Бүсгүй хүнийг гомдоочихоод
Бүтэн жаргана гэж бүү горьдоорой
Бүлээн сэтгэлийг нь эмтэлчихээд
Бүхнээр хангасан гэж бүү эрдээрэй!
Бүрэлваа биеийг нь эдэлчихээд
Бүлтгэнүүлж түүний бүү зэмлээрэй
Бүхий л хайрыг нь хүртчихээд
Бүргэд мэт түүнийг бүү сэмлээрэй!
Бүүвэйн дуу аялуулчихаад
Бүдчүүлж түүнийг бүү зүдрээгээрэй
Бүл галд нь ураг тэлчихээд
Бүрэлгэж амьдралыг нь бүү үрээрэй!
Бундан зүрхийг нь хулгайлчихаад
Бусадтай зугаацаж бүү давраарай
Булбарай царайг нь гундаачихаад
Бусадтай харьцуулж бүү тохуурхаарай!
Бухимдуулж түүнийг зовоочихоод
Бурхан шиг аашилна гэж бүү сэтгээрэй
Бузар булайг үйлдчихээд
Буянтан шиг аархаж бүү тэнэглээрэй!
Бодол сэтгэлд нь эзэн суучихаад
Болчимгүй үгээр бүү элээгээрэй
Ботгон нүдэнд нь гуниг хуруулчихаад
Боомилж түүнийг бүү дэвслээрэй!
Болзож гүйхдээ дэлхийг амлачихаад
Боол мэт зарж бүү дээрэлхээрэй
Болно бүтнэ гэж урхидан найрчихаад
Бохь шиг түүнийг бүү хаяарай!
Байхгүй гэж нааш ярвайчихаад
Баян загнаж бүү дөвчигнөөрэй
Байгаадаа ханахгүй цааш жороолчихоод
Баатар царайлж бүү жүжиглээрэй!
Баруун солгойгүй түүнийг хуурчихаад
Баригдахгүй явна гэж бүү санаарай
Басаж түүнийг баахан доромжилчихоод
Бараагаар хуурна гэж бүү санаарай!
Эрийн дайтай түшчихээд
Энэ биеэ өмөөрөөрэй та нар
Эхэсийн дайтай гийгүүлчихээд
Элдвийн зугаагаа хөөгөөрэй та нар!
Эцгийн жудагтай загначихаад
Эрх дархаа тогтоогоорой та нар
Элэнцийнхээ дайнд хүрчихээд
Эхнэр хүүхдүүдээр тоглоорой та нар!
Б. Эрдэнэтуяа