С.Бүрэнбат: АСЕМ зохион байгуулсан 17 албан тушаалтныг АТГ-д шалгуулж байна
Манай улс гурван жилийн өмнө буюу 2016 оны долоодугаар сард Ази, Европын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан. Энэ нь улс орны нэр хүндийн хувьд маш өндөр ач холбогдолтой арга хэмжээ болсон ч хурлыг зохион байгуулсан тухайн үеийн албан тушаалтнууд их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй асуудал үүссэн. Хууль хяналтынхан түүнийг шалгаж эхэлсэн бөгөөд Аудитын байгууллагын шалгалтаар нийт 79.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн төдийгүй үүнд холбогдох 17 албан тушаалтны нэрийг, холбогдох нотлох баримтын хамт АТГ-т хүргүүлэн шалгуулж байгаа юм. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндэсний аудитын газрын 2018 оны тайланг сонсов.
Энэ үеэр АСЕМ-тай холбоотойгоор илэрсэн зөрчил дутагдлын талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Бүрэнбат УИХ-ын гишүүдийн асуултад хариулах үеэрээ мэдээлсэн. Тодруулбал, тэрбээр энэ тухайд “Ази, Европын дээд түвшний уулзалт зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд аудит хийгээд холбогдох байгууллагад хандсан. Нийтдээ 46 байгууллага, 26 хуулийн этгээдийг хамруулан шалгасан. Үүнээс 79.2 тэрбум төгрөгийн хамааралтай 17 албан тушаалтныг нотлох баримтын хамт АТГ-т шилжүүлэн, шалгуулж байна” гэлээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр улсын төсвийн хөрөнгийг завшсан байж болзошгүй хүмүүсийн нэр аль хэдийнэ ил болсон. Үүнд, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга асан Ч.Однасан, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан А.Ганбаатар, Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын ерөнхий менежер асан Б.Бадрал нарын 17 хүний нэр ил болж байсан юм.
М.Өлзий
Эх сурвалж: Монголын үнэн" сонин