Хотын удирдлагууд шар хашлагын хэргээр АТГ-т шалгуулж магадгүй
Хотын төвийн замын голоор байрлуулсан шар хашлагын хэрэг Хотын удирдлагуудын чихнээс хэсэгтээ хонх уях бололтой. Учир нь Монголдоо 200 хүрэхгүй сая төгрөгөөр хийчих байсан хашлагыг Хятадаас 800 шахам сая төгрөгөөр авчирсан гэх мэдээллийг эх сурвалж өгсөн. Гэтэл өнөөх хашлага нь уржигдар шөнөөс эхэлсэн салхинд нурж унасан билээ. Улмаар Хот тохижилтынхон хашлагуудаа хурааж, ачаад явсан байна.
Харин тэднийг хашлагыг хурааж байхад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ очиж уулзсан байна. Тэрбээр хашлага нурж унасан хэд хэдэн газарт очжээ. Ингэхдээ уг хашлагыг нийлүүлсэн компани, сонгон шалгаруулалтыг явуулсан газар, албан тушаалтан, шар хашлагын чанарын талаар мэргэжилтнүүд, иргэдийн төлөөллөөс тодруулж, тэмдэглэж аваад явсан байна.
Эх сурвалжийн мэдээллээр ЗГХЭГ-ын дарга энэ асуудлыг АТГ-т шилжүүлж магадгүй гэнэ. Хэрэв ингэвэл АТГ-ынхан Хотын удирдлагуудад холбогдох "Шар хашлагын хэрэг"-ийг шалгаж эхлэх нь гэсэн үг.