МАН бүлэг иргэдэд 20 сая төгрөг хүртэлх итгэлийн зээл олгох хуулийн төслийг дэмжив
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, Иргэдэд итгэлийн зээл олгох хуулийн төслийг дэмжсэн байна. Энэ талаар тус бүлгийн гишүүн Д.Оюунхорол мэдээлэв.
Тэрбээр, “Барьцаа хөрөнгөгүйгээс иргэд зээлэнд хамрагдаж чадахгүй байна. Тиймээс МАН-ын бүлгээс нийгмийн итгэлийг бий болгосон зээл олгох шаардлага бий болсон гэж үзэж, энэхүү хуулийн төслийг санаачилж өргөн барьлаа. Энэхүү хууль батлагдсанаар, иргэд барьцаагүй, бага хүүтэй, урт хугацааны зээлд хамрагдаж, амьжиргаагаа өөд нь татах боломж бүрдэх юм” гэлээ.
Банкнаас зээл хүссэн мэдээлэлд хийсэн судалгаагаар, иргэдийн 90 хувь нь 20 сая төгрөг хүртэлх зээл хүссэн байна. Тиймээс итгэлийн зээлийн дээд хэмжээг 20 сая төгрөг байхаар тооцоолжээ.
Харин зээл олгохдоо тодорхой шаардлага тавих юм байна. Тодруулбал, ямар нэг хугацаа хэтэрсэн зээлтэй, хүний зээлийг батлан даасан хүнд зээл олгохгүй юм байна. Мөн сүүлийн нэг жилд бизнес эрхэлж байсан, өрхийн тогтвортой орлоготой иргэн зээл авах хүнийг батлан дааж, зээл гаргаж өгөх аж.
Дээрх болзолыг хангасан 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн зээл авах боломжтой. Төрөөс зээлийг хариуцан, нэг жилийн гурван хувийн хүүтэй зээл олгохоор хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төслийн ажлын багийн тооцоолсноор, эхний жилд 200-300 тэрбум төгрөгийг Итгэлийн зээлээр олгох юм байна.
Судалгаагаар, Монгол Улсын 869.8 мянган өрхийн 22 хувь нь ядуу амьдарч байна. Тиймээс МАН-ын бүлэг иргэдийн хөдөлмөр эрхлэх, тогтмол орлоготой байх боломжийг бүрдүүлэхэд дээрх хуулийн төсөл шаардлагатай гэж үзсэн байна.
Энэхүү хуулийн төсөл батлагдвал, Нийгэм эдийн засаг, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн тогтвортой хөгжил сайжрах, ядуурлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх юм. Мөн иргэдийн санхүүгийн боловсрол дээшилж, сахилга бат сайжирна гэж үзжээ.
МАН-ын 2016 оны сонгуулийн Мөрийн хөтөлбөрт "Иргэдэд барьцаа хөрөнгө шаардахгүй, итгэлийн зээл олгоно" гэж заасныг хэрэгжүүлэхээр Засгийн газрын ажлын хөтөлбөрт суулгасан байна.
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг