Такси баригч...
Урд шөнө үнэхээр чанга хоносон бололтой. Чанга гэдэг нь хүйтэн гэсэн үг л дээ. Энэ жилийн өвөл миний санах бусад жилүүдийн өвлөөс илүүтэй хүйтэн эхэлж байгаа юм. Уг нь бол хонь мал, хашаа хороо, худаг ус гэхгүй хот газрын бидэнд өвлийн хүйтэн, зуны бороо, хаврын хавсрага нэг их хамаагүй мэт. Гэхдээ надад бол хамаараад байгаа юмаа. Яагаад гэвэл би нэг хуучивтар тэрэгтэй. Түүгээрээ халтуур хийдэг ухаантай. Жаахан давруулбал таксины үйлчилгээ гэх үү дээ. Манай такси бааз нь нэг машинтай, нэг жолоочтой, нэг засварчинтай. Тэр нь би. Харин өөр нэг даргатай. Тэр нь манай эхнэр. За нэг иймэрхүү төсөрхөн байгууллага даа. Хааяахан, сэтгэл хөдлөл нааштай үедээ би ингэж хошигнодог юм. үнэндээ бол манай өнөөгийн нийгэмд олон гэр бүл иймэрхүү маягаар амьдарч байгаа. Тэдний нэг нь манайх.
Гэрээсээ аажуу уужуухан гарсан хүн чинь нэг их холгүйхэн байх дулаан граж руу чихээ ойр ойрхон даран, гүйх шогшихын завсар очив. Хүйтний эрч, тэр тусмаа өглөө үүр цайхаас өмнөх үнэгэн харанхуйн жавар тачигнаж байгаа нь энэ аж. Гражны хаалгыг чадлаараа балбавал нилээд удсаны эцэст манаач залуу хаалгаа нээхэд хаалганы завсраар саагих ууран дунд зогсох түүний өрвийсөн үснээс нь хүртэл халуу дүүгэн байх шиг. Тэр сэрсэн эсэхдээ итгэхгүй байгаа бололтой хир шигсэн хумстай гараараа хоёр нүдээ ээлжлэн нухлана. Би тэрүүхэн хооронд хөлдөж үхэх гэж байгаагаа мэдэхгүй зүүд зэрэглээ шиг харагдах түүнийг бас шоолон жуумагнав. Тэр залууг хэлэлтгүй би ч гэсэн нойрондоо харам л даа. Гражнаас бензин тосны юмуудаа, нэг тийм техникийн гэмээр үнэр ханх тавина. Гэхдээ энэ үнэрт би аль хэдийн дасаад бүр эергүү санагдах болчихож дээ. Манаач залуу маань гэнэт нэг юм санав бололтой шалавхан хөдөлж, том хаалгыг нээлээ. Бодвол намайг хурдхан шиг гаргах гэж яарсан байх.
Гаднаас өглөөний тас хийсэн жавар хуйрагнаж гогцоорон орж ирэх нь гражны жижигхэн ёлтгор гэрэлд сүртэйеэ харагдана. Угаас өглөө эртлэн гардаг байсан болохоор миний тэрэг үүдэнд шахуу байсан хэрэг. Би ч гэсэндээ тэр залууг умгар өрөөнийхөө богинохон ханзан дээр хэсэгхэн ч болов хэвтээд аваг гэсэндээ тэргээ асаан хурдхан шиг гарлаа. Дулаан гражны давуу тал энэнд л байгаа юм даа. Хөөрхий, гадаа хоносон машинуудыг асаах гэж хүчлэхэд ёолох мэт ёнгинохыг хараад яагаад ч юм шээсээ савиртал чихдүүлсэн унага сарваа санаанд ороод байдаг юм. Өрөвдмөөр шүү.
Ингээд гражнаас нэг л гарлаа бол миний баяр хөөртэй эсвэл уйтгар гунигтай нэгэн өдөр эхэлдэг юм даа. Тэрэг чарга гайгүй, орлого дажгүйвтэр бол тэр өдөр сэтгэл тэнүүн, зовхи өөдөө. Харин хүн хар багахан олдоод, тоолдог хэд нь шалихгүй бол цаагуураа гундуу. За тэгээд машин эвдэрвэл ч бүүр нормойж гүйцдэг гэж байгаа. Ялангуяа өвлийн хүйтэнд машинаа түрэх шиг гуниг ер нь байдаг болов уу. За, за тийм өдөр л битгий болоосой.
Би ч сурснаараа төмөр замын буудал руу энэ өдрийн хамгийн эхний галт тэрэг тосохоор хөдөллөө. Угаасаа өдөр болгон л ингэж эхэлдэг юм. Вокзал дээр яваад иртэл заримыг нь зүс таних, заримыг нь огт хараагүй яг над шиг зорилготой нөхдүүд нааш цааш хөлхөлдөнө. Тэд цөмөөрөө л хүн тосож байгаа хэрнээ ер тэгээгүй мэт царайлах нь сонин. Удсан ч үгүй галт тэрэг ирлээ. Би ч ухсахийн бараг эхний гарч ирсэн хоёр хүнээс
- Такси авах уу? Хаа явах вэ? гэтэл
- Нэгдүгээр хороолол . . . гэж эрэгтэй нь хөндийвтөр дуугарлаа.
- За, за явъя, явъя. Ачаа бий юу?
- Байхгүй ээ гэх нь цаанаа нэг ихэмсэг. Энэ ч яахав. Хүн, хүн янз янз л байдаг юм чинь.
Нэгдүгээр хороолол учиргүй хол биш ч гэлээ нэг их ойрдоо орохгүй. Заримдаа өглөө хар үүрээр ирчихээд хоёрын хооронд газар явах тохиолдол ч байдаг л юм. Тэрийг бодвол яахав ээ боломжийн эхлэл. Халтуур хийдэг бидэнд үл биелэгдэх мөртөө гэнэн гэмээр нэгэн мөрөөдөл байдаг гэж байгаа. Нэг хүн суугаад л нисэх яваад л . . . тэндээс бас нэг хүн суугаад Амгалан гээд л . . . тэндээс бас нэг нөхөр суугаад Дамба явъя гээд л . . . байх юм гэнэ дээ. Даанч тийм юм гэж хаа байхав дээ. Гэхдээ л сайхан мөрөөдөл шүү.
Төдөлгүй үүр цайгаад эхэллээ. Харуй бүрий арилж, гэгээ ороход би их дуртай. Санаа дагаад тэр үү сэтгэл ч гэсэн хөнгөрөөд, бүх юм дахин эхэлж байх шиг санагддаг юм.
Удсан ч үгүй өнөө хоёрыг буулгаж, энэ өдрийн эхний орлогоо гар дээрээ авлаа. Цаанаа нэг сайхан л даа. Өглөөний жихүүдэс гараагүй болохоор тэр үү “Одоо л нэг халуун юм уучихдаг бол” гэсэн бодол тархинд эргэлдэнэ. Гэвч цайлж, майлж сүйд болж байхаар ганц ч болов хүн авчих юмсан гэхдээ нэгдүгээр хорооллыг бараг бүтэн тойрлоо. Уг нь нэг буудал бараадаад зогсож байвал бензин тосонд ч гамтай, зүгээр л дээ. Гэхдээ яагаад ч юм би тэгсэнгүй. Ингэж тойрч байгаад л нэг хүн авчих юм шиг санагдаад байв. Би алдаагүй бололтой. Замын хажууд хоёр хүн гараад ирчихсэн зогсоно. “Намайг яг зогсооно” гэсэн совин татаад байв. Такси барих гэж байгаа хүн андашгүй л дээ. Би бүр баярласандаа
- Тэгнээ тэр. Би мэдээд байсан юмаа гэж өөрийн мэдэлгүй амандаа хэлээд хэн нэгэнд өөрийгөө гайхуулах гэсэн мэт машин дотроо ганцаараа хэрнээ ийш тийш харан маасайтал инээлээ. Нэг нь нөгөөгөө түшисхийн зогсох нилээд биерхүү хөгшин залуу хоёр хүн рүү дөхөөд миний оргилсон сэтгэл унтрах шиг болов. Тэд согтуу харагдав. “Урд шөнөжингөө савсан хоёр байна даа” гэсэн бодол зурсхийлээ. Согтуу хүн зөөнө гэдэг ёстой там шүү дээ. Үглэнэ, дуулна, уйлна, орилно. Бас бөөлжинө. Зарим нь бүр мөнгөө өгөхгүй гэхдээ худлаа агсам тавина. Арай настайвтар нь хоёр хөл дээрээ нэг л итгэлгүй туниа муутайхан гишгэлэх агаад харваас түүнээс илт залуу харагдах нөгөөх нь түүнийг лавхан сугаджээ. Зөөлхөн гулссаар нэгэнт зогссон би яалтай билээ. Уначихгүйг хичээн бэдрэх тэднийг машиндаа ойртож буйг цанатай цонхны цаанаас хараад зэвүү, дургүй хүрэвч яаж ч чадсангүй. Тэгтэл залуу нь хаалга нээж
- Сайн уу? Ахаа. Та өнөөдөр хэр завтай вэ? гэх нь эв эрүүл ээ. Түүнээс архи үнэртсэнгүй. Харин ийм асуулт ирнэ чинээ бодоогүй байсан би юу гэхээ мэдэхгүй хэсэг ангалзсанаа
- Завтай бол яах гэсэн юм? гэж дургүйлхэж буйгаа мэдэгдэхгүйг хичээсэн ч цаанаа нэг хөндийвтөр дуугарлаа. Тэгтэл залуу
- Ингэх гэсэн юмаа ахаа гээд бодлоо цэгцлэх мэт үгээ хэсэг таслах зуур “Эд нар мөнгөгүй болчихсон золигнууд байна ш дээ. Надад яахаараа ийм хөгийн юмнууд таардаг байнаа” гэж бодож амжив. Залуу цааш нь
- Энэ манай аав байгаа юмаа. Тал цус харвалт өгчихсөн юм. Ухаан санаа нь бол эрүүл л дээ. Аав ээж хоёрыгоо Налайх явуулах гэсэн юм. Хэрвээ та зөвшөөрвөл эхлээд Москва хороолол орж эм аваад буцаж энд ирээд манай ээжийг суулгаад явах юм. Үнэ мөнгийг нь гомдоохгүй ээ. Гэхдээ арай км- ээр төлж чадахгүй нь. Тантай тохирчихмоор байх юм гэлээ
Ямартай ч гэсэн согтуу биш гэдгийг мэдээд тэрүү сэтгэл бага ч гэсэн хөнгөрөв.
- Чи тэгээд хэдийг өгөх юм?
- Танд би хорин мянгыг өгье гэлээ. Надад энэ бага санагдаж байв. Гэлээ гэхдээ энэ их түгжрээтэй зам дээр гэрлээс гэрлийн хооронд том жижиг автобусанд эсвэл баячуудын жийпэнд шахуулан өдөржингөө уур уцаараа баран явдаг надад учиргүй хол биш ч гэлээ бас ч гэж алсхан гарах нь орчин өөрчлөгдөөд зүгээр ч юм шиг санагдаж
- За яахав тэгье л дээ гэж хэлэхдээ “Хорь арай л бага байна даа” гэсэн харамслаа нууж чадсангүй. Тэгтэл залуу
- За, за би танд арван мянгыг нэмж өгнөө. Таныг үнээ нэмэх байх гэж бодоод би бага хэлсэн юм гэснээ цааш эргэж түрүүнээс хойш гадаа зогсоо эцгийгээ урд суудалд суулгачихаад, өөрөө суусангүй. Би бага зэрэг гайхаж
- Үгүй ээ чи . . .
- Зүгээрээ ахаа. Манай аав бүх юмаа мэднээ. Та санаа зоволтгүй. Манай аав чинь цэргийн хүн байсан гэсэндээ чанга эр шүү. Харин та яриаг нь муухан ойлгох байх. Гэхдээ яваандаа ойлгогдоноо. Би ажилтай яараад байна гээд нүдээ ирэмчихээд эргээд алхчихав.
“За байз яадаг билээ. Энэ хүн одоо яаж балладаг бол. Буруу зөрүү яваад төөрч будилаад хамаг бензин бараад эсвэл өтгөн шингэн алдаад мөнгө олох гэсэн биш өдөржингөө нэг өвчтэй хүн асраад таарах юм биш байгаа даа” гээд л баахан юм бодож амжив. Амжлаа гээд яахав дээ өнөө залуу аль хэдийн арилаад өгсөн юм чинь. Хий дэмий л тэргээ асаахаасаа өмнө толь юмаа тохируулж байгаа дүр үзүүлж хажуу дахь хүнээ зэрвэсхэн анзаарлаа. Цус харвасан хүмүүс гэхээрээ л яагаад ийм адилхан байдаг юм бүү мэд. Тал харвасан юм болохоор тэр юмуу даа нэг талын мөр, гар нь унжисхийгээд эвгүй. Өрөөсөн завж нь унжаад, шүлс нь гоождог байх гэмээр харагдана. Тэр нуруу туруу өндөр, цээж өргөнтэй ер нь их том хүн юм. Гэхдээ том биетэй хүнд чинь ийм гай дайрчихаар бүр эв хавгүй харагдаад байх юм билээ. Нэгэнт яриад тохирчихсон болохоор түүнийг гөлрөөд суугаад байж яаж болох вэ дээ. “За өнгөрсөөн, өнгөрсөн” гэж бодоод
- Одоо хаашаа явах билээ? гэж мэдэж байгаа хэрнээ бататгах гэсэн шиг асуулаа. Тэгтэл санаанд багтамгүй бүдүүн, сөөнгө дуугаар
- М . . .Мо. . . Мосвка хороолол гэв.
“Бага зэрэг гацаатай ч гэсэн үгүй ээ бас яахав ээ. Ойлгогдохоор л ярьдаг юм байна” гэж бодоод
- Та чинь сайн л ярьдаг юм байна шүү дээ гэхэд
- Хэ . . . Хэ . . . хэн намайг муу ярьдаг гээв? гэж ууртай ч юм шиг асуув. Би хэлэх үгээ олж ядлаа. Ямар хүү чинь тэгсээн гэлтэй биш. Хий дэмий л
- Үгүй ээ, юу л даа . . . Хэн ч тэгээгүй л дээ гэж ээрч муураад бүр хачин болчихов. Тэр хооронд мань эр жишим ч үгүй сууна. Намайг тэвдэж ядаж байгааг мэдэж байгаа ч юм алга.
- Би таныг тааруухан ярьдаг болов уу гэж бодлоо гээд туучихлаа. “Уурлаад сүйд болдог болов уу” гэж бодсон чинь
- З . . . зү . . . зүгээр ээ, би сайн ш дээ гэж эв хавгүй инээгээд
- Б . . . би . . . би хурандаа Санги гэв.
“Зүгээр ч биш дээ чи” гэж бодсон хэдий ч түүнээ мэдэгдсэнгүй. Яаж мэдэгдэхэв дээ. Бид явсаар Москва хороолол ортол мань хүн одоо ийшээ, одоо тийшээ гэж хуруугаараа замчилсаар нэгэн эмийн сангийн гадаа ирээд
- Э . . .э . . .энд . . . гэнэ
- Та ганцаараа ороод эмээ авчихаж чадах уу? гэтэл
- Б . . . б . . . би хурандаа Санги гэж хүнгэнүүлэв. Бодвол би цэргийн хурандаа юм чинь чадахгүй яах юм гэж байгаа бололтой. Ер нь түүний “Би хурандаа Санги” гэдэг үгэнд их сэтгэлийн тэнхээ, итгэл найдвар оршиж байдаг нь илт. Хөл гарынхаа эвийг олон арайхийж буугаад, татанги гараа тохойгоор нь нугалан урдаа авч, хатинга хөл дээрээ доголох маягтай гишгэн өрөөлдөн явах түүнийг хэн ч харсан эрүүл гэхгүй. Хурандаа маань эмийн сангийн хаалганд тулж очоод надруу зориуд эргэн харснаа эрүүл гараараа хаалга онгойлгон ихэмсэг гэгч нь яваад орчихов. “Хүн ийм үедээ ч гэсэн ихэмсэг байж чаддаг бас л онцгой чанар юм даа” гэж бодож суулаа. Учир нь надад ийм чанар байхгүй. Хэрвээ надад ийм гай тохиолдсон бол бүр нормойж гүйцээ байлгүй. Түй, түй шал дэмий юм бодчихлоо. Түүний энэ ихэмсэг зан нь одоо байгаа байдалд нь зохиогүй ч гэсэн надад байхгүй чанар болохоор таалагдаж байлаа.
Нэг их удсангүй тэр эрүүл гартаа жижигхэн хайрцагтай эм, дөрвөлжин цаасыг цугт нь хам хум атгасаар гарч ирээд машины хаалганд ойртох үед би ухасхийн гарч суухад нь тусаллаа. Тэгэхээс ч өөр арга байсангүй. Тэргээ асаан хөдөлсний дараа хурандаа
- До . . .до . . . долоон мянга. Энэ эм. Их үнэтэй. Гэ . . .гэ . . . гэхдээ би хорооныхоо эмчид үзүүлээд л хямдхан авдаг юм гэж хэлээд эв хавгүй ч гэлээ ихэд бахархалтайгаар инээлээ.
Тиймээ, Хүн заримдаа онгирмоор, сэргэлэн байгаагаа хэн нэгэнд мэдэгдмээр санагддаг үе байдаг даа. Яг тийм мэдрэмж хурандаагийн тэр инээднээс мэдрэгдэж байлаа. Бид ч гэсэндээ хааяа хямдхан юм авчихаараа баярлаж л байдаг даа. Яг тэр мэдрэмж.
Бид буцаж давхисаар анх намайг зогсоосон тэр байшингийнхаа гадаа ирлээ. Хурандаа
- Ма . . .ма . . . манайд оръё. Чи даарна гэлээ
Одоо нэгэнт өөр хүн хайх хэрэггүй болсон тул “Хурандаагийнд ганц аяга халуун юм уунгаа бие засаад авъя” гэж бодоод түүнийг даган орлоо. Арван найм есөн насны туранхай өндөр хүү хаалга нээж өгөв. Намайг том өрөөнд орохыг урих мөртөө буйдан дээрхи новшийг хурдхан шиг нэг тийш болгоод суулгалаа. Цонх нь буруу харсан болоод тэр үү өглөөний нар тусахгүй юм. Энд тэндгүй хувцас хунар, элдвийн юмс үүгээр түүгээр хөглөрөөд, цаанаа нэг бүүдгэр. Яг л нэг өглөө болж буй айлын шинж нүднээ илт. Тэднийхээс ундуй сундуй болсон ор хөнжлийн ч юмуу, хуучин эд юмсын ч юмуу эсвэл шөнөжингөө амьсгалсан агаарын хүнд үнэр ханхлана. Цэвэр агаар оруулаагүй удсан байх. Хэдий тийм ч би гэр доторхийг ажиглан харсаар суулаа. Гэтэл хурандаа хүү рүүгээ хандан
- Ч . . .чи . . . чи яасан бэ тэр мөнгө? гэх нь хэзээ ч юм ярьж байгаад орхисон яриагаа үргэлжлүүлж байгаа бололтой. Хүү нь
- Би танд өгсөн ш дээ
- Э . . . э . . . энэ чинь дутуу байнаа. Яасан чи?
- Хэлсэн ш дээ би танд. Мөнгө хэрэг болоодоо гэж . . .
- Хэ . . .хэ . . . хэдийг нь үрсэн чи?
- Хорин таван мянгыг
- Я. . . яа . . . яаж байгаа юм чи. Байтлаа биднээс хулгай хийгээд . . .
- Заа, засс! та ямар сүртэй юм. Би ээжид хэлчихнэ гайгүй гэж дээрэлхүү ч юм шиг, тунирхуу ч юм шиг хэлэхэд хурандаа ихэд сандрангуй амандаа долоовор хуруугаа ойртуулж
- Чшш! тэ . . .тэ . . .тэгж шууд ээждээ хэлж болдоггүй юм
- Тэгээд яах юм? Та чинь хүн загнаад байж гэхэд хурандаа шүлс нь савирсан амаа ангалзуулан байж
- А . . .ар. . . арвыг нь аав өгсөн гэж хэлээрэй гэж арай хийн хэлэв. Хөөрхий хурандаа хүүгийнхээ үрсэн мөнгөнөөс арван мянгыг нь ч болов өөрийнхөө нүүрээр эхнэрийнхээ өмнө тахлах гэж байгаа нь тэр юм л даа. Амьдралын эгшин бүр яагаад ийм хайрын нандин ширхэгтэй байдаг юм бол гэж анзаарсандаа миний дотроос нэг юм огшиж ирэв.
Тэгээд хурандааг ажвал саяын үргэлжилсэн ярианд нилээд тамирдсан бололтой завжнаасаа савиран унжих өнгөгүй цагаан шүлсээ муу тахир гараараа арчмар аядаад надруу харснаа
- М . . .ми . . . миний бага хүү. Оюутан гэлээ. Хүүгийнхээ хийсэн үйлдлийг ч, өөрийнхөө өмөөрсөн шалтгааныг ч маш богинохон мөртөө оновчтойгоор тайлбарлаж байгаа нь тэр.
- Өө, тэгэлгүй яахав дээ. Оюутан хүнд хэдэн төгрөг хэрэг бололгүй яахав гэж ойлгосноо илэрхийлэн өөдөөс нь нүдээ ирэмлээ. Амьхандаа хурандаагийн сэтгэлийг амраах гэж байгаа ухаантай. Гэтэл хурандаа гэнэт юм санав бололтой
- Зу . . . Зулаа, цай цай гэж огцомхон чанга дуугарав. Ер нь тэр үе үе их хүч гаргаж чангахан дуугардаг бололтой юм. Нөгөө өрөөнөөс
- За, одоохоон одоохон гэх зөөлхөн дуу гарч, удалгүй хурандаагийн эхнэр хоёр гартаа цай барьсаар орж ирлээ. Хурандаа
- Жо . . . жо . . . жолооч гэж намайг заав. Яг л ангийн захирагч шинэ жолоочоо танилцуулж байгаа юм шиг.
- Сайн уу? Миний дүү. За энэ цай ууж бай. Манай энэ гэж юу юуны духанд хүрэлгүй орилчихдог юм зүгээр гэлээ. Түүний дуу намуухан, дөлгөөхөн ажээ. Гэхдээ би түүний дууны сайханд уярсандаа ч биш зүгээр л үсгүй шахам болсон толгойг нь гайхан харлаа. Түүний толгойн үс нь бүгд хогжруутан унаад дөнгөж ургаж байгаа юмуу гэлтэй энд тэндээс нь буржгардуу сөөвгөр цагаан үс сөрвийжээ. Тэр эгч намайг хараад байгааг гэнэт анзаарсан бололтой
- Өө, эгч нь алчуураа зүүхээ мартчихаж гээд нөхөрлүүгээ толгойгоороо дохиж
- Энэ гэж нэг юм хүн яаруулаад тэр байхгүй юү гээд нэг их сайхан инээмсэглээд гарч одлоо. Хэн ч харсан түүнийг залуудаа сайхан хүүхэн байсан байх гэж бодогдохоор байлаа.
“Яасан хүний үс ингэж унадаг билээ” гэж би ой ухаанаасаа самнаж суув. Бодвол сониуч зангийнх байх. Гэтэл гэнэт “Хорт хавдар” гэсэн бодол харвалаа. “Хорт хавдар туссан хүнд химийн эмчилгээ хийхээр л ингэж үс нь унадаг гэсэндээ” гэж бодож суутал нөгөө эгч толгойдоо нэг алчуур зангидаж ирээд
- Миний дүү цай уугаад . . . гэж үгээ сунжруулан тасалснаа, эргэн тойрноо ширвэж
- Өө, тийм. Энэ альбом үзэж бай. Эгч нь авч явах юмаа бөөцийлж амжаагүй байна. Манай энэ чинь (хурандааг хэлж байна) тэгнэ, ингэнэ гээд хэлчихээр хар үүрээр босож дэвдэгнээд, хамаг амьтныг сандраачихдаг хүн байгаа юм. Харахгүй юү, манай томыг яаруулсаар байж хар өглөөгүүр л аваад гарсан тэгээд чамтай таарч л дээ гээд надад нэг зургийн цомог өгөөд гарлаа. Хурандаа руу хартал, заль хийгээд баригдсан хүн шиг том улаан хэл гарган инээмсэглэж байлаа. Тэр тийм ч муухай харагдсангүй. Харин ч өрөвдмөөр ч юм шиг харагдав. Би өрөвдөх нь утгагүй л дээ. Гэхдээ л “хөөрхий дөө” гэмээр санагдсан
“Айлын зураг үзэж байхад заавал нэг зүс мэдэх хүн таардаг даа” гэсэн бодлоор цомгийг эргүүлж суулаа. Бараг эхний хуудсыг үзээд л надад бишрэх хайрлахаас гадна учиргүй харуусах сэтгэл төрлөө. Армийн зав залуухан дэслэгч, сайхан, хөөрхөн гэдэг үг багадмаар тийм нэг бүсгүйтэй бөгж солилцож буй хуримын зураг байлаа. Хуримаа хийж байх үе бол хүмүүний, хамгийн аз жаргалтай үеийн сэтгэлийн торгон агшин гэж боддог ч тийм сайхан байсан улс өнөөдөр ийм болчихсон байгааг нь харж суугаа болохоор надад тэгж харуусал төрсөн байх л даа. Таван хүүхэдтэйгээ авахуулсан нилээн сүүлийн үеийн зураг ч харагдана. Хуудас эргэх тусам зузаан ултай гутал өмсөж, өргөн өмд намируулсан залуус тухайн үеийн оросын бололтой нэгэн хотын гудамжаар инээмсэглэн алхаж яваа зураг нилээд байв. Тэдний дунд хамгийн өндөр нь, хамгийн сайхан нь, бас хамгийн хөөрхөн нь тэр хоёр л байлаа. Өнгөцхөөн харахад тэдгээр залуусын инээмсэглэлд ирээдүйн тухай санаа зовсон бодрол байхгүй ч юм шиг. Байхгүй гэхээр хаашаа ч юм дээ. Ирээдүй нь хаа нэгтэйгээс тэдэн рүү инээмсэглэн байгаа юм шиг төсөөлөгдөнө. Тэдний ирээдүй гэрэлтэж байдаг байсан байх гэмээр ч юм уу.
2-р хэсэг.
Зулаа эгч хоёр гартаа хоол барьсаар ирээд нэгийг нь нөхрийнхөө өмнө тавьж, нэгийг нь надад өгөхдөө
- Дүү, халаасан хоол иддэг үү? гэлээ. Надад ямар эрээ цээрээ байх биш дээ. Тэгээд ч халаасан хоолонд, тэр тусмаа хоноод шөлгүй лагайчихсан хоолонд би яагаад ч юм дуртай. Шөл нь гуриландаа шингээд амт нь сайхан л даа.
- Иддэгээ л гэлээ.
- Зарим хүн хоносон хоол иддэгүй гэдэг болохоор эгч нь асуулаа. Түүнээс биш асуухаар асга гэдэг. Өчигдөр манай энэ хэдийн зутагнуулсан хоол. Өдөржингөө халтуур хийгээд давхихаар өлсдөг л байлгүй яав гэж гэх нь намайг нилээн сайн анзаарсан бололтой юм. Зулаа эгч их яриасаг бөгөөд түүний дууных нь өнгө урссан, намуухан аястай. Ер нь л зүрхэнд их ойрхон дуутай хүн юм.
Би шөлгүй шахам будаатай хоол халбагдах зуураа цомгоо харж
- Та хоёр хойно сурдаг байсан уу?
- Тийм, Одесст, Аль далан таван онд
- Та хоёр тэгээд нэг сургууль төгссөн юм уу? Ер нь та нар яаж танилцсан юм бэ?
- Үгүй, үгүй. Би юу гэж цэргийн сургууль төгсөх вэ. Манай хотод монголчууд тийм ч олон байгаагүй. Эдний сургуульд дөрөв таван нөхөр, манайд гурван охин л байсан
- Э . . . э . . . Зулаа хамгийн хөөрхөн нь байсан хэ хэ гэж хурандаа сахилгагүй ч юм шиг этгээд маягаар инээхэд Зул эгч
- Тэгээд л цөөхөн охидууд байсан болохоор энэнд аз болохгүй юү гээд хурандаа руу шоолонгуй харав.
- Б . . . би . . . ха . . .хамгийн мундаг нь байсан гэж хурандаа нилээн бардам дуугарахад.
- Мундагаа ч хатдаа нэг л их горзойсон улаан юм л байсан. Үгүй ээ гэхдээ тэдэн дундаа гайгүй нь байсан шиг байгаа юмаа. Спорт, урлаг гээд юм юманд л оросуудтай хамт оролцож явдаг залуу байсан.
- Тэгээд л танд таалагдаж эхэлсэн үү?
- Таалагдах юу байхав. Би дөнгөж очсон шинэ амьтан. Энэ чинь гуравдугаар курсийн том курсант.
- Ц . . . цэ . . . цэцэг өгдөг би. Дандаа . . .
- Өө, тийм. Манай байранд ирэх болгондоо надад нэг их гоё цэцэгнүүд авчирч өгнөө. Цэцэг чинь бас ч гэж оюутан бидэнд үнэтэй л санагддаг байсан. Тэгтэл энэ багц багцаар нь бариад л ирнэ.
- Б . . . би . . . ба . . . баян курсант байсан юм чинь гэж хурандаа хэлэхэд Зул эгч яг л тэр үедээ очсон мэт нэг их инээснээ
- Баян байхдаа яахав дээ. Балиар амьтан. Эдний сургууль хотын захруу, нилээн зайдуу. Тэр дүүрэгт нь голдуу хашаатай, тэндээ цэцэг жимс ургуулдаг Деревнья маягийн айлууд байх. Тэгсэн чинь сүүлд нь сонсох нь ээ мань эр тэр хавийнхаа айлуудын цэцгийг туугаад л надад авчирч өгдөг. Би болохоор яасан мундаг ах вэ гээд л . . . хөгжилтэй
- Но . . . но . . . нохойгоороо намайг уруулах гээд . . .
- Хөөрхий тэр хавийн орос бабушканууд бүр уураа бардаг байсан шиг байгаа юм. Ямар сайндаа сүүлдээ бүр нохойгоо өөдөөс нь тавьдаг болсон гэсэн
- Тэгээд цэцэггүй ирдэг болсон уу?
- Яахав тэгээд бид хоёр бие биендээ ойртож байсан үе таараад цэцэгний шаардлагагүй болчихгүй юү. Ер нь эрчүүд чинь тийм ш дээ. Эхлээд л нэг их сүрхий байснаа сүүлдээ яадаг билээ дээ. Чи мэднэ биз дээ гээд инээлээ. “Нээрээ ч бид ч дээ нэг л тиймэрхүү шүү” гэж бодоод ярианы сэдвийг өөрчлөх санаатай
- Би яагаад ч юм жар, далаад оны ийм зураг харахаар налгар, тайван тийм нэг нарлаг өдрүүд санаанд ордог юм.
- Тийм үү? Өнгө ч үгүй хар цагаан зураг юм болохоор нэг сүг сүүдэр шиг юмнууд харагддаг гэж хэлэх гэж байгаа юм байх гэж бодлоо гэснээ нэг их тасхийтэл цочмогхон инээгээд
- Худлаа, худлаа. Надад ч бас тиймэрхүү бодол төрдөг юм. Одоогийн та нарыг бодвол бид ч зорилгогүй шахам улс байсан шиг байгаа юм.
- Яг тийм ч биш байх л даа. Зүгээр л, сургуулиа төгсөөд хаана ажиллах, тэр ч бүү хэл хэдэн төгрөгний цалин авахаа мэддэг байсан болохоор ирээдүй нь бараг харагддаг байсан байх. Одоо ч бид нэг л юу нь мэдэгдэхгүй нүүгэлтсэн хар юм руу орох гэж байгаа юм шиг л төсөөлөгддөг юм.
- Харин тэр тусмаа л сонирхолтой ш дээ. Тэгээд ч чиний хэлээд байгаа тэр нүүгэлтсэн хар юмыг чинь залуу нас гэж нэг сайхан юм л гэрэлтүүлж өгдөг юм даа.
Ай даа! Залуу насаа гэж . . . гээд үгээ тасалж хэсэг байзнаснаа
- Юутай ч зүйрлэшгүй эд юм даа гээд нэг их урт санаа алдав.
Бидний яриа огцомхон өрнөсөн шигээ гэнэтхэн нам болчихов. Гэрт, хурандаагийн хоолоо эвгүйхэн сорохоос өөр чимээгүй хэсэг сууцгаалаа.
Зул эгчийн яриа яагаад ч юм надаас хүртэл залуу насыг өмгөөлөх аястай. Аргагүй юм даа, би тэр хоёроос залуу байвч тэр зурган дээрх залуусаас аль хэдийн хөгширсөн байсан болохоор тэр байх. Сая тэр харахгүй юү, залуу насных нь тухай ярихаар тэдний нүд нь сэргээд л, инээж хөхрөөд л . . . Хурандаа ч гэсэн өөрийнхөө хэмжээгээр ярианд оролцчих гээд л . . . Ер нь ч тэгээд залуу насыг эрхлүүлэх ч хэрэгтэй юм билүү хэн мэдлээ дээ.
- Чи л дээ! Ингээд асгаад цутгаад байх юм. Ядаж наад хоолоо аятайхан идээд сурчих л даа гэж задран хэлэх Зул эгчийн дуу орчныг сэрээв. Би тэр үед нь “Хөөрхий, өрөөл татанхай хүнийг ингэж задраад ч яах юм билээ. Үргэлж цуг байгаа болохоор төвөгшөөдөг юм болов уу” гэж бодож суулаа. Эхнэрээ энгэрийнх нь будааг унагаж байх зуур
- Б . . . Би хурандаа Санги . . . л гэж байв.
- Юуны чинь хурандаа Санги гэж, гэж Зул эгч амандаа үглэнэ.
Би хэдийгээр хүн өрөвдөөд байх хүн биш ч гэлээ тэднийг харжээ суухад нэг л тийм өрөвдөм зураглал нүдэнд тодроно.
Хооллож дууссан бид явах боллоо. Аав ээжтэйгээ цуг нэг тийш явахдаа хүүхэд хөөрцөглөдөг шиг хурандаа маань хөнгөмсөж, хэдэн өрөөнийхөө хооронд хэрэндээ л хурдан, хурдан өрөөлдөн алхана. Нөгөө өрөөнөөс Зул эгч
- Үгүй чи, холхиод байхаар хувцасаа өмсөөч
- Гу . . .гу . . .гутал. Миний гутал
- Миний хүү, аавынхаа гутлыг өмсгөөд өг. Харин чи уначихваа. Хана түш гэхэд
- Би . . . би . . . хурандаа Санги гэнэ.
Одоо би түүний өөртөө итгэлтэй байгаа үедээ “Би хурандаа Санги” гэж хэлдгийг ойлгох болжээ. Зул эгч хурган дотортой хөх торгон дээлийг жимбийтэл бүслээд өмссөн байхыг хараад миний нүд өөрийн эрхгүй дальдарч, хурдхан шиг гарлаа. Яагаад гэвэл Зул эгч хоёр хөхгүй байв. Гэрийн халаадтай байхад нь би анзаараагүй байх. Миний төсөөлөн байсан онош мөн байжээ. Шат уруудаж явахдаа “Тавын таван хүүхэд хөхүүлж өсгөсөн түүнийг яалаа гэж ийм хэрцгийгээр шийтгэнэ вэ” гэж бодохоос ойр дотны минь хүн өвдсөн юм аятай харамсал төрж байсан юм. Бүр машиндаа орж суусан хойноо ч гэсэн “Амьдрал гэдэг хатуугаа үзүүлэхээр ямар хатуу байдаг юм бэ. Хэн хүний нүд булаам тийм сайхан байсан хосыг ийм болгочихдог даанч дэнүү хорвоо юмдаа” гэхээс голоос нэг юм зулгаасаар байв.
Есөн давхар байшингийн орцны төмөр хаалга хяхран онгойж өнөө хоёр маань нэг нь нөгөөгөө түшсээр гарч ирлээ. Хүү нь суулгалцаж өгөөд үлдэв.
- Танай хүү чинь явахгүй юм уу?
- Хичээлтэй гэнээ.
- Аан, Уг нь явсан бол. Энэ хальтаргаа гулгаатай үед та хоёрт дэмтэй юм даа гэж хэлэхдээ би тэр хүүг чамлангүй байгаагаа нуусангүй
- Харин тийм ээ. Гэхдээ хичээл ном, ажил төрөлтэй эдэнд бид саад болоод юүхэв. Эд урдахаа л хийж байвал барав гэх нь хүүхдүүддээ саад болохгүй гэхээсээ илүү огт танихгүй надаас өмөөрч байсан байхаа ч ядахгүй.
Тэднийг суусны дараа эргэж буцах вий гэж хаширлахдаа
- Өөр юмаа мартаагүй байгаа гэж анхааруулахад Зул эгч юмаа бүртгэх мэт тойруулж харснаа
- Гайгүй юм шиг байнаа, миний дүү. Одоо хөдлөе гэлээ.
Биднийг тэгж ингэсээр байтал хотын хөдөлгөөн ихсэжээ. Энд тэндгүй л түгжрээ. Угаасаа л ингэдэг юм хойно яая гэхэв. Зайчилж явсаар шатахуун нэмэхээр зогслоо. Зул эгч гэнэт санасан бололтой
- Өө, май миний дүү. Гучин мянга гэсэн байхаа? Манай том хүү өглөө тэгж хэлсэн гээд мөнгө өгөхлөөр нь хорин мянгад нь бензин хийлгэн үлдсэнийг нь халааслаад, цааш замд нийлэхийн алдад бидний өмнүүр нэг жижигхэн улаан тэрэг шурхийн өнгөрөхөд
- Э . . . э . . .энэ . . .энэ гэж мартсан зүйлээ гэнэт санасан мэт хурандаа нэг их муухай дуугаар бид хоёрыг цочтол хашгирав.
- Ямар юмаа харчихаад хашигичаад унав даа гэж Зул эгч цочсоноосоо болон уцаарлан асуухад хурандаа тэртээ цааш хурдлан давхиа сүүлийн үед ихэд харагдах болсон японы жижигхэн машиныг хуруугаараа зааж
- Ч . . . ча . . . чамд тийм машин аваад өгчих юмсан. Тэ . . .тэ . . . тэгвэл чи унаад л . . . Би . . . би . . . хажууд нь суугаад л . . . хэ хэ гэж ирээд л нүүр дүүрэн инээгээд
- Я . . . яаг ийм улаан гэхэд түүний нүүрнээс инээд нь арилаагүй л байлаа.
Хөөрхий тэр тахир нүүрэнд нь инээд тэгтлээ их зохиогүй ч тэр жаргалтай харагдаж байлаа. Хурандаа маань бас эхнэртээ улаан өнгийн машин аваад өгөхсөн гэж боддог л байх нь байна шүү дээ. Хорвоо гэдэг юутай баян бэ.
Би энэ өдөр огт танихгүй хүмүүстэй явж байгаа хэрнээ хэзээний танилуудтайгаа яваа юм шиг сэтгэлд нэг л дулаахан сайхан байлаа. Тэдний хэлж байгаа, хийж байгаа бүхнээс амьдралд итгэх, түүнийг хэзээ ч дуусахгүй мэт сайхнаар харж чадах нь үнэхээр өөр байдаг юм байна даа гэсэн бодол төрж явлаа.
Бид замдаа шуударч, машины мотор нэгэн хэмээр хүнгэнэнэ. Замын хагархайг нөхсөн гувруун дээгүүр хөлдүү дугуй пад пад дуугаран урагшлана. Энэ замыг тавь жараад оны үед барьсан гэхэд хаа очиж их сайн тавьсан зам шүү. Хотоос гарсан болохоор задгай салхинд цасан шамрага цардмал зам дээгүүр явгалах нь үелзэх үүл мэт.
Нэг мэдсэн чинь бид нам гүм болцгоочихож
- Ингэхэд та хоёр айлд очих гэж яваа юм уу? гэж намайг яриа өдөхөд Зул эгч
- Тиймээ. Нэг бөө байдаг гэсэн. Улс амьтан сайн л гэцгээх юм.
- Бөө ч дээ мэдэхгүй. Хэр байдаг юм бол доо
- Дүү минь. Өвдсөн хүн гэдэг чинь хүний амаар л байдаг юм хойно “Нээрээ,очвол гайгүй болдог болов уу” гэж горьдсоор бид хоёрт очоогүй газар, ус, үзүүлээгүй эмч, домч, угаагүй эм тан гэж байхгүй болсон доо гэх Зул эгчийн нөгөө сайхан дуу нэг л тамирдангуй сонсогдлоо. “Өвчин гэдэг ямар ч хүнийг цөхөрүүлдэг бололтой. Харин ч хаа очиж ихээхэн сэтгэлийн тэнхээтэй улс юм” гэж бодлоо.
- Та өөрийгөө үзүүлэх юм уу? гэж асуучихаад “Би юугаа асуучихав даа” гэж амаа барих шахав. Учир нь уулзсан цагаасаа эхлээд Зул эгч өөрийгөө өвчтэй гэж нэг ч удаа ам ангайгаагүй байсан юм. Тэгтэл харин хэзээний мэддэг хүнтэй ярьж байгаа юм шиг
- Үгүй дээ. Энийг л нэг гайгүй болгочих юмсан гэж бодох юм. Би ч одоо яахав . . .
- Юу гэсэн үг вэ? Харин ч сэтгэлээр өөдрөг байвал ямар ч өвчин эдгэдэг гэсэн гэж хэрэндээ урмын үг хэлж буй боловч элсэнд дуссан дусал ус мэт хэнд ч хэрэггүйгээр чихний хажуугаар замхарч байгаа нь тодорхой байлаа. Гэтэл ухаалаг, сайхан хүн гэдэг хэзээ ч гэсэн тэр хэвээрээ л байдаг зангаар Зул эгч
- Харин тиймээ. Тэгж бодоод л, эгч нь инээж ханиагаад л, юу ч болоогүй юм шиг явдаг юм. Ер нь хүн өвдлөө гээд бусдын өмнөөс өвдсөн мэт байж болохгүй ш дээ. Муу хань ижил, үр хүүхэд, ах дүүсээ мөн ч их зовоолоо. Одоо болно. Тэгээд ч одоо нэг их юм бодохоо больсоон гэлээ. Хэдийгээр надад мэдэгдэхгүйг хичээж байгаа ч цөхөрч гүйцсэн тэр өнгөө нууж чадаагүй юм.
Урд сандалд суучихаад, дээд талынхаа гогцооноос өрөөсөн гараараа атгачихсан яг эрүүл саруул байхдаа иймэрхүү дарга явсан болов уу гэмээр дүртэй явсан хурандаа маань таг дуугайхан яваа ч дотроо чухам юу бодож явааг хэн мэдэх билээ.
Тэгтэл хурандаа гэнэтхэн
- Ш . . . шэ . . . шээлээ. Би шээлээ гэж хашгирав. Би ч замын хажуугийн бартааг харж зогсох гэсэн боловч надад тийм завдал өгсөнгүй. Хурандаа яаран сандран бууж явган шуурганд уруудах мэт өрөөлдөн хэд алхаад бие заслаа. Түүний араас харж суусан Зул эгч
- Хөөрхий дөө, ийм ч хүн байгаагүй юмсан. Өвчин гэдэг хэлж ирэхгүй юм даа
- Залуудаа ч мөн аатай хүн явсан биз?
- Тэгэлгүй яахав. Жинхэнэ эх орны хүү, эр цэрэг явсан байхгүй юү. Арми гэдэг чинь эрчүүдийн хэн нь хэн бэ гэдгийг ялгаж өгдөг газар. Мэдээж хүн л юм болохоор сайн муугаараа ялгардаг л юм. Тэр дундаас бие бялдар, эр чадал, эрдэм ухаан адаглаад энэ олон эрчүүдийн зүрхэнд хоногштол командлах эр хонгор дуугаараа хүртэл ялгаран гарч, анги дивизийн мянга мянган офицер цэргүүдийг өмнөө жагсаана гэдэг чинь ховорхон хувь заяа л даа. Ер нь армид яагаад бие биендээ ёсолдог гэж бодож байна. Энэ чинь “Би чамаас бага шүү” л гэсэн үг шүү дээ. Залуу ч явсан, цойлгон ч явсан муу ханиараа бахархаж явсан үе надад бий. Гэтэл одоо өөрөөс нь өөр “Хурандаа Санги” гээд хэлчих хүн олдохгүй болчихно гэж байдаг л юм байна. Ер нь тэгээд дүү минь амьдралын өдрийг өдөрт нь хайрлаж явах хэрэгтэй юм байхаа даа гэснээ санаа алдаж
- Айдаа! Амьдрал гэдэг сайхан юмаа. Амьдрах бүр ч сайхан юм. Үүнээс илүү хишиг гэж хүнд байдаггүй биз ээ . . . гэх Зул эгчийн яриа намуухан хөвөрнө. Би түүний яриаг тасалж зүрхэлсэнгүй.
Хурандаа дуусав бололтой эргэж ирэхэд Зул эгч ухасхийн бууж хурандаагийн өмдний цахилгааныг татаад, тэрүүхэн хавьд норсон хэсгийг ер эрээлэлгүйгээр гараараа гөвөх мэт арчингаа
- Ишш! Чи минь дээ. Чамайг би өмд хамдан дээрээ дусаалгүй бие засаад сурчих гэж мөн олон удаа хэлэх юм даа. Чи гэж хэдэн хүүхдээ зовоосон хүн болох гээд байгаа юм уу? Чи бид хоёр юу гэж тохирлоо? Мартаагүй биз?
- Б . . . би . . . хурандаа Санги
- Тэгээд, тэгээд хурандаа шиг бай л даа хэмээн ярилцах тэдний дуу дутуу хаагдсан хаалганы цаанаас бүдэгхэн ч гэсэн сонсогдсоор байлаа. Хэрвээ тэдний амьдралыг голын урсгал хэмээн төсөөлвөл би эрэг дээр нь суугаа мэт. Харин Зул эгчийн дууг голын шаригаа гэлтэй. Тэд тийм нэг энгүүн хэрнээ намуухан улс байв.
Бид цааш давхисаар удалгүй Налайхын наад талын гүдгэр дээр гарч ирэв. Хуучны буурал тосгон өвлийн жавар, нүүрсний утаа хоёртоо дарагдан навсайн хэвтэнэ. Энэ жижиг хотхон үйлдвэр, уурхай ажилласан, тухайн үеийн залуучуудын хотжин соёлжиход ихээхэн хөшүүрэг болсон нэгэн төв байсан гэхэд одоогийн залуус итгэхэд бэрх. Бидний явж байгаа эдгээр гудамжинд залуус хайрлан дурлалцаж, халуухан гараа атгалцаж, хаврын цэцэгс шиг дэлгэрч явсан гэхэд худлаа ч юм шиг. Одоогоороо хүн зон амьдарч байгааг мэдсээр байж миний ингэж бодох нь өрөөсгөл л байх л даа. Гэхдээ л надад энэ хотхон яагаад ч юм тэртээ он жилүүдийн аглагт гээгдэж хоцорсон мэт шүүрс алдмаар санагддаг юм.
Гудамжаас гудам дамжин, тахиралдаж мушгиралдан явсаар булан тохойд нь цацаг яндар болсон нэгэн шургаагаан хашааны дэргэд ирцгээлээ. Бодвол өнөөх бөөгийнх бололтой. Нэгэнт хүрэх газраа ирсэн болохоор тэднийг буулгаад, халаасанд үлдсэн арван мянган төгрөгийг авч Зул эгчид өгвөл
- Хүүе! яахнав миний дүү. Наад бензин тосоо ав
- Зүгээрээ. Та хоёр харин эм тандаа нэмэрлээрэй
- За, за баярлалаа миний дүү. Буян чинь дэлгэрч яваг
- Та хоёр ч гэсэн сэтгэлээр чанга байж, хурдан эдгээрэй гэлээ. Надад тэрнээс өөр олигтой үг ч олдсонгүй.
