"Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан бидний 10 жил хийсэн ангийн менежментийг булаан авсан"
Увс аймгийн иргэд аргал янгир үхсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Увс аймгийн иргэд өнгөрсөн жил өвс тэжээлгүй улмаас харангадаж үхсэн аргал янгирын толгойг авчирч "Зууны мэдээ" сонины мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Увс аймгийн иргэн Б.Даваасамбуу “Бид Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумаас 28 хүн хотод хүрэлцэн ирлээ. Нутгийн иргэд Увс аймагт жагсаал хийсэн боловч аймгийн Засаг дарга хүлээж авахгүй байгаа учраас БОАЖЯ-ны сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон УИХ-ын гишүүдэд хандах гэж ирлээ. Нийтдээ 28 хүн хэвлэлийн хурал хийхээр ирсэн боловч зарим иргэдийг маань УИХ-ын гишүүд дарамтлаад хэвлэлийн хуралд оруулсангүй. Увс аймгийн Засаг дарга н.Батсайхан өөрийн жолооч н.Барссүрэнд ямар ч гишүүнгүйгээр “Нөхөрлөлүүдийн холбоо” гэдэг байгууллагыг байгуулж бидний 10 жил хийсэн ангийн менежментийг булаан авсан. Бид энэ асуудлыг хуулийн байгууллагад хандаж 3 шатны шүүхэд ялалт байгуулсан. Шүүхийн шийдвэр манай талд гарсан ч гэсэн хууль хэрэгжихгүй байна” гэв.
Увс аймгийн иргэн Хүрэлбаатар “Манай хоршоолол 12 нөхөрлөлтэй 540 гишүүнтэй, 150 гаруй өрхтэй хоршоолол байгаа юм. Дээд шүүхийн шийдвэр манай талд гарахад аймгийн Засаг дарга Д.Батсайхан танай үйл ажиллагааг сэргээлээ гэсэн бичиг хийж өгсөн. Гэтэл хоёр хоногийн дараа ахиад манай үйл ажиллагааг цуцалсан. Манай нутгийн иргэд малтайгаа ижилхэн аргал янгираа хайрладаг. Төллөх үеэр нь нутгийн малчид нүүдэг, отгоо гаргаад ингэж ажилладаг. Төрөөс мөнгө авдаггүй мөртлөө 200 байсан аргал янгирыг 2000 болтол нь өсгөж байсан түүхтэй байгууллага. Гэтэл Н.Батсайхан Засаг дарга болсноос хойш буюу 2016 оноос манай байгууллагын хийж байсан үйл ажиллагааг таслан зогсоосон. Хулгайн анчдаас хүртэл аргал янгираа хамгаалдаг. Гэтэл манай байгууллагын үйл ажиллагааг зогсоож байна. Хэвлэлийн хуралд ирсэн зарим хүмүүсийг маань дарамталж байна. Энэ хэрүүл тэмцэлээс болж аргал янгир эцэж турж үхэж байна" гэв.