Шүүгч, хуульч хоёр ШЕЗ-ийн гишүүнд өрсөлдөнө
ШЕЗ гэдэг бол шүүх, шүүгч хоёрын төлөө ажилладаг газар гэж хуульд заажээ. Энэ зөвлөлийн орон гарсан зарим гишүүний орны хүмүүс тодрох гэж гурван долоо хонолоо.
Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхээс тус бүр нэг хүнийг сонгох ёстойгоос давж заалдах шатны шүүгчид эхний “оролдлого”-оороо сонгож чадсан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан ялалт байгуулжээ. Түүнийг ШЕЗ-ийн гишүүнээр томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байна. Тэрээр Ерөнхийлөгч Х.Баттулгын ШЕЗ-д анх удаа өөрийн зарлигаар томилсон эхний гишүүн болж байгаа юм.
Харин анхан шатны шүүхийн шүүгчид эхний удаад гурван нэр дэвшигч гаргаж ирээд, дараагийн долоо хоногт нь хоёрыг үлдээж, өнөөдөр дахин санал хураалтаар ШЕЗ-ийг тодруулах гэж байна. Энэ удаагийн өрсөлдөөнд ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Мэндсайхан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр нар тунасан. Хамгийн олон санал авсан нь ШЕЗ-ийн гишүүн болно.
Т.Мэндсайхан нь Увсынх, МУИС-ийн ХЗС төгсөөд, сургуульдаа голдуу багшилсан. 2014-2018 онд ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажилласан.
Харин А.Насандэлгэр нь Баянхонгорын хүн юм байна. 1983 оноос шүүхэд ажиллаж эхэлсэн. 2014-2015 онд ШЕЗ-д референтээр ажилласан. 2015 оноос Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаа.
Товчхондоо, Т.Мэндсайхан нь шүүгчээр ажиллаж амжаагүй хуульч, А.Насандэлгэр нь 36 жил шүүхэд ажиллажээ.
Мөн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг ажихул, Т.Мэндсайхан “…Шүүгчийг шилжүүлэх, сэлгэхдээ хүсэлтийг нь харгалзана”, “…Ачаалал ихтэй шүүхүүдийн орон тоог нэмнэ”, “…Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын орон сууц гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэсэн агуулга бүхий дөрвөн зүйл бүхий зорилт тавьсан байна. А.Насандэлгэрийн хувьд “..ШЕЗ-д шүүгчийг хамгаалдаг бие даасан нэгж байгуулна”, “…Шүүгчийг шилжүүлэх, сэлгэхдээ хүсэлтийг нь харгалзана”, “…Шүүгчдийн цалингийн нэмэгдлийг сэргээн хэрэгжүүлнэ” гэсэн мөн л дөрвөн зүйлийн хөтөлбөрийг дэвшүүлсэн байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин