Австралид байгаа монголчуудын үнэн төрх

Австралид байгаа монголчуудын үнэн төрх

Мельбурн, Брисбэн, Камберра хоттой харьцуулахад Сидней яах аргагүй их хөлийн газар. Дуу шуу хадсан нүргээнт хот. Нүсэр том айл. Улс доторх улс. Амьдрах орчны хувьд бүх талаар хүнээ бодсон нь илт. Гэвч Мельбурныг арай л давж гүйцэхгүй. Тав тухын хувьд. Гэхдээ ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур, явган хүний зам, талбай, автомашины зогсоол цөм энд бий. Дутуу юм бараг үгүй.

Нийтийн тээвэр нь хүртээмжтэй. Гэрийн гадаа буулгах нь холгүй. Энэ болгон нь хүмүүст амрах, тухлах боломж олгоно. Бухимдах шалтгаан гарахгүй. Эдгээрийг хөгжлийн нэг зах зух гэвэл онох байх. Тогтолцоо нь зөв болохоор хүнээ л тэргүүнд авч үзнэ. Энэ нь явган хүний гарцан дээр хүртэл харагддаг.

Харин баярын өдөр жолооч ямар нэгэн зөрчил гаргавал торгууль нь хоёр дахин нэмэгдэнэ. Үүнд элдэв тайлбар ч хэрэггүй. Таньж мэдэх цагдаа байлаа гээд ч тусыг эс олно. Хариуцлагаа хэн байсан ч үг дуугүй хүлээ гэсэн зарчим энд үйлчилнэ. Үгүй бол дахиад торгууль бичнэ. Баяр гээд манайхан “уучилдаг” бол харин энд баяр болж байхад гээд нэмж торгоно.

Улс нийтээрээ тэмдэглэх баяр нь ч олон. Ер торгуулийн систем нь айхтар хөгжсөн газар. Зогсоол дээр машинаа буруу байрлуулсан бол та хамгийн багадаа 110 орчим австрали доллар төлнө. Энэ нь төгрөгөөр бодоход бараг 200 орчим мянга. Татвар нарийндаа өндөр болохоор таны худалдан авалт тэр хэрээр үнэтэй тусна. Амьдрах зардал юун Монгол гэсэн үг… “Австралийн мөнгө Австралидаа үлддэг” гэх яриа эндээс эхтэй юм билээ.

Монголбанкны зарласан албан ханшаар төгрөг 1,821 австрали доллартай тэнцэж байна. Нэг өдрийн цалингаа та төгрөгөөр үржүүлж болох ч түүнийг та Австралид авч байгаа. 

Сидней бол ажил, амьдрал буцлах амьсгал давчдам орон зай. Хамаг үндэстэн нэг дор чихэлдэн буй талбар. Энд ирсэн болгон нартай уралдаж амьдардаг. Нар сарны хооронд л “гүйдэг”. Ийм байхыг энэ хот, энэ улс өөрөө шаарддаг. Хэмнэл нь ийм. Энэ хэмнэлд ирсэн хүн дасахгүй бол амьдралаа бас өөрийгөө ч алдаж мэдэх захгүй далай.

Хэнэггүйхэн явбал нар сарны хооронд туйлдаж унаад залуу насаа ч үрж орхих амаргүй эх газар. Сүүлийн үед казино, хар тамхи тус улсын тулгамдсан асуудал болоод байгаа. Залуусынх нь дунд хар тамхины хэрэглээ ч өндөр бөгөөд үүний эсрэг улсаараа л тэмцэх аж. Стар гэж ярих казино тоглоом руу зовж олсон мөнгөө нэг хормын төдийд салхинд хийсгэх манай монгол залуучууд бас ч мэр сэр байх. Энэ нь залуу насны л буруу байх даа гэж бодогдох. Ингээд зогсохгүй хар тамхины аюул ч хажууд байгааг санахад ер илүүдэхгүй. Сайны хажуугаар саар гэгч дагана.

Цаг, минутаар хамаг ажил энд яригдана. Хэдий тийм боловч хүн болгоны хувьд өөртөө боломж нээх, амьдралаа өөрчлөх хүслэнт газар Сидней. Магадгүй эр болгоны эргэж хардаг хүүхэн шиг тийм дур булаам хот. Түр саатсан хүний сэтгэл хоргодох газар. Харин амьдарч үзсэн хүн бол сэтгэлээ захирч чадах хөрөнгөтний нийгэм. Энд мөнгө хураана гэж ирээд сайхан амьдраад буцсан хүмүүс их. Гэр бүлээрээ амьдарч буй хүмүүсийн хувьд байрны түрээс гэхэд долоо хоногийн дунджаар 400-500 орчим австрали доллар болж байна.

Амьдрах зардалд нэг айл гэхэд долоо хоногт ойролцоогоор 1-2 сая төгрөгт зарцуулж байж сая жигдрэх. Энэ зардал нэмэгдэхээс хорогдохгүй. Энд орлого амардаг бол зардал амардаггүй. Унтаж байхад ч зардал тооцогдож л байдаг. Тийм болохоор бүхнийг хэт сайхнаар харах нь өрөөсгөл. Хүмүүс ажилдаа явж байхад чи ажилгүй үлдэх ч үе өчнөөн гарна. “Өнөөдөр хөөрхий минь ажилгүй байгаа юм…” гээд чамайг байрны эзэн долоо хоногийн түрээсээс чөлөөлөхгүй. Тэр хүн бас цаанаа түрээс төлж буй. 

2018 оноос хойш Сидней хотод ажлын олдоц эрс багассан гэж байна. Барилгажилт саарч, өндөр байшин барих тусгай зөвшөөрөл олгохоо хотын захиргаа нь зогсоосон гэх. Үргэлжилж буй төслүүдийн хувьд аль эрт тусгай зөвшөөрлөө авсан байсантай энэ нь холбоотой аж. Түүнээс том хэмжээний бүтээн байгуулалт шинээр өрнөх төлөв ойрд алга.

Монголд буй зуучлалын агентлагиудын өгч буй мэдээлэл бодит байдал дээр эсрэгээрээ ч байх талтай. Тухайлбал, Сиднейд ажил ховордож, энд байгаа хүмүүс нь ажилгүй өнжих тохиолдол түгээмэл болсон. Монголоос ирээд л маргааш нь ажил бэлэн гэвэл энэ бас эндүүрэл юм. Шинэ хүн гээд зарим нь голно. Гэтэл хууччуул нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжих вий гэсэн айдас хүйдэс дунд явна. Долоо хоногийн 1-2 өдөр нь ажилгүй байх энүүхэнд. 

Барилгын ажил энд хамгийн өндөр цалинг санал болгодог. Тийм болохоор Сиднейг зорьж ирсэн эр хүйстэй болгон энэ ажил руу ханцуй шамладаг. Австраличууд өөрсдөө ч үүндээ ажиллана. Гэхдээ хамгийн хүндийг нь бус аль болох биед амар ажлыг нь тэд эзэлчихсэн байдаг. Монголчууд хаана нь ажиллаж байна гэвэл хамгийн хүнд хэсэг дээр нь бууж байна. Үүнийг төмөр хийнэ гэдэг.

Биеийн хүч хамгийн их шаардсан ажил бол энэ. Удаан хийгээд гарт нь орсон ч хийж байгаа хүнийнхээ тамир тэнхээг үргэлж барна. Өргөнө, зөөнө, бооно. Ийм ажил хийх хүн нуруугаа л сайн бодох хэрэгтэй юм билээ. Ядралт их учраас энергийн ундаагаар залуучууд хүч сэлбэнэ. Энэ нь элгэнд хамгийн муу бөгөөд байнга хэрэглээд байвал саахартай болоход хүргэдэг аж. Бодит байдал нэг ийм. Төмрийн ажил гол нь улам ховордож байна.

Зах зээлийн эдийн засаг энд жам ёсоороо явна. Төр нь хувийн хэвшилдээ итгэнэ, боломжийг нь олгоно. Замыг нь засна. Хүнд суртал, саадыг нь арилгана. Харин манайх шиг өөрсдөө компани байгуулж, бизнес хийх гэж холион бантан хутгахгүй. Мэргэжлийн холбоод нь эрх мэдлээрээ илүүрхэнэ. Заавал тооцоо судалгаа хийнэ. Эрдэмтэн, судлаач, мэргэжлийн байгууллагынхаа үгийг төр нь заавал сонсож байж сая шийдвэр гаргана. Сидней энэ болгонынх нь бүтээл.

Түүнээс нэг нөхөр гэнэт гарч ирээд би ийм юм хийнэ гэж ярих боломжгүй, ярьсан ч тэр нь бүтнэ гэдэг үлгэр. Ийм популист улстөрч хол явдаггүй эрүүл нийгэм, зөв тогтолцоо энд байна.

Монголд зуны дэлгэр цаг ирж байхад энд намар навчсаа гөвнө. Хөхүүртэй айраг исэж, наадмын тухай яриа ам дамжиж, өдөр улам тэнийж байхад харин энд өдөр хумигдах. Өглөө, оройд жиндүүлж мэдэхээр сэрүү татна. Австраличууд аль хэдийнэ зузаалж эхэлсэн бол харин эндхийн монголчууд халууцсан янзтай гадуурх хүрмээ тайлаад барьчихсан явах нь түгээмэл…

Манайхны хувьд ирж л байвал, очиж л байвал учир нь олдоно доо гээд тэмүүлдэг зүг нь Австрали болж хувирсан. Виз л гарчихвал хайртай бүхэндээ баяртай гэж хэлээд нисэхэд бэлэн яваа. Ялангуяа, Ази тивийнхэн энэ ногоон тив улсыг сүрэг сүргээрээ нөмрөн буй. Хамгийн үнэтэй автомашиныг Сиднейд хятадууд  унаж, томоохон брэндүүдтэй худалдаа, үйлчилгээний төвийн гол худалдан авагч нь өнөөх хятадууд л байх. Тэд Австрали тивийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг үйлчилгээний салбартай нь хамт атгаж байна. Эрт ирсэн хүмүүс боломжийг эрт олж харсан нь дамжиггүй. 

Өмнөд хөршийнхний хүрээгүй тив, эзлээгүй салбар дэлхийд алга аа. Хятадууд Австрали хүнээс илүү аз жаргалтай, баян чинээлэг амьдарч байна, ингэж бас харагдаж чадаж байна. Ер нь Ази тивийнхэн гангалах, дэгжин байхаа хэнээр ч заалгахгүй хүмүүс л дээ. Тэр нь өмсөж зүүсэн байдал, хэрэглээгээр нь шууд анзаарагдах. Харин Австраличууд энгийнээс энгийн явах. Тэр нь их сайхан. Угаасаа бие хаа гэж зурчихсан мэт төрчихсөн улс болохоор илүү дутуу чимэг зүүлт хэрэггүй ч гэж үздэг байх. Өрнө, Дорнын хүмүүсийн соёл, хандлагын ялгаа нь эндээс тод ажиглагдана. 

Хэрэв чи зөв хандлагатай, бусдад саад болдоггүй, ёс суртахуунтай, хууль дагадаг л бол энд гял цал эсвэл брэнд гэж туйлшрах харин хэрэггүй. Ядруу муу харагдсан ч хүний тооноос хасагдахгүй. Харин хууль зөрчих л юм бол чамайг нийгмээрээ биш юм гэхэд нэг хэсэг нь хүн байна ч гэж тоож харахгүй. Ер нь дарга, цэрэг байсан ч энд хууль адилхан тэгш үйлчилнэ. Үүнийг л манайх шууд авч нутагшуулмаар санагдсан. Гаднын туршлага их ярьдаг оронд яагаад ийм энгийн зөв соёл нь дэлгэрч болохгүй гэж…

Австрали дотроо Сидней ивээл хишгээ ирсэн болгонд харамгүй хайрлаж, тэднийг ажил, орлогоор тасралтгүй залгуулсаар ирсэн. Хөлсөө урсга, тамираа бар. Зүдэрч олсон юм амттайг энэ улс хүмүүст мэдрүүлсэн, ажилд бас сургасан, амьдрал үзүүлсэн. Ажиллахаас гадна зугаалах, амрах, сурах тэр эрх чөлөөг нь давхар олгосон.

Харин одоо цагаачлал улам хавтгайрч, хөлтэй, хэлтэй болгоны хүрч ирдэг, ирсэн нь үлддэг болсон тул Сидней үүнд хатуурхаж, хамаг байдаг сайхан зангаа бараад байх шиг. Тухайлбал, саяхан болж өнгөрсөн Австралийн сонгуулийн уриа лоозон ч иргэдийнхээ эрх ашгийг эхэнд тавих тухай байв. Дэлхий нийтээр цагаачлалын асуудал хурцдаж байгаа. Австрали ч ялгаагүй жил, жилээр визний нөхцөлөө чангатгаж байна. Аяллын визээр ирсэн хүмүүс сургалт болгож өөрчлөх нь энд нэмэгдсэн тул цаашдаа Монголоос аяллаар ирэхэд хүртэл асуудал гарч мэдэхээр байна. Хэн нь жинхэнэ жуулчин гэдгийг таних аргагүй болж байна гэж хошигнох аястай.

Яагаад тэр гэж үү… Энэ хот улс ачааллаа дийлэхгүй болж байна гэнэ. Зах зээл нь ханаж эхэлж байна гэнэ. Амьдралын өртөг нь улам бүр нэмэгдэж, орон байрны түрээс жилээс жилд өсөж байна гэнэ. Замын түгжрэл бас бий болсон гэнэ. Шатахууны үнэ сүүлийн үед нэмэгдэж, өндөг, талхны үнэ хүртэл хэлбэлзэж, үүнийг дагаад инфляц савлаж, үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш америк долларын эсрэг суларч байна.

Австраличууд өөрсдөө ажилгүй болж байна. Хотын төвөөр явахад зоос гуйсан нэгэнтэй таарах бол ердийн үзэгдэл. Ийм хүмүүс энэ улсын иргэд нь байна. Хөгжлийн цаана хүнд амьдрал, хөндөх сэдэв ч өчнөөн гэдэг л энэ байх. Австралид шатахууны үнэ өсөхөөр өндөгний үнэ хэдэн центээр нэмэгдэх. Харин маргааш нь буувал дагаад үнэ уруудна.

Харин манайх үнэ өсөх сургаар нэг нэмж, өссөн хойно нь бас нэмнэ. Шатахууны үнэ буурсан ч нөгөө үнэ өөрчлөгдөхгүй, хэвээрээ үлдэнэ. Монгол, Австрали аль аль нь шатахууны хувьд бусдаас хамааралтай. Дэлхийн зах зээлийн ханшаар Австрали яваа бол манайх төр зохицуулна гээд зохицуулсан ч юм үнэндээ алга.

Ер нь Австрали тив хоёр дахь Ази болсон мэт санагдах. Хятад, Япон, Солонгос, Энэтхэг, Монгол гээд зүс царай ойролцоо, нуруу туруу ч бараг адилхан хүмүүс энд бэлчинэ. Ялангуяа, Хятад, солонгосчууд дийлэнх нь байна. Гэхдээ хаа ч явсан монгол хүн монгол хүнээ хараад нэр усаар нь хэлж мэдэхгүй ч яах аргагүй энэ монгол хүн байна даа гэж бодох сайхан. Энэхүү тэмдэглэлээ Сидней хотын монголчууд хамгийн олноор амьдардаг Wolli гэж газраас бичиж сууна.

Манайхаар бол энэ нь 3, 4-р хороолол юм байна. Энд монголчуудтайгаа байнга таарна. Тэдний нэг нь байгаа газраа Улаанбаатартай зүйрлэж хэлсэн нь дээрх нэр гэнэ. Нэг, хоёр алхаад л “Сайн уу…” гэх нь холгүй. Гэхдээ ингэж хоорондоо сайрхаж мэндлэхгүй. Тэгэх тэнхэл ч заримдаа бас байхгүй. Хар бор ажлын хүндийг нугалсан хүнд ярих чинь хүртэл тамир бардаг ажил. Тийм болохоор ярих гээд байх ч шаардлага байхгүй. Учиргүй нэгнээ мэддэг биш бол тэгээд зөрөөд л өнгөрнө.

Энд буй монголчууд ажил, сургуулийн хооронд цагтай уралдаж, долоо хоногийн байрны түрээс бас сургуулийн төлбөр гээд өчнөөн асуудалтай нүүр тулж амьдардаг хүмүүс. Харин нүүр номоор нь шагайсан улс “Чи ёстой наанаа жаргаж байна даа…” гэж нэгнээ хэлдэг гэх. Үнэндээ хүн хаана ч явсан өөрт таарсан зовлон, жаргалаа үүрээд л явдаг юм байна. Үүнийг Сиднейд ирээд гурван жил болсон Т.Анар хэлж байсан юм. 

Түүний хувьд одоо коллежид сурч байгаа бөгөөд ирэх жил төгсөөд Монгол руугаа шууд буцна гэж байна. Бизнесийн удирдлагаар сурдаг гэсэн. Хичээлийнхээ хажуугаар барилга дээр ажилладаг бөгөөд ингэж амьдрах зардал, сургалтын төлбөрөө олдог гэв. Гэр бүлээрээ байдаг учраас мөнгө хурааж, хуримтлуулах гэхээс илүү олсноо хүргэдэг гэж тэр хэлж байсан. Хүүхдийн сургалтын төлбөр гэхэд бараг жилийн 20 гаруй сая төгрөг болдог юм байна.

Монголоос ирээд удаагүй хүмүүсийн нэг нь У.Болорсайхан. Топ 100 аж ахуйн нэгжийн толгойд явдаг нэгэн компанид ажиллаж байсан тэрээр эхнэрийнхээ хамтаар иржээ. Гэр бүлийн хүн нь сурч, харин өөрөө ажиллах юм байна. Юуны өмнө гаргасан зардлаа олно гээд ажил голохгүй хийж байна гэв. Хүүхдүүдээ аль болох хурдан Монголоос аваад хамт байх, тэгээд эндээ гэр бүлээрээ төвхнөх бодолтой явна. Гурван жилийн дараа дахиад байх эсэхээ тэр үед шийдэх бөгөөд ер нь хүүхдүүдээ сургуульд орох дөхүүлээд Монгол руу буцна гэж өгүүлэх. Ирсэн хүнд буцах бодол хол. Гэхдээ энд цаг хугацаа гэгч ниснэ.

Хүн л юм чинь дэл сул зардал их гарах нь дамжиггүй. Унтах нойроо хугаслан байж хар үүрээр явж, үдшийн бүрэнхий дундуур орон гэрээ эндхийн хүмүүс бараадна. Ажил, хичээл ингэж таарна. Австралиад мөнгө ургадаггүй, харин хүмүүс өөрсдөө ирж “тарьдаг”. Халуунд нь халж, ажлын хүндийг хийж мөнгө олдог. Түүнээс үргэлж далайн эрэг дээр тэрбумтан шиг тухалж, дуртай дарсаа шимэн суудаг газар бол Сидней биш юм билээ. Хааяа л ийм байх үе гарна. Тэр нь амралтын өдрүүд эсвэл аль нэг баяр болж таарна. Ирсэн болгон нь эндээс мөнгө хураагаад явж чаддаггүй гэх. Цаг үе нь монгол төгрөгийн ханш шиг өөрчлөгдөж байгаа аж. Хүн болгон бас адилгүй болохоор тэр…

Cиднейд жил болсон О.Дөлгөөнзул хэлний бэлтгэлд явж байна. Түүний хувьд барилгын цэвэрлэгээнд явдаг ч эндээс олсон мөнгө нь сургалтын төлбөр, амьдрах зардалд нь яг таардаг аж. Наашаа ирэх гэж аав ээж, ах эгчээсээ багагүй мөнгө төгрөг авсан болохоор эндээ ажил хийж төлбөрөө олоод, илүү гарснаараа амьдрах гэж хичээдэг гэлээ. Түүний хувьд хэл сурах илүү чухал байсан болохоор энэ хүртэл явжээ. Харин анх гаргасан зардлаа олж чадахгүй гэдгээ тэр ирсэн хойноо л ойлгосон гэж байсан. Барилгын цэвэрлэгээний ажилд монгол бүсгүйчүүд хэнийг ч дагуулахгүй бөгөөд дайраад л ордог доо гэж Дөлгөөнзул хэллээ. 

Барилгын цэвэрлэгээнд химийн маш хүчтэй бодис ашигладаг гэж байсан. Будаг толбо арилгаж, зүлгэдэг болохоор ашиглахгүй байж болохгүй. Ажлын хүнд нөхцөл гэж үүнийг хэлэх байх. Эмэгтэйчүүд барилгын цэвэрлэгээнээс гадна айл явж цэвэрлэнэ. Австрали, Хятад гээд аль ч айлын хамаг ажлыг нь хэдхэн цаг дор нугалж, шил толь болгох. Нөхөр энд ажлаад эхнэр зүгээр суух аргагүй. Солонгост ч ийм л гэх. Солонгостой харьцуулахад Австрали өртөг нь дийлдэхгүй орон. 

Бусдын адил сурах гэж ирээд мөнгө хөөсөн хүний нэг бол Л.Бадрал. Сиднейд ирээд хоёр жил болсон ч хичээлдээ бус ажилдаа хамаг цаг хугацааг тэрээр зарцуулсан гэв. Ажлаа эхэнд тавьсаар, сурахаа цалгардуулсан ч гэлээ өөрийн амьдралаа босгох хэмжээний мөнгийг тэр олжээ. Монголд очоод байр авна гэж байсан. Ажиллах эрхтэй болохын тулд виз шаардах учраас сургалтын виз дор ажилладаг гэж ярьсан юм. Ийм залуус олон гэдгийг Л.Бадрал нэмж хэллээ. Түүний хувьд ганц бие учраас илүү мөнгө хуримтлуулах боломж байсан гэдгийг тэр дурдсан юм. 

Сүүлийн үед Сиднейд ажил багассан талаар уулзсан хүн болгон ярьж байна. Хүмүүс харин нэмж ирсээр. Тэд яах вэ гэхэд буцахаас л аргагүй болно гэх. Хатуу сонсогдох ч энэ нь үнэн аж. Гэхдээ Сидней хотоос 200 орчим км-ын зайтай Камберрад барилга, бүтээн байгуулалт бага багаар өрнөж л байна. Мөн Мельбурнд барилгын ажил гардаг тул хүмүүс тийшээ ч явж ажиллах болжээ. Хэдий энэ мэт байдлаар ажлын байр мэр сэр гардаг боловч одоогийн ажиллах хүчний эрэлт нь нийлүүлэлтээ хэдийнэ давсан гэж Сиднейд сурч буй Л.Одмандах хэлсэн юм. Түүний хувьд хөдөлмөрийн зах зээлийн талаар ихээхэн сонирхдог гэсэн.

Визтэй бол энэ улсад ирж болно, ажилтай бол үлдэж болно, амьдарч болно. Гэхдээ цаг цагаараа юмс байдаггүй гэдэг л хамгийн том дохио, сануулга юм уу даа. Үнэн гэвэл амьдрах өртөг нь хүмүүсийг энд удаан тогтоодоггүй аж. Австралид өвдөх, ажилгүй байх нь тэнгэр нурсан хэрэг. Тус орныг зорьж ирсэн залуучууд сурна, сурахын хажуугаар цалингаа бас бодож, нэг өдөр ч гэсэн ажилгүй суухаас айдаг. Сараар биш долоо хоногоор энд амьдрал хэмжигдэж, ажиллахаас өөр аргагүй. Ажиллаж байж амьдрах эрхээ хүн өөрөө олж авна. Өлсөхгүйн тулд ч заримдаа ажиллах хэрэг гарна. Үнэн ийм.

Сидней хот Австралийн зүрх нь. Хэний ч эрх танхи хүү, охинд амьдрал олон өнгөтэй гэдгийг учирлах, ухааруулах газрын нэг. Гоё сайхнаа нуугаагүй, хэцүү бэрхээ ч халхлаагүй ил цагаан Сиднейд урт намар болж байна. Залуу хүний заавал унших ном гэдэг шиг нүдээр үзэх, болж өгвөл амьдрах газрын нэг нь Сидней мөн. Харин хэр удах эсэхийг хэлж мэдэхгүй тийм олон эрсдэл энд бий. Монголчууд гэлтгүй хүний өөрийн бүх улс энд эрвийх, дэрвийхээрээ хөдөлж байж амьдрал залгах аж.

Австрали гоё гэсэн, энд л ирчихвэл би яг л болох гээд байна, амьдрах гээд байна, мөнгө хураах гээд байна, манай тэр явсан ёстой сайхан амьдарч байгаа гэж олон хүн ярьдаг. Эзэн хичээвэл заяа ивээх газар Сидней мөн. Гэхдээ бүхнийг орон хотод даатгаж болохгүй. 10 жилийн хэн байгаа юм чинь гэж найдаж бүр болохгүй. Бүгд л дор бүрнээ цагт баригдаж, сунаж унатлаа ажиллаж явааг санахад бас гэмгүй. Хоёр жилийн өмнө ирсэн хүнд нөхцөл байдал өөр байсан, боломж илүү байсан. Харин одоо тийм биш. Тэр үед өнөөдөр түүх болсон. Дахиад шинэ түүх бичигдэж байна. 

Ирж байж үнэнийг мэдэх, дунд нь орж байж бүхнийг ойлгох, бусдын үнэнд итгэх хүн болгонд чухам үнэнийг хуваалцаж байна. Сидней хотын олон улсын нисэх буудалд өдөр бүр бараг таван минут тутам шинэ онгоц газарддаг. Аль нэгээр нь та ирж яваа, эсвэл ирэх тухай бодож эхэлсэн байх. Аялах сайхан, амьдрах харин өөр шүү. Шинэ хэмнэл, шинэ орчин таныг угтаж авна. Эрсдэл, боломж аль аль нь энд зэрэгцэн оршдог гэдгийг үргэлж санаарай.

Б.Баяртогтох 

2019.05.21

201
таалагдаж байна

20
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419