Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийг дахин мөрдөхөөр болжээ
Малайзын түүхэн дэх хамгийн учир битүүлэг, аймшигт аллагын золиос болж, 27 насандаа харийн нутагт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийн шүүх хурал өчигдөр Малайзын Куала Лампур хотноо эхэлсэн талаар "www.themalaysianinsight.com" сайт мэдээллээ. Аллагатай холбоотой гэх "Демократ" намын удирдагч асан Лим Кит Сиан, Датук Сери Нажиб Разак нар шүүх хуралд оролцож байна. Куала Лампурын ойролцоох ойгоос 2006 оны аравдугаар сарын 19-нд орчуулагч мэргэжилтэй, хоёр хүүхдийн эх Ш.Алтантуяагийн цогцсыг олсон. Шүүх шинжилгээгээр бүсгүйн толгой руу нь буудаж, хөнөөгөөд дараа нь "С4" тэсрэх бөмбөгийг биед нь бэхэлж, дэлбэлсэн болохыг тогтоосон юм. Аллагын гол захиалагч өнөөг хүртэл нууц хэвээр байна. Тэгвэл Малайзын Улсын их хурлын гишүүн Лим Пип Ен уг аллагын хэргийг дахин мөрдөх үүргийг ахлах мөрдөн байцаагч Абдул Хамид Бадорт даалгасан болохыг албаныхан баталлаа. Мөрдөгч нар дахин хавтаст хэрэг нээж, хэргийг шалгах гэнэ.Лим Пип Ен "Бүсгүйн аллагын ард томоохон улс төрч бий. Тэр хүн мөрдлөгийн үйл явцад хөндлөнгөөс оролцож, мөрдөх ажиллагаанд саад учруулсаар байна" гэж мэдэгджээ. Ш.Алтантуяагийн аллагын цаана экс Ерөнхий сайд Нажаб Разакийг бий хэмээн буруутгадаг ч тэрбээр "Монгол бүсгүйтэй ганц ч удаа уулзаж байгаагүй" гэж хэдэнтээ мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: dnn.mn