9 удаа буюу ХЯТАД сэтгэлгээ
Хажууд минь суугаа энэ УЛААН МАЛГАЙТ-ыг Хасан гэдэг. Тэрбээр номыг минь хятад хэл руу хөрвүүлсэн агаад оны босгон дээр шилдэг орчуулагчийн шагнал авсныг дөнгөж сая сонслоо.
Ном орчуулах явцад Хасангаас үе үе захидал ирнэ. БИ ОДОО 5 ДАХЬ УНШИЛТАА ХИЙЖ БАЙНА гэж нэг удаа бичсэнийг уншаад гайхав. “Ямар залхуугүй юм бэ!”
Шүлэг бүрийг минь орчуулах гэж нэг зовох. Дараа нь хянах гэж өчнөөн унших... Орчуулагч хүний зовлон их. Хасан өөрөө яруу найрагч. Хятадаар нэг ном нь хэвлэгдсэн.
Хагас жилийн дараа ирсэн захидалд 7 ДАХЬ УНШИЛТ буюу 7 дахь хяналтаа хийж байгааг дурджээ. Дэгсдүүлээд ч байх шиг санагдсаныг нуух юун. Ингэсээр, хятад хэлээр хэвлэгдсэн яруу найргийн түүвэр минь 9 удаагийн уншилт, хяналтын эцэст бэлэн болсон. Гэхдээ үүнийг “орчуулагч маань хятад хэлэндээ сайн ч монголдоо сайнгүйгээс болсон хэрэг” гэж бодсон юм. ГЭТЭЛ...
Номын нээлтийн үеэр Хятадын яруу найрагч ЛИН МАН өвгөний хэлсэн үг сэрдхийлгэв. Тэрээр ОРШИЛ ҮГ бичихийн тулд номыг минь 7 удаа уншсан гэдгээ олны өмнө ярьсан. Батхуяг, Болдхуяг зэрэг монгол найрагчид ч сонссон л доо. Өвгөнийг үг хэлэх үед өөдөөс нь хараад сууж байв. Маш ухаалаг харцтай, дөлгөөхөн тогтуун, бүхий байдлаараа “ясны” сэхээтэн хүн билээ. Өгүүлбэр бүрээ бодож хэлнэ. Илүү нэг ч үг унагахгүй. Ер нь жинхэнэ бичиг номын хүн дэмий балай, хөнгөн хөвсөргөн, худал хуурмаг үг ярих нь ховор байдаг даа.
Лин Ман гуайн ярианы дараа л Хятадууд ном бичих туурвихдаа төдийгүй, хэвлэх, нийтлэхдээ хүртэл хичнээн хариуцлагатай ханддагийг ухаарсан. Эрдэнийн чулууны инжаан алмааз эрдэнэ засч өнгөлөх мэт...
Ингэхэд Монгол яагаад хөгжихгүй байна вэ?
Хаа холын Америк, Францын тухай ярихаа больё. Дэргэдэх хөршөөсөө, энүүхэнд буй хятадуудын АЖИЛД хандах арга барил, сэтгэлгээнээс суралцах сан. Хариуцлагатай хандлага гэдэг бол СЭТГЭЛ юм. Хийж буй бүхэндээ сэтгэлтэй хандахаас л хөгжил эхлэх бололтой.
Нэгэнт орчуулсан бүтээлээ хянаж 9 удаа уншина гэдэг, өмнөтгөл үг бичихийн тулд л нэг номыг 7 дахин уншина гэдэг... Бидэнд дутагддаг зан чанар...
Эх сурвалж: Өлзийтөгс Лувсандорж