Хань гэж хэн бэ?
Хань гэж хэн бэ? Эр нь дээр, эм нь доор гэдэг үзлийг би дэмждэггүй, бас эхнэртээ үргэлж загнуулж унж дорой явахыг таашаадаггүй. Үнс зөөж, угаадас асгаснаар эрийн тэнгэр харина гэж эмэгтэй хүн заавал галын өмнө чавганц суултаар суух ёстой гэж аль зүгийн чөтгөр санаачласныг мэдэхгүй. Ерөөс ертөнцөд надад таарсан зовлон бүхнийг хуваалцаж, харин жаргалыг минь бахархан харж суудаг бардам тэр бүсгүй. Гомдсон үедээ хөмхийгөө зууж надад хэзээ ч бууж өгөөгүй. Бууж өгөөгүйгүй шигээ буцаж над дээр ирдэг үзэсгэлэнгоо. Амттанаас хүртэл өөрийгөө харамлаж амиа хувааж намайг олон болгов. Өөртэйгээ адилхан хүүхэд гарсангүй гэж өдий хүртэл гомдоллосонгүй.
Нэгнийгээ дийлэхдээ биш орчлонд нийлэхдээ л амьдралын минь утга учир оршив. Гарыг чинь амрааж үрээ тэврэх, гарыг чинь бас харамлаж галд нүүрс хийхээс өөр чамайг чанга орчлонгоос хамгаалж үзсэнгүй. Хань гэж хэн бэ? Харцаараа заримдаа би дуугүй болгож, хариад бас алуулнадаа гэж түгшдэг тэр бүсгүй. Надад яагаад итгэснийг бас яагаад дагаснийг насан туршдаа тааж олохгүй тавилан минь. Зовоход ээжээс минь дотно, жаргахад диваажингаас дулаан. Архи үнэртлээ гэж чи өврөөсөө хөөсөнгүй, алив чамаас залхлаа гэж зангаа би хувиргасангүй. Хүүхдээ аашилахад минь дотроо өмөрч, гаднаа өмөөрсөнгүй. Үхэхэд үлдэнэ дээ гэж нэгэндээ хэлэхгүйгээр хоёулаа нулимсаа дотогшоо залгив. Хоолны махгүй хорвоогийн өдрийг бас үзэв. Хогийн арчаагүй гэж чи намайг буруутгасангүй. Сайхан амьдрана даа гэдэг итгэлээр сартай шөнийг ч хэд өнгөрөөв.
Хүүхдээ унтахыг хүлээж нэгэндээ хүрэхгүйгээр хэдий ч удав. Тэвчээр хайрын дунд хоёулаа тэлчилж нэгэндээ хичнээн ч дасав. Хань гэж хэн бэ? Залуу насны дөлд шатаж зарим нь дөлөхөд дөхөн дөхсөөр хайруулахаасаа айхгүй тэвэрсэн зөөлөн минь. Дааж давшгүй өрөнд унаад далайн эргүүлэг шиг амьдралыг санаад гэртээ ороход болно доо үр минь унтаж байна, чи минь бас амардаа гэж тайвшруулсан дөлгөөхөн урсгал минь. Тэрнээс дутуу өмслөө гэж, үүнээс хэцүү амьдарлаа гэж гомдоллосонгүй. Галзуу юм шиг намайг галав юүлсэн ч чиний зөв гэсээр чихэнд минь хайртай гэж шивнэсээр.Хань гэж хэн бэ? Үхэн үхтэл хамт байсаар үлдсэн ч үгүйлэн үгүйлсээр араас чинь явах хань минь ээ. Өвдөхөд минь өөрөөс минь илүү өвдөж байхийг хараад өвдөж зүрхлэхгүй болсоон хань минь...
Эх сурвалж: Фэйсбүүк