Баруун талдаа жолооны хүрдтэй машиныг хориглох төслийг дэмжлээ
УИХ-ын чуулганы өнгөрөгч баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын дөрөвдүгээр сарын 23-нд өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж гишүүдийн 57.5 хувийн саналаар дэмжигдсэн юм.
Хуулийн төсөлд сайнтай, муутай олон зохицуулалт байгааг хэлэлцүүлгийн үеэр гишүүд хэлж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Батнасан “Энэ хууль 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Энд ард түмний ихээр хэрэглэдэг приусыг хориглож байгаа. Ард түмэн приусээ унахгүй бол зөв талдаа рүлтэй /зүүн талдаа/ БНСУ-ын “Sonata” аваад унах боломж байгаа юу.
УИХ-ын гишүүд ард түмний унаа приусийг хориглож, 2021 оноос зориулалтын машиныг оруулж ирээд унах эсэх асуудлыг шийднэ биз. Би бол баруун талдаа жолооны хүрдтэй машиныг хориглохын эсрэг байгаа. Ард түминий нөхцөл байдал амьдралын түвшин тийм машин унах дайны байна уу үгүй юу гэдгийг ярих хэрэгтэй. Олон улсын зөвлөхүүд зөвлөж байгаа нь үнэн. Зөрчил, осол гарч байгаа нь ч үнэн. Гэхдээ хөрсөн дээрээ амьдрал ямар байгааг бодох хэрэгтэй” гэсэн юм.
Судалгаагаар 2018 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсад 970,880 тээврийн хэрэгсэл байгааг бүртгэжээ. Үүний жолооны хүрдний байрлалаар авч үзвэл улсын хэмжээнд 53.2 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй гэсэн судалгаа гарчээ. Харин нийслэлийн хэмжээнд 61.2 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй машин байдаг аж. Үүнээс гадна зам тээврийн осолд өртөж байгаа автомашины 72 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байдаг гэсэн судалгаа гарчээ.
Хэрвээ уг хуулийн 26.8.2 заасан Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийн хориглох гэсэн заалт хэрэгжиж эхлэх юм бол 2021 оноос баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг импортоор оруулж ирэхийг бүрэн хориглож байгаа юм. Үүнээс үүдэж Япон машин импортолдог аж ахуйн нэг, иргэд болоод баруун талдаа жолооны хүрдтэй машин эзэмшигчдийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байгааг зарим иргэд шүүмжилж байгаа юм.
Ямартай ч хууль санаачлагчдын зүгээс дараах зүйлийг үндэслэж дээрх хуулийн заалтыг оруулжээ. Үүнд, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна” гэж заасан. Монгол Улсад ашиглагдах автотээврийн хэрэгсэл, авто зам, замын байгууламжуудын инженерийн шийдэл, замын хөдөлгөөний аюулгүй байдлын үзүүлэлтийн тооцоог болон замын хөдөлгөөн зохион байгуулалтын болон тээврийн хэрэгслийн ашиглалттай холбоотой хууль, дүрэм, журам, стандартуудыг боловсруулахдаа зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн үзүүлэлтээр тооцож боловсруулжээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад замын үзэгдэх орчин чухал үүрэгтэй бөгөөд манай орны хувьд баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслээр гүйцэж түрүүлэх, тойрон гарах үйлдэл хийхэд харах талбайг 20-70 градусаар багасгахаас гадна баруун гар тийш эргэх үед жолооч талын баганад явган зорчигч харагдахгүй байдлаас үүдсэн осол гарахад нөлөөлдөг. 2016 онд зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо 488 байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад нас барсан хүний тоо 59-өөр өссөн үзүүлэлттэй байна.
Монгол Улсад 2009-2015 онд гарсан зам, тээврийн ослын судалгаанаас харахад 2011 онд 15909-өөс 8210 нь буюу 51,6 хувь нь, 2012 онд 12920-иос 7653 нь буюу 59,2 хувь, 2013 онд 14662-оос 7296 нь буюу 49,8 хувь, 2014 онд 11630-аас 6862 нь буюу 59 хувь, 2015 онд 41064-өөс 26445 нь буюу 64,4 хувь нь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл осолд орсон байна” гэжээ.
Ямартай ч монголчуудын өргөн хэрэглэх болсон баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хориглох уу эсвэл өөр зохицуулалт хийх үү гэдэг нь төрийн түшээд тэр дундаа эрх баригчдын шийдвэрээс шалтгаалахаар болж байна.
Р.Хишигээ
Эх сурвалж: 24tsag.mn