Хууль зөрчиж ойн санд газар олгосноос байгаль орчин сүйдэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрийн дөрөвний нэг буюу 116.2 мянган га газрыг ойн санд хамааруулж буй. Үүний 82.6 га талбай ой модоор бүрхэгдсэн байдаг. Хэдийгээр нутаг дэвсгэрийн хувьд нийслэлд хамаатай боловч тусгай хамгаалалттай газар нутаг гэдгээрээ Богдхан уул, Горхи тэрэлжийн сав газрын ой мод нийслэлийн ногоон бүсэд харяалагддаггүй. Тэгэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн ой мод нийслэлийн мэдлийнх юм. Өөрөөр хэлбэл, нийслэлийг тойрсон зуслангийн эргэн тойрны ой мод нийслэлийн өмч гэсэн үг. Гэвч нийслэлийн өмчийг хууль зөрчин үрэн таран хийж байгааг бид зүгээр харсаар сууна. Мод огтолж, самар жимс түүх зорилгоор сүйтгэж буй олиггүй олон тохиолыг үл нуршин, ойг сүйтгэж буй тодорхой жишээг энд өгүүлье.
Анзаарч үзээгүй, анхааруулга гаргаагүй орхисон энэ сэдэв бол ойн бүсэд зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлж, сүйтгэх боломж олгож буй явдал. Үүний гол буруутан нь дүүргийн Засаг дарга, газрын албаны эрх бүхий албан тушаалтнууд гээд шууд хэлчихье. Мөн өөрийн өчүүхэн тав тухыг бодож байгаль сүйтгэж буй иргэдийн нөлөөлөл их байгааг дурдах нь зүйн хэрэг. Зуслан тийш хараа бэлчээвэл ойн гүнд том байшин сүндэрлүүлж, ойр орчмын мод бутыг сүйтгэсэн дүр зураг хаа сайгүй бий. Энэ нь байгаль хамгаалах тухай хуулиудыг ноцтой зөрчсөн төдийгүй ойн тухай хуулийг уландаа гишгэсний тод илрэл юм. Ойн тухай хуулийн 4.4.2-т “Сум, дүүргийн ИТХ, баг, хорооны иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэн ойн сангийн тодорхой хэсгийг тогтоосон хугацаа, нөхцөл, болзолтойгоор гэрээний дагуу ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болно” гэж заасан. Тэнд ойн сангаас иргэдэд зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэх заалт огт байхгүй. Харин ч ойн сан, хамгаалах бүсээс 100 метр зайтай газар эзэмшүүлэх тухай тодорхой заагаад өгчихсөн байна. Энэ нь ойг тэлэн ургах нөхцөлийг бий болгохоор хуульд тусгайлан оруулсан чухал заалт. Ийм илэрхий хуулийн заалтуудыг зөрчиж, ой дотор газар олголт хийж байгаа дүүргүүдийн газрын албаныхныг юу гэж тодорхойлох вэ. Ядахдаа тэд эзэмших зөвшөөрөл олгохын өмнө тухайн газрыг кадастрын зургийн дагуу байгаа эсэхийг нягталж, газар дээр нь очиж тулгах ёстой. Тэр тулгалт, шалгалтаар ойн бүсийн хил хязгаарыг давсан эсэх нь ч тодорхой болох байв. Гэтэл наад захын өөрсдийн үүрэгт заасан ажлаа хийдэггүйгээс уулын орой хүртэл модон дунд газар олгосоор нийслэл орчмын ойд зуслангийн зориулалтаар газар эзэмшиж буй иргэн, аж ахуй нэгж олон мянгаар хэмжигдэх болжээ. Нөгөөтэйгүүр, газрын зөвшөөрлийг хэдэн арван хуудсаар нь захирамжилдаг дүүргийн “засаг ноёд”-ын ой тойнд ойн талаарх мэдлэг, мэдээлэл огт алга. Хэрэв ойлголттой, хуулийн мэдлэгтэйсэн бол ойн санд газар олгоход гарын үсэг зураад суухгүй байсан биз ээ.
Хууль зөрчсөн энэ үйлдэлд хувийн ашиг сонирхол байгааг АТГ шалгачихад илүүдэхгүй
Өнөөдрийн байдлаар Нийслэлийн байгаль орчны газарт ойн бүсэд хууль зөрчиж газар олгосон 10 мянга гаруй зөрчил бүртгэлтэй байна. Нийслэлийн байгаль орчны газраас энэ талаар лавлахад ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин “Ойн санд газар эзэмшсэн иргэд мод, бут, сөөгийг огтолж байгаль орчныг сүйтгэж байгаа тохиолдол их бий. Бид ойн тухай хууль зөрчиж олгосон 10 мянга орчим газрын эзэмших эрхийг цуцлуулахаар холбогдох шатны Засаг дарга, газрын албанд шаардлага, хүсэлт хүргүүлсээр байгаа. Ойн санд хууль зөрчиж зуслангийн газар олгосныг судлах, зөрчлийг арилгуулах тусгай ажлын хэсэг ч байгуулсан. Тэндээс ойд газар олгосон дүүргийн Засаг дарга нарын захирамжуудыг цуцлах, газар олголтыг зогсоох тодорхой шийдвэрүүд гарна гэдэгт найдаж байна” хэмээсэн юм. Мөн тэрбээр Нийслэлийн байгаль орчны газар ойг хамгаалах үүргийнхээ хүрээнд ажиллаж буй ч нэгэнт төрийн захиргааны байгууллага нь зөвшөөрөөд, иргэд мөнгөө зарж үл хөдлөх хөрөнгө барьчихсан учраас зуслангийн газар эзэмшигчдийг буруутгах аргагүй байдалд орсон тухай учирлаж байв.
Байгал орчинд нөлөөлөх байдлын тухай хуулиар хэрвээ ойн сан бүхий газарт газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгох бол байгаль орчны дүгнэлтийг үндэслэн газрын зөвшөөрөл олгох ёстой. Гэвч хуулийн энэ заалт байгаль хамгаалагч, малчин, ойн ажил хийж буй нөхөрлөл, компани гэсэн цөөн хэдхэн тохиолдолд зориулсан заалт. Хэрэв дүүргийн газрын албаныхан хууль, журмаа мэдэж байсан бол эл заалтыг далимдуулж 10 мянга гаруй иргэн, аж ахуй нэгжид газар олгосон болж таарлаа. Ийм тохиолдолд тэд хуулийн дагуу дүгнэлт шаардаж газрын гэрчилгээ олгох үүргээ зориуд “мартсан” байна. Тиймээс ойн бүс дэх газар олголт цаашид ч нэмэгдэхээр байгаа юм. Ийм байдалд хүргэсэн нийслэл, дүүргийн газрын албаны ажилтнуудыг хариуцлагад татаж ойн санд учруулсан хохирлыг төлүүлэх учиртайг ч холбогдох албаныхан хэлж байсан. Зөвхөн хохирлыг төлүүлээд зогсохгүй хууль, журмыг үл тоомсорлон санаатайгаар газар олголт хийсэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага тооцох асуудал ч сөхөгдөхийг үгүйсгэхгүй. Хууль зөрчсөн шийдвэрийн ард ашиг сонирхлын зөрчил байсан эсэхийг нягтлахад ч буруудахгүй. Нийслэлийн байгаль орчны газар гэлтгүй АТГ-ын холбогдох албаныхан зуслангийн газар олголтын үйл ажиллагааг мөшгөн төрийн өмчийг сүйтгэх боломж олгосон буруутнаар байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ёстой. Хамгийн чухал нь дүүргийн Засаг дарга, газрын албаныхны мэдэн будилсан, хууль зөрчсөн үйлдлийг даруй таслах хэрэгтэй. ингэж байж ойн санг нэмэгдүүлэх боломж нээгдэнэ.
Эрх мэдэлтнүүд нь далимдуулж, иргэд нь сүйтгэж буй нийслэлийн ойн санг сэргээх гол ажил нөхөн сэргээлт, ойн цэвэрлэгээгээр хийгдэх учиртай. Нийслэлийн ойн санд цэвэрлэгээ хийх шаардлагатай их хэмжээний талбай бий. Зөвхөн Баянзүрх дүүрэгт гэхэд л 13.5 мянган га ойг цэвэрлэх шаардлага тулгараад буй. Нийслэлийн ойн санд цэвэрлэгээ хийх зориулалтаар хэрэглээний болон түлээний мод бэлтгэх хэмжээг БОАЖ-ын сайд жил бүр баталдаг. 2019 оны хувьд дөрвөн дүүргийн ойн 405 га-д цэвэрлэгээ хийж, 8900 шоо метр мод бэлтгэхээр болжээ. Үүнийг зөв зохион байгуулвал иргэдийн сүйтгэсэн ойг “орлуулах” боломж байгаа.
Мөн ойн санг тэлэх бас нэг ажил сайн дурын ойжуулах хөтөлбөр юм. Гаднын олон оронд иргэд, том компанийн санаачилгаар бий болсон ой олон бий. Ялангуяа Солонгос, Японд сайн дурын мод тарих хөдөлгөөн нийтийн ухамсар болж тогтсон. Манай улс энэ чиглэлд уриалга гаргаад, нийслэлийн удирдлагууд томоохон компаниудаа урамшуулаад эхэлбэл болохгүй зүйл үгүй. Одоогоор Нийслэлийн байгаль орчны газарт ойн санд хувь нэмрээ өргөх санаачилга гаргасан дотоодын ганцхан компани байна. Мөн БНСУ-ын Инчон хотоос санаачлан Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, хуучин хогийн цэг байсан 100 га газарт мод тарьж эхэлсэн. Гаднын улс, харь хотынхон хүртэл улаанбаатар хотын ойн санд санаа тавьж, сэтгэлээ зориулж байхад нийслэлчүүд “та нар сайныг бүтээ, бид нар сайхныг сөнөөнө” гэх мэт хандсаар байх нь арай л гутамшигтай.
Эх сурвалж: zgm.mn