Монгол эмэгтэйчүүд хэтэрхий тэвчээртэй!
25 настай Монгол охин найз залуу нь зоддог гэж ярьж байхыг сонсоод яагаад салдаггүй юм бэ ? гэж асуухад эрэгтэй хүмүүс бүгд л зоддог юм чинь салаад яах юм. гэж байсан. Тэр охины эгч нь, найзууд нь бүгд л зодуулдаг гэнэ. Энэ үнэхээр харамсалтай бас хэцүү сонсогдож байсан.
Энэ ярианаас болоод хэдэн жилийн өмнөөс (гэрлэснээс хойш) надад анзаарагддаг болсон нэг зүйлийн талаар илүү боддог болж билээ. Монгол эмэгтэйчүүд ХЭТЭРХИЙ тэвчээртэй !!! Яагаад ?
ХЭТ ИХ ТЭВЧЭЭРт дараахи шалтгаанууд байх шиг
1. Хэтэрхий хайрлана !
Олон шөнө нойргүй хүүхэд хөхүүлж байж, нэг ээлжинд босоод хуурайлаадхаарай гэхгүй. Ажилтай юм чинь ядарна унт2 л гэнэ. Адилхан ажил хийж байж, сүүлдэж ирэх байсан ч хоол хийж байгаарай гэхгүй. Хурдан харьж хоол хийж өгөхгүй бол өлсөж байгаа байх гэнэ.
Нөхөр: өөрийг нь хайрлаж байна гэхээс илүүгээр, ийм л байх ёстой мэтээр ойлгоно !
2. Хэт их зүйлийг эхнэр хийх ёстой гэж бодно !
Хүүхэд харах, хоол хийх, гэр цэвэрлэх, хувцас угаах, нөхөр нь гэртээ тав тухтай байх орчин бүрдүүлэх г.м олон зүйлийг эхнэрийн хийх ёстой зүйл гээд л зүтгэчихнэ. Үүнээс болоод өөртөө зарцуулах цаггүй болчино. Бие сэтгэлээр ядрана.
Нөхөр хамт байгаа хэдий ч хичээл зүтгэлийг нь анзаарахгүй !
3. Өөрийнхөө хил хязгаар, орон зай, үнэт зүйлээ сайн илэрхийлэхгүй ! Хүлцэнгүй.
Нөхөр нь өөрт нь таагүй, гомдмоор юм хэлж, хийж байсан ч баргын юмыг тэвчээд л өнгөрнө. Надад таагүй байна, надтай ингэж харьцаж болохгүй гэхгүй. Өөрөө хичнээн хичээж, өөрт нь хичнээн хэцүү байгаагаа тэр бүр хэлээд байхгүй. Бүр тэсэхгүй болтлоо тэвчинэ. Санал зөрсөн үед маргалдахгүйн тулд нөхрийн зөв болгоод л дуусгах хандлагатай.
Нөхөр бодно, ер нь л миний зөв байдаг ! Эхнэр буруу боддог, тиймээс миний үгийг сонсох нь зөв..
Энэ хэт их тэвчээр удаан үргэлжлэхээрээ “Үргэлж миний зөв, шийдвэрийг би гаргана. Эхнэр хүлцэнгүй байх ёстой. Эхнэр гэрийн бүх ажлыг хийх ёстой.” гэж боддог НӨХӨРийг бий болгоод байх шиг.
Тиймээс Монгол эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд “Эхнэр, найз охин та бас хүн шүү дээ. ХЭТЭРХИЙ тэвчих хэрэггүй. Өөрийгөө хайрлаж бас хамгаалах хэрэгтэй.”
Нөхөр, найз залууд хандаж хэлэхэд “Энэ их тэвчээрийг зөв ойлгоорой. Битгий давраарай. Эхнэр чинь, найз охин чинь бас хүн шүү дээ. ”
Бие биенээ ойлгож, хүндэлж, сэтгэлээрээ ойр байхад чухал зүйлийн нэг нь харилцан яриа гэж боддог. Ялангуяа асуудал гарсан үед сайн ярилцаж ойлголцоод байвал цаг өнгөрөх тусам үл ойлгоцол багасаад байх шиг санагддаг.
Амана.Б