Б.Гангаамаа, Ч.Ариунзулын хамт Хойд Америкийн ноён оргилд гарлаа
Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа, Ч.Ариунзулын хамт Хойд Америк тивийн Денали /6144/ уулын оргилд тавдугаар сарын 29-нд өдөр амжилттай авирсан байна.
Энэ удаагийн авиралтын онцлог нь Монголын хоёр уулчин хамтдаа авирсан амжилтыг үзүүлжээ. “Хайрхан аялагч” клубын үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер Ч.Ариунзул Монгол орны өндөр уулсаас гадна 2014 онд Европ тивийн ноён оргил Кавказийн нурууны Эльбрусийн 5642 м өндөртэй баруун оргилд, 5621 м өндөртэй зүүн оргилд клубын гишүүдийн хамт гарч байжээ.
Мөн 2013 онд Африк тивийн ноён оргил Климинжора /5895 м /, 2015 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/, 2018 онд Дэлхийн дээвэр Эверест хайрханы үндсэн отог 5364 метр руу 10 хоногийн 200 гаруй км-ын явган аялал хийсэн туршлагатай уулчин юм.
Уулчин Ч.Ариунзул энэ удаа дэлхийн тивүүдийн бүх ноён оргилд эх орныхоо далбааг мандуулсан гавьяат тамирчин Б.Гангаамаагийн хамт Хойд Америк тивийн ноён оргил Денали /6144/-д амжилттай авирсан байна.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг