Зэвсгийн шинжээчид...
Химийн зэвсгийн конвенцийг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй олон улсын зэвсгийн шинжээчид бид тухайн төр улсын хамгийн нууц онц чухал объект дээр ажиллаж нууц материалтай харьцаж тусгай томилолтоор явахдаа янзан бүрийн адал явдалтай учирч байдаг болохоор анх ажилд орохдоо ч арван жил болоод ажлаас гарахдаа ч насан туршдаа амаа жимийх үүрэгтэйгээр нууцлалын гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулдаг. Арабын орнуудад шинжээчдийн машин руу автоматаар шүрших, танк эсэргүүцэх пуужингаар харвах, минэд дэлбэрэх, барьцаанд орох зэрэг асуудлууд гардаг ч тэр болгоныг байгууллагын нууц нэрээр хав дараад л өнгөрнө.
Тэгэхдээ шинжээчид тэрбум төгрөгний ханштай тэсрэлт дэлбэрэлтэнд тэсвэртэй хуягласан ЛАНД-ууд /нүүр зураг дээр/ хөлөглөхөөс эхлээд аюулгүй байдлыг сайтар хангадаг болохоор амь настай холбоотой асуудал аль болохоор алсуур өнгөрсөн нь шинжээчид бидний энхийн төлөөх ариун үйлс Бурханы авралтай холбоотой бизээ. Албан үүргээ гүйцэтгэж яваад алд бие минь чад хийвээс амь даатгалын нөхөн олговор гээд ар гэрт сая ногоон өгөөд ч яах юм билээ, харин амьд мэнд ар гэрийн бараа харах шиг сайхан мөч баяр хөөр нөхөн сэргээлт гэж шинжээчид бидэнд үгүй.
Хасах нэмэх дөчин хэмд химийн зэвсгийн өндөр эрсдэл гоц хортой объектод хэдэн давхар хамгаалах хувцас тоноглолтой ажиллахдаа заавал хоёроос доошгүй шинжээч багаараа ордог нь нэг нь ухаан алдаж унаж тусвал нөгөө нь чирч гаргах үүрэгтэйнх. Ялангуяа зэвсэг устгах объект дээр шинжээчид өдөр шөнөгүй баяр амралтгүй 24 цагаар хоёр ээлжээр хоногт бид 12 цаг ажилладаг нь зэвсэг устгах технологийн дамжлага нь сар жилээр тасралтгүй эргэлдэж байдагтай холбоотой.
Зэвсэг устгах үндсэн технологи нь химийн зэвсэг бөмбөг сум пуужин доторх химийн хорт бодисийг нь соруулж аваад өөр химийн бодисоор саармагжуулж үлдсэн хортой их биеийг нь мянган градусын зууханд шатаагаад гаргаж ирээд гагнуураар тасдаж төмрийн хаягдал болгосноор химийн зэвсгийн данснаас хасагддаг. Өөр нэг технологи нь дэлбэлэх арга бөгөөд энэ нь асар зузаан ган ханатай, 200 атмосфер даралтыг ч тэсэх чадвартай автомат угаалгын машин шиг хэлбэртэй том төхөөрөмжинд химийн зэвсгийг хийгээд амыг нь таглаад дотор нь дэлбэлдэг. Дараа нь саармагжуулах химийн бодис хийгээд дэлбэрсэн сум, бөмбөгний хэлтэрхийг химийн бодисуудынх нь хамт угаалгын машин шиг 24 цагаар эргэлдүүлсээр хоргүй болгон устгадаг.
Иймэрхүү нөхцөлд миний тухайд л гэхэд нийтдээ 2200 хоног тусгай томилолтоор ажилласан бөгөөд 2005 онд зэвсгийн шинжээчээр анх ороход дэлхийн химийн зэвсгийн арван хувийг устгаад байсан бол 2016 он гэхэд 95 хувийг устгаж дууссан нь арав гаран жилийн хугацаанд аюулт химийн зэвсгийн үндсэн нөөцийг шинжээчдийн хяналт дор үгүй хийжээ. Тухайлбал, зэвсгийн шинжээчид бид Герман Бельги Итали Англи Францын дэлхийн 1-р дайнаас үүдэлтэй хуучин химийн зэвсэг, Албани Энэтхэг Сири Ливи Иракийн химийн зэвсэг, ОХУ-ын Саратов мужийн Горный, Удмурт мужийн Кизнер, Камбарка, Пенз мужийн Леонидовка, Киров мужийн Мардыковский, Брянск мужийн Почеп, Курган мужийн Щучье дахь химийн зэвсэг, АНУ-ын Мэрилэнд мужийн Абердийн, Алабама мужийн Аннистон, Орегон мужийн Юматилла, Юта мужийн Туэле, Арканзас мужийн Пайнблаф, Колорадо мужийн Пуэбло, Кентаки мужийн Блю грасс дахь химийн зэвсгийг бүрэн хяналтандаа авч устгаж дуусгаад байна.
Цаашид Химийн зэвсгийг хориглох конвенцид нэгдээгүй байгаа Израиль, Египет, Хойд Солонгосыг эгнээндээ нэгтгэн болзошгүй химийн зэвсгийг нь хураан устгах, Хятадын нутаг дэвсгэр дээр орхигдсон Японы квантуны армийн хаягдсан химийн зэвсгийг устгаж дуусах, энгийн химийн үйлдвэрүүдийг тогтмол хянан шалгах, гишүүн орнуудаас аль нэг гишүүн улсын эсрэг гомдол санал хүсэлт гаргасан бол уг улсыг шалгах, гишүүн орнуудад хэн нэг этгээд химийн зэвсэг хэрэглэсэн үед очиж шалгах туслах зэрэг үндсэн үүргийг зэвсгийн шинжээчид гүйцэтгэх болно.
Монгол Улс Химийн зэвсгийг хориглох конвенцид 1995 онд нэгдэн орсон ба конвенцийг хэрэгжүүлэх үүргээ БХЯ, Зэвсэгт хүчний Жанжин штабын Химийн цэргийн хэлтэс толгойлон холбогдох яам агентлаг хоорондын Ажлын албаны хэлбэрээр гүйцэтгэж байна. Монгол Улсаа төлөөлөн Гаагад олон улсын химийн зэвсгийн мэргэжлийн шинжээчээр генерал Монтойн Хүрлээ 1997 оноос, хурандаа Загдын Нармандах 2003 оноос, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт 2005 оноос монгол зэвсгийн шинжээчдийнхээ залгамж халааг хадгалан тасралтгүй хориод жил, мөн бидэнтэй хамт манай ГХЯ-ны нэрт дипломатч Догсомын Ганбаатар төлөвлөлтийн офицероор 1998-2008 онд тасралтгүй арван жил ажилласан юм.
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт