Хосууд нэгнийгээ халамжилах, үнсэх тэврэх, илэх, хөтлөлцөх зэрэг нь хосолмол хэрэгцээ юм
Олон хосууд бие биенийхээ нарийн нандин сэтгэл санааны хэрэгцээг мэдрэхгүй, олж харахгүй, хайхрахгүй байгаа нь ажиглагддаг.
Заримдаа эмэгтэйчүүд бид нэг их ярьмаар, үнсүүлмээр, тэврүүлмээр, тэгснээ эрхэлмээр санагддаг даа. Үүнтэй адилхан эрэгтэйчүүдэд өөрийг нь хүндэтгэж байгааг мэдрэх, гэр бүл үр хүүхдийнхээ төлөө хийж байгаа зүйлдээ урамших, сайхан үг сонсох нууцхан хүсэл тээж явдаг байна. Эдгээр зүйл үгүйлэгдээд л байвал ийм хэрэгцээ дутагдаад байна л гэсэн үг юм байна. Хоолгүй бол өлсөхтэй утга нэг юм уу даа. Хүний хэрэгцээ хангагдаж байх ёстой бөгөөд аль нэг хэрэгцээ хангагдахгүй бол сэтгэл санаа тавгүйтэж стрессдэх, зан ааш өөрчлөгдөх, улмаар ямар нэг эрсдэлтэй алхам хийх ч магадлалтай болдог байна.
Гэтэл амьдрал дээр ингэсэнгүй тэгсэнгүй гэж гомдоллож, тунирхаж ааш гаргадаг. Нөгөө тал нь ийм элбэг хангалуун амьдарч байхад юу дутлаа гэж ингээд байдаг байна аа гэсэн ойлгомжгүй байдал үүсдэг. Хосууд бие биенийхээ тэр нарийн нандин сэтгэл санааны хэрэгцээг мэдрэхгүй, олж харахгүй, хайхрахгүй байх явдал нийтлэг байна. Санхүүгийн хэрэгцээ, сэтгэл санааны хэрэгцээ, бие физиологийн хэрэгцээ гээд хоорондоо өөр өөр атлаа бие биенээ нөхцөлдүүлж байдаг. Тэгэхээр хамтын амьдрал гэдэг бие биенээ мэдрэхийн нэр, харилцан бие биенээ хэрэгцээгээр нь хангахын нэр юм.
Боломжийн амьдралтай гэр бүлүүд илүү асуудалтай байгаад байх нь ажиглагддаг. Энэ нь зөвхөн хөрөнгө санхүүгээр амьдралын бүх асуудал шийдэгддэггүй гэдгийг илтгэж байгаа хэрэг. Сэтгэлийн хэрэгцээ нь үг хэл, халамж анхаарлаас гадна үнсэх тэврэх, илэх, хөтлөлцөх, бэлгийн харилцаа гэх мэт арьсны хүрэлцэхүйгээр дамжин бие физиологитой хосолмол байдлаар хангагддаг хэрэгцээ юм. Ойр дотны хүмүүс бие биендээ хүрэхэд окситоцин хэмээх даавар хүний биед ялгарч байдаг байна. Энэ даавар нь хайр дурлал, дассан сэтгэлийг хүчтэй болгож, стрессийг бууруулж, бэлгийн дааврын боловсролтыг нэмэгдүүлдэг байна. Үнсэхгүй, тэврэхгүй, бэлгийн харилцаанд орохгүй удах зэрэг нь хосууд хоорондоо сэтгэл ханамжгүй байх, хүйтэн хөндий харьцах үндэс болдог байна.
Тухайлбал тэврэлтийг авч үзэх юм бол тэврүүлэх үед нэг л дотно мэдрэмж төрж, зүрх сэтгэл дүүрч ирдэг. Тэврэлт нь хүмүүсийг илүү дотносуулахаас гадна таны талархсан дулаан сэтгэлийг дамжуулдаг. Тэврэлт нь ганцаардлыг арилгаж айдас түгшүүрийг үгүй болгодог. Бие биенээ тэвэрснээр намайг хамгаалах, намайг гэсэн хүн байгаа гэсэн итгэл төрж сэтгэл өег болж ирдэг байх нь.
Тэгвэл тэврэлдэх үед хүний биед бодитоор ямар үзэгдэл болдог вэ? Арьс болон уураг тархи нь эр эм бэлгийн эс учран өөрчлөгдөж хуваагдах үед эсийн давхаргад үүсдэг байна. Тиймээс зарим эрдэмтэд арьсыг хоёр дахь уураг тархи гэж үздэг.
Арьс хоорондоо хүрэлцэх үед арьсны мэдрэлийг маш хурдан тархируу дамжуулж энэ үед окситоцин ялгардаг бөгөөд түүнийг хайрын гармон хэмээдэг байна.
Тэврэлдэх нь уурлаж бухимдсан нэгнийгээ номхотгох нэг арга ч байж болох юм. Гал тогооны ажилд яварсан эхнэрээ тэврэхэд хормын дотор тэр ачаалал ядаргаа нь оргүй алга болж эр нөхрөө инээмсэглэн угтахад бэлэн болдог байна. Тэр бүр үгээр илэрхийлээд байдаггүй зүрх сэтгэлээ нэг удаагийн тэврэлтээр ч илэрхийлж болох нь.
Тэгэхээр хайрлах гэдэг энгийн жижиг үйлдлүүдийн л нийлбэр юм уу даа...
Н.Золзаяа 2019.03.21