Хар дарсан зүүдний шѳнийн тарчлаанаасаа салж гэнэт нэг их баяр хѳѳр рүү умбах мэт тийм нэгэн сонин мэдрэмж намайг баярлуулна. Ажилдаа улайран махрахад духнаас минь борооны дуслууд адил урсах хѳлс нарны гэрэлд солонгорон гэрэлтэх шиг тийм нэгэн мэдрэмж миний сэтгэлд баяр хѳѳрийг бялхуулах аж.
Би амьд байгаадаа бас юуг ч юм бүтээж байгаадаа, “Бүтээлийг минь хэн нэгэн баярлан талархаж хүлээж авна шүү дээ?” гэх бодол миний сэтгэлийг хѳгжѳѳнѳ. Би ѳѳрѳѳ ч мэдэлгүй амандаа дуу аялж, бүтээл дээр минь дуслах хѳлсѳѳ ч гараараа арчих завгүй хѳдѳлмѳрлѳнѳ. Миний гарын хѳдѳлгѳѳнѳѳр бүтэж байгаа бүтээл болгон нь миний, бас бусдын сэтгэлийг баясгаж баярлуулна гэдэг юутай сайхан.
Миний бүтээлийг худалдаж авахдаа надад тѳлж буй мѳнгѳ болгонд миний сэтгэлийн шим хѳлс болон шингэж тэр л дэвсгэрт дээр дусна. Миний сэтгэлийн хѳлс дуссан тэр л мѳнгийг би гартаа аяархан илбэж тэнийлгэнэ. Тэр мѳнгѳѳр би ѳѳртѳѳ хүссэн бүхнээ худалдаж авахдаа баярладаг. “Яагаад вэ гэвэл?” би ѳѳрийн хѳдѳлмѳр зүтгэлээ шингээж байж энэ мѳнгийг ѳѳртѳѳ авсан болохоор…
Тэр бол миний сэтгэл зүтгэлийн үнэлэмж. Би хэнийг ч хуурч мэхлээгүй, би хэнд ч авилгал ѳгѳѳгүй, би хэнээс ч хулгай хийгээгүй болохоор энэ мѳнгѳ миний хувьд үнэт баялаг. Би тэр мѳнгѳѳр бусдын бүтээсэн баялгаас ѳѳртѳѳ хэрэгтэй зүйлээ л худалдаж авдаг. Мѳнгѳ бол шударга хѳдѳлмѳрийн солилцоо. Хүн ѳѳрийн ѳчүүхэн хэрэгцээгээ хангахад тийм ч их мѳнгѳ хэрэггүй л дээ. Гэхдээ ѳѳрийн хэрэгцээнээсээ илүү гаргаж бусдын сайн сайханд зориулан тэднийг баярлуулсан мѳнгѳ болгон дэндүү үнэ цэнэтэй. Яагаад гээч? Надаас дорой, надаас хэцүү нѳхцѳлд амьдарч байгаа тэр л хүмүүст миний тусламж дэмжлэг үргэлж хэрэг болдог болохоор. Тэд миний зүгээс ѳгч буй ѳчүүхэн боломж болгоныг, амьдралын хүчтэй урсгалд живэхдээ тааралдсан ганц мѳчрѳѳс нь атган ѳѳрийн сүүлийн хүч боломжоо шавхан байж амьдрах хүслийг тѳрүүлдэг шиг талархан хүлээж авдаг юм. Заавал түүнийг харах албагүй л дээ, гэхдээ тэгж бодож тѳсѳѳлѳх гоё.
Хэн нэгний халаасанд байгаа мѳнгийг хулгайлж авах шиг там үгүй. Тийм мѳнгийг огт тоомжиргүйгээр үрж дуусгахдаа ердѳѳ ч харамсдаггүй нь тэр мѳнгѳн дээр ѳѳрийнх нь хѳлс дуслаагүй учраас… Ѳѳрийнх нь сэтгэл зүтгэл шингэсэн хѳлс нь дусаагүй мѳнгийг хулгайлж завшсан хэн боловч зорилгогүйгээр үрэхдээ харамсдаггүй. Таны эргэн тойронд байгаа материаллаг хэрэглээгээрээ таны шуналыг хѳдѳлгѳх гэсэн тэнэглэл, огтоос зохиогүй гоёл, хэрэглээний хэмжээнээсээ давсан ядуухан сэтгэлгээтэй тансаглал бүхэн хулгайлж завшсан хүмүүсийн үйлдэл. Тэд хулгайлж завшсан бүхнээ таны ѳмнѳ илчилж, ѳѳрийгѳѳ гутааж байгаагийн хэлбэр. Юу гээч? Ѳѳрѳѳ хѳдѳлмѳрлѳж, ѳѳрийн хѳлсѳѳ дусаан байж олсон мѳнгѳѳ эзэн нь хэзээ ч дэмий зүйлд зарцуулдаггүй юм. Тэр хүн ѳѳрийнх нь хѳлс дуссан мѳнгѳ бүрийн үнэ цэнийг дэндүү сайн мэддэг болохоор… Тэр хэрээрээ бусдын хѳдѳлмѳр зүтгэлийг үнэлдэг болж тѳлѳвшдѳг, тийм болоод л тэд “бохир мѳнгѳ”-ийг үзэн ядаж, түүнээс татгалзаж чаддаг юм даа.