Татвараа төлөөгүй жолоочид хариуцлага тооцно
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураамжийг хугацаандаа төлөөгүй автотээврийн хэрэгсэл эзэмшигчдэд өнөөдрөөс эхлэн хяналтын үзлэг, шалгалт хийх болсонтой холбогдуулан нийслэлийн Татварын газар, Тээврийн Цагдаагийн албанаас хамтран хэвлэлийн хурал хийв. Хэвлэлийн бага хуралд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал, нийслэлийн Татварын газрын орлого бүрдүүлэлтийн хэлтсийн дарга С.Цэрэнжамц, Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Эрдэнэсүх нар оролцсон юм.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/15 дугаар захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах, зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Өнөөдрөөс эхлэн нийслэлийн есөн дүүргийн 15 цэгт 30 гаруй байцаагч 20 хоногийн хугацаатайгаар хяналтын үзлэг шалгалт хийж эхэлсэн. Ингэхдээ техник хэрэгслийн оношилгоонд хамрагдаж, татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг тусгай төхөөрөмж ашиглан илрүүлж, арга хэмжээ авна" гэдгийг онцолж хэлсэн юм.
Нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал “Татвар төлөгч цахим орчноор төлөх бололцоог хангаж ажиллаж байна. Хуучин татвар төлснийг гэрчилдэг байсан бол энэ удаад тээврийн хэрэгслийн гэрчилгээг QR кодтой болгож шинэчилсэн. Иймд тухайн тээврийн хэрэгслийг замын цагдаа нар газар дээр нь татвар төлсөн, төлөөгүйг нь мэдэх бүрэн боломжтой. Жолоочид уг гэрчилгээгээ хэвлэж аван, өөртөө авч явсан тохиолдолд татвар төлснийг нь батлах юм. Хяналт шалгалтын үеэр татвараа хугацаанд нь төлөөгүй тээврийн хэрэгслийн эзэмшигчдэд хуулийн дагуу хариуцлага ногдуулна. Харин өнөөдөр маргаашийн дотор сайн дураараа Автотээврийн үндэсний төвийн татвар хураадаг цэгүүдэд болон E-tax.mta.mn цахим хаягаар төлсөн тохиолдолд асуудал үүсэхгүй" хэмээлээ.
Тээврийн хэрэгслийн бичиг баримт хураагдсан тохиолдолд тухайн нутаг дэвсгэр харьяаллын дагуу дүүргийн татварын хэлтсийн автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хариуцсан татварын улсын байцаагч тухайн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг хууль, журамд заасны дагуу бүрэн ногдуулан авч тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгоно. Энэхүү ажлыг нийслэлийн Татварын газар, Тээврийн цагдаагийн алба, Дүүргийн татварын болон Замын цагдаагийн хэлтэс хамтран зохион байгуулах юм байна.
Төвийн зургаан дүүрэгт тус бүр хяналтын хоёр пост, алслагдсан гурван дүүрэгт тус бүр нэг пост, нийт 15 цэгт татварын болон замын цагдаагийн 30 албан хаагч зам дээр хяналт тавьж ажиллах аж. Татвар хураах цэгүүдэд маргаашийн дотор очин сайн дураар албан татвар, төлбөрөө төлсөн бол ямар нэгэн торгуулийн арга хэмжээ авахгүй юм байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс