"Цаатан" фестиваль ирэх сард болно
Хөвсгөл нутгийн аялал жуулчлалын цар хүрээг өргөтгөх, цаатан иргэдийн соёлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд “Далай тур” жуулчны баазад болно.
Тус наадам Монголын хоймор нутагт өв уламжлалаа хадгалан амьдарч буй цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх аялал жуулчлалын эвентийг шинээр бий болгох зорилгоор 15 дахь жилдээ зохион байгуулагдах юм.
Цаатан фестивалийн үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах, зургаа авахуулах зэрэг олон боломж иргэдэд олддог бөгөөд наадмыг “Монтрейвэл” компанийн Хөвсгөл далайн эрэгт байрлах жуулчны баазад зохион байгуулах юм байна. Энэ үеэр жуулчид Хөвсгөл далайн эрэгт амарч аялангаа цаатан иргэдийн аж амьдралтай танилцаж, олон сонирхолтой арга хэмжээнд оролцох боломжтой гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.