- Замдаа болгоомжтой яваарай. Халтиргаа их байна шүү гэж Зул эгч аминчлан захив. Цаана нь хурандаа маань өрөөсөн мөрөөрөө шургааган хашаа налсан хэр нь яг л өглөөнийх шигээ ихэмсэг гэгч нь зогсоно.
Би машиндаа суухаасаа өмнө хурандаа руу харж гараа чамархайндаа авч цэргийн ёсолгоог дүрслэхэд хурандаа маасайтал инээгээд хариу ёсолж харагдав. Магадгүй түүнд сайхан ч байсан байж болох юм. Би гудамжны булан тойрохдоо голынхоо толинд харвал тэд хашааныхаа гадна бөртөлзөх нь машины яндангаас саагих цагаан ууран дунд бүүр түүрхэн харагдаж байв.
Гудамжны энхэл донхолд овогнуулсаар төв зам дээр гарч ирэхэд хот явах гэж байгаа болов уу гэмээр хэдэн хүн зогсоно. Тэднийг авъя гэж ч төвдсөнгүй, тэд ч гар өргөсөнгүй. Мөнгөнд дургүйдээ ч биш. Зүгээр л нэг хэсэг гав ганцаараа баймаар санагдаад гэх үү дээ.
Би хүссэн хүсээгүй бодолд автан явна.
“Хэзээ ч өвдөж болох, магадгүй хэзээ ч үхэж болох энэ амьдралд хүн ер нь яаж амьдрах ёстой юм бол? Өнөөдөр тэгж ч магадгүй, ингэж ч магадгүй гээд бээцийгээд явах нь хаашаа юм. Гэхдээ л Зул эгчийн хэлсэнээр амьдралыг өдөр өдрөөр нь хайрлаж, амьдралд хамгийн анзаарагдамгүй сайхан бүхнийг анзааран эрхлүүлж, тэжээж явах нь сайн сайханд хүрэх магадгүй цорын ганц гарц юм байхаа даа. Зул эгч үнэн хэлжээ”
Ийнхүү бодож явснаа би гэнэтхэн тоормозоо гишгэлээ. Машин чухам яаж шүүхэн гулгаж зогссоныг ч анзаарсангүй. Зөрж буй машинууд дохио өгөхийг бодоход ихэд эвгүй зогссон байх. Зул эгч энэ хорвоогоос түрүүлж явах юм байна гэдгийг гэнэтхэн ойлгосон болохоор тэр. Тиймээ, тэр түрүүлж явах юм байна.
“Хоолоо асгаж цутгалгүй идэж бай л даа” гэж зандарч, “Өмдөн дээрээ дусаалгүй бие засаад сурчих л даа” гэж гуйж, “Хэдэн хүүхдээ зовоосон хүн болох нь дээ чи” гэж санаа зовох нь ерөөсөө “надаас хойш” гэсэн утгатай байсныг дөнгөж сая л ойлгосон болохоор би тэгж гэнэтхэн зогссон хэрэг. Тэр ч байтугай “Чи бид хоёр юу гэж тохирлоо” гэж байсныг санав.
“Хөөрхий дөө, хаашаа ч мултарч чадахгүй болсон энэхэн хувь заяаныхаа энэлэнг хэзээ ч юм магадгүй шөнийн бүрийгээр орондоо шивнэлддэг байж ч болох юм. Осолдохгүй хүүхдүүдээ байхгүй үед хоёрхон биендээ ярьж, арга ядахдаа “тохиролцож” хүртэл үзсэн байх нь. Чи надаас арай урт наслана гэж нэг нь хэлж нөгөө нь зөвшөөрсөн байх нь байна шүү дээ. Ямар их гачлан, ямар их цөхрөл, ямар их уй вэ? Бас ямар их хайр вэ? Яг тэгж ярьж байх үедээ хоёул хоёулаа ийм гайд унасандаа энэ хорвоод яасан их гомдоо бол. Хурандаа ч яахав эр хүн гэж бодоход Зул эгч ямар их уйлаа бол. Эмэгтэй хүн хоёр хөхөө авхуулчихаар чухам юу боддог бол. Ёстой хэдэн хүүхдээ бодоод л улаан гол нь тасардаггүй байх” гэж бодонгуут миний самсаа шархирч байлаа.
Зогсоод хэр удсанаа мэдсэнгүй. Машин хөрсөн байхыг бодоход овоо удсан бололтой. Цаг яагаа ч үгүй байхад хотод орж ирлээ. Дөнгөж цайны цаг болоод хүмүүс ид хөлхөлдөж, хэд тойрвол тойрчихмоор байвч би тэгсэнгүй шулуухан явсаар граждаа ирэв. Манаач залуу маань өглөөг бодвол бүүр хүн төрх орчихсон эртээ гэгч нь тэргээ тавьж байгааг минь ихэд гайхсан янзтай
- Ах хүү яасан? Яагаад ийм эрт бууж байх юм?
- Өнөөдөр жаахан эрт харимаар санагдаад
- Аан, авгайгаа санаа юу? гэж маасайтал инээв. Өөр үед байсан бол би юу гэх байснаа мэдэхгүй юм. Харин яг тэр үед би түүнийг харжээ зогсохдоо “Хүн ер нь инээмээр үедээ инээж л байх нь зөв юмдаа” гэж бодож байлаа. Тэгээд
- Өнөөдөр ах нь эхнэртээ мөнгөгүй өдөр зарлая гэж бодоод гэж маазрах аятай хэлсэн боловч тийм ч марзан болсонгүй. Нөгөө залуу
- Заримдаа ч мөнгөгүй байх нь жаргал байдаг юм шүү дээ гэж өөрт нь зохиогүй ч гэсэн ихэд догирхов. Гэхдээ надад жаргал гэдэг үг нь яагаад ч юм тааламжтай сонсогдсон.
Тэндээс гараад гэрийнхээ хажуугийн мухлагт орж хүүгийнхээ дуртай чихэрнээс авах гэтэл мөнгө байдаггүй. Түрийвчнийхээ жижиг халаасыг ухаж нилээн дээх нь хийсэн арван мянгатыг гаргалаа. Нугалаасаараа урагдахаа шахаж. Хааяа нэг дүрэм зөрчөөд торгуулвал хэрэг болж магадгүй гэж хадгалж явдаг юм.
“Өнөөдөр ямар ч орлоггүй хэрнээ жигтэйхэн эрт буусан болохоор гэрийнхэн маань гайхах л байх. Гэхдээ яахав. Тэдэндээ нэг сайхан хоол хийгээд, тойрч суугаад идсэн шиг, хүүхдүүдтэйгээ тоглосон шиг шуугилдаж өнжье байз” гэж бодсоор гэр лүүгээ алхлаа . . .
Бичсэн: Түмэнбаярын Бум-Эрдэнэ