2030 онд сүүл мушгигчдын тоонд Монгол багтжээ
Эдийн засаг нь 2030 онд эмзэг байх таван орны жагсаалтад Монгол Улс багтаж байна. АНУ-ын National Interest сэтгүүлээс танилцуулсан эдийн засгийн өсөлт, дэвшлээр сүүл мушгих орнуудын жагсаалтыг Хойд Солонгос “тэргүүлэн”, Папуа Шинэ Гвиней удаалсан бол, Монгол Улс гуравдугаарт бичигджээ. Бидний араас Азербайжан, Казахстан улс жагссан байна.
Эдийн засгийн өсөлтөөрөө толгой цохиж буй Хятад, Энэтхэг, Индонез зэрэг орон Ази тивээс мэндэлж, энэ бүс нутгийг дэлхийн эдийн засгийн шинэ хүч, ирээдүйд өсөлт өөд татах зүтгүүр хэмээн олон улсын шинжээчид тодорхойллоо. Гэхдээ өсөлтийн өлгий болсон энэ бүс нутгийн улс орон бүр үсрэнгүй хөгжиж дэвжихгүй нь. Сайны хажуугаар саар гэдэгчлэн дэлхийн хамгийн хурдтай тэлж буй энэ тивд уналтын улаан дохио хангинуулсаар байх орон ч цөөнгүй байгааг тус сэтгүүл онцолсон байна.
Гол шалтгаан нь нэг зах зээл, ганц салбараас хэт хараат байгаа нь хэзээд эдийн засгийг нь эмзэг, дорой буурай байлгасаар байх аж. Тухайлбал, Азербайжан улс ДНБ-ийхээ 40 хувийг зөвхөн газрын тос, байгалийн хийнээс олдог. Ер нь Азербайжан, Казахстан, Монгол зэрэг орон ОХУ эсвэл хятадаас газрын тос, байгалийн хий, зэс, нүүрс түүхий эдийн аль нэгээс нь шууд хамааралтай. Энэ нь эдгээр улсын ирээдүйг бүрхэг болгож буй аж.
Монгол Улсын эдийн засаг БНХАУ-ын хөгжлийн хаялгаар огцом өсөлт үзүүлж байсан ч нүүрс, зэс зэрэг цөөн түүхий эдээс хамааралтай. Мөн нэг худалдан авагч буюу зах зээлээс хэт хараат. Хэдхэн түүхий эдийн ханш даган улсын эдийн засаг нь бүхэлдээ савлаж, БНХАУ-ын ДНБ-ий өсөлтийн хувиар экспортын хэмжээ хэлбэлздэг. Тухайлбал, 2018 оны байдлаар Монгол Улс нийт экспортынхоо 92.8 хувийг хятад улс руу нийлүүлжээ. Уул уурхайн салбар, урд хөршийн эдийн засгаас ийн хамааралтай атлаа өнөө хэр эдийн засгаа төрөлжүүлж, үйлдвэрлэл хөгжүүлэхэд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарахгүй байгаа юм.
Худалдаанаас гадна хөрөнгө оруулалтын дийлэнх нь зөвхөн БНХАУ, Канадаас угшилтай. 1-2 улсаас ирж буй энэ мөнгөний урсгал мөн л олборлох болон түүнтэй холбогдсон боловсруулах салбарыг чиглэдэг. Эдгээр салбарын санхүүжилт нийт хөрөнгө оруулалтын 80 хувийг бүрдүүлж байгаа. Үүнээс үзэхэд худалдаа, хөрөнгө оруулалтын урсгал хэт төвлөрсөн нь харагдана.
Мөн Засгийн газрын зардал өндөр боловч үр ашиггүй. 2010 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын зардал, хөрөнгө оруулалт тогтмол өссөн ч энэ нь хангалттай үр дүн үзүүлээгүй. Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашигтай байдлаараа Монгол Улс 124 дүгээрт бичигдэж буй нь хөгжиж буй орнууд төдийгүй бүс нутгийн хэмжээнд доогуур үзүүлэлт аж.
Үүнээс гадна өрийн дарамт өндөр. Монгол Улс энэ онд гадаадын арилжааны болон хөнгөлөлттэй зээлийн зөвхөн үндсэн төлбөрт гэхэд 850 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа нь айсуй жилүүдэд ирэх өрийн дарамттай харьцуулахад хамаагүй бага дүн. Харин 2021 оноос амсхийх завсаргүй жил дамнасан их эргэн төлөлт хийх учиртай. Тухайлбал, 500 сая ам.долларын “Мазаалай”, 2022 онд нэг тэрбум ам.долларын “Чингис” бондыг тус тус төлнө. ингээд зогсохгүй 2023 онд 600 сая ам.долларын “хуралдай”, 2024 онд 800 сая ам.долларын “гэрэг” бондын төлбөр төлөх хуваарьтай байгаа нь улсын төсөв болон гадаад валютын нөөцөд дөрвөн жил үргэлжилсэн, өндийх завгүй дарамт болох нь гарцаагүй. Гэтэл өдөр өдрөөс өсөж буй эдгээр зээлийг төлөх үндсэн хуримтлал бага тул дахин зээл тавьж, өрийг өрөөр санхүүжүүлэхээс аргагүй. Ингэж хойд хормойгоороо урдхаа нөхсөөр, өр зээлийн хэлхээ ирэх жилүүдэд ч хөвөрнө гэсэн үг. Ингэснээр бид 2030 онд ч гэсэн өрийн тоолуур зогсолтгүй гүйж, чөтгөрийн тойргоос хазайж чадахгүй байх нь.
Дээрээс нь авлига гурван сая ард түмний сорилт болсоор байгааг олон улсын сэтгүүл онцолж байна. Монгол Улс авлигын индексээр 2019 онд сүүлийн таван жилтэй харьцуулахад зургаан байраар ухарч, 180 орноос 93-т бичигджээ. Ардчилал суларч, авлига бэхэжсээр байгаа ч энэ үзүүлэлт илэрхийлнэ.
Гэтэл ядуурал улам хүрээгээ тэлж, монгол гурван хүн тутмын нэг нь ядуурлын шугамаас доогуур, төрийн хайр халамж горьдон, шар нар, бор хоногийг өнгөрөөсөөр байгааг судалгаанаас харж болно. Нийгэм, эдийн засгийн эдгээр гол үзүүлэлтийг аваад үзэхэд ирэх жилүүдэд амаргүй байдал үргэлжилж, эдийн засгийн тогтвортой агаад тууштай өсөлтийг цогцлоох боломж хязгаарлагдмал байна.
Өсөлтийн өлгий болсон Азийн бүс нутгийн улс орон бүр үсрэнгүй хөгжиж дэвжихгүй
Энэ онд өрийн дарамт бага, түүхий эдийн үнэ өндөр, донор орнуудын хөнгөлөлттэй зээлээр туйлж буй бид ДНБ-ий өсөлтөөрөө дээгүүрт бичигдэж, Монголын эдийн засаг сэргэж буйг ам уралдан магтаж байгаа. Гэхдээ энэ байдал ирэх жилүүдэд үргэлжилж, гадаадын байгууллагууд бидэнд зээлээ үргэлж өгч, таваарын зах зээл ийм таатай хэвээрээ байх нь эргэлзээтэй. Зах зээлийн муруй дахь нүүрсний ханш огцом доош чиглэхэд л Монголын эдийн засаг дагаж донслоод эхэлдэг. Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын байгууллага Монгол Улсын эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг эергээр үнэлж байгаа ч эрсдэл, эмзэг байдал оршсоор буйг үргэлж сануулсаар байгаа билээ. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засгийн ирэх 10 жилийн өнгө бүүдгэр хэвээр харагдахыг олон улс эртнээс анхааруулж байгааг дуулгах нь зөв буй за.
Эх сурвалж: zgm.mn