Трамп: “Их 20”-ийн уулзалтын үеэр БНХАУ, ОХУ-ын удирдагчидтай уулзана
Ирэх сарын сүүлээр Японд болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай уулзана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгджээ.
АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан даамжирч буй энэ үед Д.Трамп ийнхүү мэдэгдсэн юм. Өнгөрсөн долоо хоногт Хятадын 200 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг нэмэгдүүлэх шийдвэрийг Вашингтон гаргасан билээ.
Өнгөрсөн оны эцсээр Буенос-Айрес хотноо болсон “Их 20”-ийн уулзалтын үеэр Д.Трамп, В.Путин нар уулзахаар төлөвлөж байсан боловч Цагаан ордон уг уулзалтыг цуцалсан байна. Гэсэн хэдий ч тэд оройн зоогийн дараа албан бус уулзалт хийсэн юм.
“Их 20”-ийн энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг Японы Осака хотноо зургадугаар сарын сүүлээр зохион байгуулна.
Эх сурвалж: МОНЦАМЭ