Төрийн далбааг хагас бөхийлгөхийг Дональд Трамп үүрэг болгожээ
Виржини-Бич хотод үл таних этгээд гал нээсний улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн төрийн далбаагаа хагас бөхийлгөхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүрэг болгожээ.
Цагаан ордон, засаг захиргааны байрууд, цэргийн бааз, хилийн чанадад болон дипломат төлөөлөгчийн газруудад төрийн далбааг энэ сарын 4-н хүртэл хагас бөхийлгөх аж.
Виржини-Бич хотод үл таних этгээд гал нээсний улмаас 12 хүн амиа алдаж, 4 хүн шархадсан юм. Хотын эрх баригчдын мэдэгдсэнээр, шархадсан 3 хүний биеийн байдал тун хүнд байгаа гэнэ.
“Wall Street Journal” сонины мэдээлснээр, гал нээсэн этгээдийг Деуэйн Крэддок гэдэг байсан бөгөөд сүүлийн долоо хоногуудад тэрбээр их хэмжээний галт зэвсэг худалдан авсан байжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