Байгаагаараа л бай!
Орь ганцаараа л юм шиг ѳѳрийгѳѳ "тоосон", онгиргон залуу нас эргэж ирдэггүй юм, ѳѳрийнхѳѳрѳѳ бай. Салаад холдохдоо ч эргэж хармаар сайхан бүсгүйтэй болзон тоогдвол ч тоогдож, хаягдвал ч хаягдаг. Сагсуу бас тоомсоргүй араншиндаа ѳѳрѳѳ бүдэрч, ухаажих гэж зовдог юм. Бусдад ухаантай харагдах гэж хѳѳрцѳглѳх хэрэггүй дээ, насны торгон ир мохоогүйд бусдын үгийг бүрэн сонсож амждаггүй юм. Толинд тусах гоо үзэсгэлэнгээ гайхуулбал ч гайхуулаг л дээ. Шаналлын үрчлээс тодрохоос нь ѳмнѳ сайхан гунхаж, бас бужиглэн дуулж, ханатлаа инээж ав. Хичнээн үгэллээ ч тоож сонсдоггүй, хичнээн учирлалаа ч тогтож ухаардаггүй залуу нас чинь эргэж ирэхгүй. Нас дагаж ирдэг ухаарал чамайг тойрохгүй ч, цаг нь болоогүй зовлонгоос ѳрсѳж бүү гунигла, байгаагаараа л бай.
Амьдралын ачааг даах тэнхэл сууж, зовлон жаргалын дэнсийг тэнцүүлсэн идэр нас эргэж ирдэггүй юм, ѳѳрийнхѳѳрѳѳ бай. Ѳѳртѳѳ бус бусдад таалагдах гэж бүү шанал, ѳѳрийгѳѳ ололгүй тѳѳрч мунгинаад холдож оддог юм. Ѳрѳѳл бусадтай ѳрсѳлдѳн илүү гарах гэж дэмий бүү оролд, тэртэй тэргүй бяд чинь хүрэлгүй бахардаж унадаг юм. "Жаргалаа" гээд бусдад бардамнаж гайхуулаад байлгүй, "зовлоо" гээд бусдад тунирхаж гомдоод байлгүй ѳѳрийн ачаагаа ѳѳрѳѳ л үүрч явах хэрэгтэй болдог идэр нас. Ачаа болгон нь амьдралд үүртэхгүй тэнхэл болж, алдаа болгон нь ахиж давтахгүй ухаарал болдог идэр нас чинь эргэж ирэхгүй. Нэг л мэдэхэд шувуудын далавчин дээр нисч холддог цаг хугацааны урсгалд ѳѳрийгѳѳ л эрж ол, байгаагаараа л бай.
Үсээ цайтал энэ амьдралын салхинд туугдаж, зүсээ гундтал энэ амьдралын хатуу зѳѳлнийг элээсэн ѳтѳл нас эргэж ирдэггүй юм, ѳѳрийнхѳѳрѳѳ бай. Ѳнгѳрүүлсэн амьдралынхаа зовлон жаргалыг бусдад бүү түгээ, тэд заавал тан шиг байх албагүй. Хүн болгон ѳѳр ѳѳрийн тавилан, хувь заяатай. Зѳвхѳн ѳѳрийнхѳѳрѳѳ байлгах гэж бусдыг бүү зовоо, тэд тэртэй тэргүй ойлгохгүй. Ѳнгѳрүүлсэн амьдралын алдаандаа бүү харамсаж гунигла, тэглээ ч эргэж буцахгүй. Нэг л зүйлийг, "Энэ хорвоод нүцгэн ирсэн бид нүцгэн буцна" гэдгийг бусдад ойлгуулах гэж хичээ, тэд нэгэн цагт ухаарч магадгүй.
Хэн нэгний ѳмнѳѳс бүү зовж шанал аа, тэд ѳѳрчлѳгдѳхгүй. Туулсан амьдралаасаа олж авсан ухаарал, дурсамж тань эргэж ирэхгүй. Бусдад тус болж чадвал чадаад, эс чадвал ѳѳрийнхѳѳрѳѳ амьдар, байгаагаараа л бай.
Энэ ертѳнцийг чи ѳѳрчилж чадахгүйгээс хойш БАЙГААГААРАА Л БАЙ. Ѳнгѳрсѳн цаг хугацаа эргэж ирдэггүй болохоор зѳвхѳн урагшаа л ЗҮТГЭЖ АМЬДАР. Чадвал ѳѳрийгѳѳ таньж бусдад тус болохыг хичээ, чадахгүй бол бусдад гай бололгүй ѲѲРИЙНХѲѲРѲѲ АМЬДАР. Тэгээд л гүйцээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах