Төр гэж…
Төр гэж гэрээт байгууллага түүнд ажиллагсад нь талхныхаа мөнгийг татвар төлөгсдийн кармаанаас гаргуулж ар гэрээ тэжээж хариуд нь ард түмнийхээ төлөө илжиг мэт үнэнчээр зүтгэх үндсэн үүрэг хүлээж байдгаараа онцлогтой. Хүн төрөлхтөн дөрвөн мянгаад жилийн өмнөөс омголон тарган цатгалан зэрлэг хуланг номхруулж гэрийн тэжээвэр амьтан болгон уналга ачлагадаа хэрэглэснээр өөртөө үнэнчээр зүтгүүлдэг илжиг гэдэг сайхан зарцтай болсон түүхтэй.
Харин ард түмнийг илжиг мэт дарлан мөлжиж нуруун дээр нь заларсан боолын нийгмээс эхтэй догшин ширүүн омголон тарган цатгалан эзэрхэг дарангуйлагч хаант засаглалыг хоёр зуу гаруй жилийн өмнөөс Франц, Америкаас эхлэн авч хаяан номхруулаад эрх чөлөөт иргэн хүнээ алтаар бүрхээд төрийн ордныхоо дээр залан ардын засаглалаа өөрийн хүссэнээрээ эмхлэн цэгцлээд төрөө илжиг болгон дээр нь сандайлсан Сингапур, Солонгос, Герман, Голланд, Швед, Швейцарын ард түмэн шиг төрөө байнгын хатуу хараа хяналт ташуурын амтанд байлган түүний бүтэц нэгж албан хаагчдыг өөртөө зарц үйлчлэгч мэт үнэнчээр зүтгүүлдэг тогтолцоог жинхэнэ ардчилал гээд байгаа юм.
Хар ухаанаар, эзэрхэг цагт төр нь ард түмний дээр байсан бол одоо ард түмэн нь төрийн дээр гарч төр нь эзэн болсон ард түмэндээ илжиг мэт үнэнчээр зүтгэвээс хөлс хүч үр дүн нь нийгмийн сайн сайхан болж бидний дээрээс асгараад иргэн бүр элбэг хангалуун ядууралгүй амьдрахыг ард түмний засаглал гээд байгаа юм.
Илжиг голдуу муслим оронд түгээмэл бөгөөд эзэн нь түүнийг Кайр Багдад Кабулын захаас шилж сонгон худалдан авч, илжигний эзэн түүнийг өдөр тутмын өвс тэжээл хашаа саравч нэмнээ зэргээр хангаад хариуд нь илжиг зөвхөн эзэндээ үнэнчээр зүтгэх ганцхан үүрэг хүлээн эзнийхээ хамаг ачаа барааг үүрээд бас нуруун дээрээ суулгаад алс хол зорьсон газрын цэг, уулын орой руу эзнээ олз омог хөгжил дэвшилд хүргэхээр зүтгэх нь төрийн үүрэг функцитэй ив ижилхэн.
Ихэнх илжиг нь Ангела Меркель шиг арван хэдэн жилээр ч үүргээ сайн биелүүлж эзэндээ үргэлж үнэнчээр, чадлаараа зүтгэн хүрэх газарт хүргэн зорьсон хэргийг нь бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Харин зарим нэг илжиг замдаа өгсөн өвс усыг ховдоглож ууж идээд шунаж дахин дахин нэхнэ, хэт их идэж ууснаас биеэ даахгүй хашин хойрго ялархаж хэвтэнэ, өөр тийшээ зөрүүд зан гарган шилэрнэ, иймэрхүү хачин хачин ааш зан гаргаад байгаа илжигийг эзэн үе үе ташуурдаж шахаж шаардаж дугтарч зөв замд нь оруулна. Бүүр болдоггүй зөрүүд залхуу хэдэр ёдор хашин хойрго эзэндээ үнэнч бус илжгийг Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг зарчмаар заазлах буюу огцруулаад /төрийг ард түмэн/ илүү эрч хүчтэй залуу зандан үнэнчээр зүтгэх нэгнийг хоёр дахин илүү үнээр ч хамаагүй хотын захаас аваад зорьсон газар руугаа зүтгэнэ.
Илжигний эзэн зорьсон ажлаа амжуулаад гэртээ ирэхэд түүний гэрийн зарц үйлчлэгч нар нь энэрэнгүй үйлсийн зүтгэлтэн Энх Тайвны Нобелийн шагналтан Тереза эх шиг, эсвэл арав гаран жил ард түмнийхээ төлөө зүтгэсэн Английн Ерөнхий сайд Тэтчер хатагтай шиг
эзний гэрийг эмх цэгцтэй цэвэр цэмцгэр байлгаж гэр бүлийн гишүүд ард түмнийг мөр бүтэн гэдэс цатгалан халуун дулаан, хангалуун сэтгэлтэй байлгах үндсэн үүргээ үнэнч шударгаар сайн биелүүлнэ.
Гэрийн эзний авчирсан орлого мөнгө төгрөг хоол унднаас үйлчлэгч /төрийн албан хаагч/ өчүүхэн ч хумслах хар буруу санаагүйгээр зөв зохистой зарцуулж ганцхан эзэндээ үнэнч зүтгэвээс өөрөө ч байнгын хоол унд хувцас байр сууц, унаа унаш, утасны мөнгө гээд бүхий л зүйлээр хөдөлмөрийн гэрээ ёсоор гэрийн эзэн тасралтгүй хангах учраас зарц үйлчлэгч санаа зовох юмгүй тарвалзана.
Харин үйлчлэгч нь эзэний талхны мөнгө гурил будаанаас нь хумслан энд тэнд аваачин хадан доогуур эсвэл манай нөхдүүд шиг оффшорт нуувал эзэний хатуу хяналт хурц хараанаас хаа ч холдолгүй тэр дороо баригдан эзэндээ ичгүүртэйгээр хөөгдөн гэрийн эзэн шударга нэгнийг дэлхийн хөдөлмөрийн зах зээлээс ядах юмгүй сонгон шалгаруулж аваад хөдөлмөрийн гэрээ хууль журмын дагуу хийгээд гэрийн үйлчлэгчийн ажилд шинээр томилно.
Гэрийн эзэн /ард түмэн/ гэрт мөрдөгдөх Үндсэн хуулиас авхуулаад өрхийн төсөв санхүү хяналт шалгалтын механизмын салбар хууль дүрэм журмыг тогтоож баталгаажуулаад, үйлчлэгч тэднийг хэрхэн дагаж мөрдөх эзэнд үйлчлэх талаар бүх заавар зөвлөмж гарган, хоёр этгээдийн хоорондын харилцааг зохицуулах гэрээ хийн гарын үсэг зурснаар гэрийн зарц үйлчлэгч тэднийг ягштал биелүүлнэ. Үр дүнд өрхийн эзэн үр хүүхдүүд зарц үйлчлэгч өөрөө ч гэсэн гэдэс цатгалан дутагдаж гачигдах юмгүй хангалуун амьдарч гэрийн эзэн үйлчлэгч хоёрын итгэлцлэл улам зузаарна. Болж бүтэхгүй хууль дүрэм журам асуудлыг үйлчлэгчтэйгээ хамт ярьж зөвлөж санаа бодлыг нь сонсож байж эцсийн шийдвэрийг эзэн гаргана бас өөрчилнө, шинэчилнэ.
Дээр дурдсан дэлхийн хөгжингүй улс орнууд ч бидний муу хэлээд байдаг Рио Тинто ч ийм л гэрийн эзэн үйлчлэгч /илжиг/ хоёрын энэхүү зарчмаар ажилладаг. Дэлхийн хөдөлмөрийн зах зээлээс шилж сонгогдсон ерөнхийлөгч, менежер, ажилтан албан хаагчид сая сая иргэд, баялгийн хувьцаа эзэмшигчид, байгууллага компанийхаа төлөө өөр өөрийн хариуцсан ажилдаа үнэнч шударгаар зүтгэхэд ашиг орлого амжилт бүтээл нь арвижсаар үр дүнд нь тухайн субъектийн эд эс болсон хүн бүр дээр хангалуун амьдрал асгараад ороод ирдэг.
Хөдөлмөрийн үр дүн гэрээгээ өдөр сар жилээр тогтмол дүгнэж биелүүлээгүй тохиолдолд мань мэт нь гудманд л хаягдана. НҮБ болон олон улсын байгууллагууд ч ийм зарчмаар явдаг, тухайлбал зэвсгийн шинжээчид бид хүний газар хөлсний цэрэг илжиг мэт арав гаран жил зүтгэн хэдэн тонн хөлс урсгасан ч үр дүнд нь хүн төрөлхтөнийг үй олноор хөнөөх аюултай далан мянган тонн химийн зэвсгээс бүрэн ангижруулан дэлхийн энх тайван аюулгүй аюулгүй байдалд үнэтэй хувь нэмэр оруулсан шанд нь шагнал гээд хамт олноороо сая ногооны дагалтай Нобел шүүрэлцэж байх жишээний
НҮБ-ээс зарласан Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд 2030 оныг дэлхийн бүх улс ядуурлаас гарах сүүлчийн жил болгосон бөгөөд Монгол Улс ч уг хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөөд нэгдэн ороод байгаа. Арваадхан жилийн хугацаанд яаж бид ядуурлаас зуун хувь гарч дэлхийгээс ганцаараа хоцорчихгүйгээр боловсрол эрүүл мэнд гээд бусад олон салбарын хөгжил дэвшилд хүрэх вэ гэдэг нь гагцхүү Монгол гэх гэрийн эзэн-ард түмэн бидний шийдэх асуудал.
Бид аль хэдийн ардчилалд орсон гэдэг ч эрт дээр үеэс төрөө дээдэлдэг түмний сайхан сэтгэхүй, олны цайлган сэтгэлээр тоглоод сурчихсан улс төрчдийн бүлт бүлт амлалтанд нь за ёогүй итгэж, жилийн өмнөөс л үнэгүй тараадаг бидон сав суулга шуудай нүүрс гурил будааных нь хариуд хүний юмыг зүгээр авч чаддаггүй монгол зангаараа нэрийг нь дугуйлсаар байгаад ард түмэн төр хоёрын хэн нь хэндээ захирагдаад байгаа, хэн нь дээр дор байгаа нь мэдэгдэхгүй авилгал ядууралдаа идэгдсээр гучаад жилийг ардаа орхижээ.
Одоо ард түмэн Үндсэн хуулиа үндсээр нь өөрчилж парламентийн засаглалаас ард түмний засаглал руу зоригтойхон шилжин цагаан мориндоо байна уу сайвар илжгэндээ ч байна уу ямарч гэсэн төрийнхөө дээр харайж мордоод, юуны төлөө ард түмэн хуруу хумсаа хуйхлан байж өнгөрсөн жилээс бүүр хоёр дахин илүү татвар төлөөс кармаанаасаа гарган тэжээж байгаа билээ, хатуухан шиг хараа хяналт хариуцлага дэг журмаар хоёр дахин илүү ташуурдан шударга ёсыг нийгэмд тогтоож чадваас бид дэлхийтэйгээ хөл нийлүүлэн 2030 онд гэхэд хөгжил дэвшилд хүрч ядуурлаас гарах хугацаа боломж бас байнаа.
Олон улсын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт