АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-тай хийж байгаа худалдааны дайны хүрээнд тус улсаас импортолж буй олон тооны нэр бүхий бараа бүтээгдэхүүнд өндөр тариф тогтоосон билээ. Хэдийгээр хоёр тал шинэ хэлэлцээр хийхээр оролдож байгаа ч аль аль тал буулт хийх бодолгүй байгаа юм.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны тэнцвэрийг хэвийн болгох арга хэмжээгээ эрчимжүүллээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт гаргасан зарлигтаа “Huawei” болон БНХАУ-ын харилцаа холбооны “ZTE” компанийг АНУ-ын компаниудтай бизнес хийхийг хориглох "Хар жагсаалт"-д оруулжээ. Хоёр улс худалдааны хэлэлцээрт хүрэхийг зорьж байгаа энэ үед энэ нь БНХАУ-тай харилцааг хурцатгасан алхам боллоо гэж шинжээчид дүгнэж байгаа юм.
Энэхүү шийдвэрийн дараа АНУ-ын технологийн томоохон компани болох “Google” компани “Huawei”-д програм хангамжийн зарим үйлчилгээ хүргэхээ зогсоосон гэж мэдэгджээ. Өөрөөр хэлбэл “Huawei” компанийн ашиглаж буй "Android" үйлдлийн системийн эрхийг 90 хоногийн дараа цуцлахаар мэдэгдсэн бөгөөд одоо тус компанитай аливаа техник хангамж, програм хангамжийн бүтээгдэхүүнтэй холбогдсон бизнес хийхгүй юм байна.
Хориг гарснаар “Huawei”-ийн шинээр гаргах ухаалаг гар утаснууд БНХАУ-аас өөр газарт “Google Play Store”, “Gmail App” зэрэг аппликэйшнүүд ажиллахгүй болох юм.
“Google” компанийн төлөөлөгч энэхүү шийдвэр гарахаас өмнө худалдаалагдсан “Huawei”-ийн ухаалаг утаснууд дээрх утаснууд “Google Play Store”, “Gmail App” зэрэг аппликэйшнүүд ирээдүйд хэвийн ажиллах болно гэж мэдэгджээ.
Мөн тус компанид техник хангамжийн нийлүүлэлт хийдэг “Intel”, “Qualcomm”, “Xilinx” зэрэг чип үйлдвэрлэгчид эцсийн шийдвэр гарах хүртэл нийлүүлэлт хийхгүй гэж мэдэгджээ.
БНХАУ-ын хэмжээнд “Huawei” шиг том хэмжээний технологийн компанийн хэрэгцээг хангаж чадах чип үйлдвэрлэгч байхгүй учраас тус компанийн үйлдвэрлэлд томоохон доголдол үүсэх аюул тулгарчээ.
Өмнө нь ийм алхам хийж магадгүй гэсэн судлаачдын таамаг байсан аж. Учир нь “Huawei” компаниар дамжуулж БНХАУ-ын Засгийн газар бусад орнуудад тагнуулын үйл ажиллагаа явуулж байгаа гэж Дональд Трампын Засаг захиргаа үзэж байгаа юм.
Түүнчлэн “Huawei”-ийг хар жагсаалтдаа оруулсны дараахан АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авах шаардлагатай гэж БНХАУ-аас Европын Холбоонд суугаа Элчин сайд мэдэгдсэн байна. Тэрбээр Брюссельд ярилцлага өгөх үедээ “АНУ-ын үйлдлийг буруушааж, компаниудынхаа эрх ашгийг хамгаалахын тулд БНХАУ-ын Засгийн газар зүгээр суухгүй” гэж онцолсон байна.
“Huawei” компани АНУ-аас тоног, төхөөрөмж худалдан авахад жилд 7 тэрбум ам.доллар зарцуулдаг юм.