтой гэрээнүүдийг авч үлдээд бусдыг нь цуцлах шийдвэр гаргаж байна. Тодруулбал Алтанбулан-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын концессыг цуцалсан. Дорноговь аймгийн Сайншандын 130 км авто зам болон сургууль, цэцэрлэгийн барилгын концессын багц байсныг мөн цуцалсан.
Харин стратегийн ач холбогдолтой төслүүдийг үргэлжлүүлнэ. Жишээлбэл Сэлэнгийн газар тариалангийн чиглэлийн 120.85 км замыг үргэлжлүүлнэ. Ер нь манай Засгийн Газар барих, ашиглах концессыг гэрээг дахин хийхгүй" хэмээсэн юм.