Үндсэн хуулийн цэц Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоолыг хүчингүйд тооцлоо
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн УИХ-ын 49 дүгээр тогтоол болон УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 22 дугаар тогтоолууд нь Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн эсэхийг 5-р сарын 27-нд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь өөрийнх хүсэлтийн дагуу чөлөөлсөн 49 дүгээр тогтоолыг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн байна. Харин Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлосон 22 тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ.
Холбогдох хуулийн дагуу Үндсэн хуулийн цэц шийдвэрээ УИХ-д хүргүүлж, ажлын 15 хоногт багтаан хүлээж авах эсэх шийдвэрийг нь баталгаажуулах юм байна. Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр энэ талаар мэдээлэхдээ “Сонгуулийн хуулийг сайжруулах, цаашид маргаан үүсэхгүй байх нөхцөлийг бий болгох зайлшгүй шаардлагатай байгаа учраас нөхөн сонгуулийг явуулахын тулд сонгуулийн зардлыг улсын төсөвт суулгах шаардлагатай гэж үзэж, шийдвэрээ гаргалаа" гэв. Мөн нөхөн сонгууль явуулах зардлыг Улсын төсөвт суулгана гэсэн Сонгуулийн хуулийн заалтыг зөрчиж, нөөц сангаас гаргасан 23 дугаар тогтоол мөн Үндсэн хууль зөрчлөө гэх шийдвэр гаргасан байна. Ингэснээр Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хүртэл нөхөн сонгууль болохгүй байж магадгүй юм байна.