Арабад...
Арабуудын ариун дагшин газар бол тав дахь өдөр бүр бага үдээр цуглаж мөргөл үйлддэг сүм нь юм /зураг дээр/. Сүмд хөл нүцгэн орох бөгөөд хана таазанд ямар нэгэн шүтээн зураг хөрөг хээ угалз үгүй зөвхөн хөх тэнгэрийг билэгдсэн байдалтай байна. Сүмийн ахлагч Имам нь сургаал номлож айл хунард тохиолдсон сайн муу үйлд очиж ном уншдаг тухайн тосгон газар орондоо хамгийн нэр хүндтэй хүнээр тооцогдоно.
Бусад өдөрт муслимчууд хаана ч явсан ариун мөргөлийн газар Мекка-н зүгт хандан үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл тодорхой заасан цагт таван удаа мөргөл үйлдэхдээ хүндэтгэлийн жижиг хивсэнцэрээ гаргаж дэвсэн хатуу ёс жаяг цаг нарыг чанд сахин Аллах Бурхандаа чин сэтгэлээсээ залбирна.
Аллах гэдэг нь арабаар, God гэдэг нь англиар, Бог гэдэг нь оросоор, Бурхан гэдэг нь монголоор бүгд л адилхан Ганга мөрөн Гималайн нуруу од гариг орчлон дэлхийг бүтээсэн нэг Эзэн хэмээн шүтэж байсан Абрамын хоёр хүүгээс гарсан араб еврей ахан дүүсүүд хоорондоо чиний миний бурхан итгэл үнэмшил зөв буруу гэлцэн хэдэн мянган жил өнөөг хүртэл байлдах нь учраа мэдэхгүй ах дүү гурвуулаа бид аян жинд олон хоног сараар яваад аавыгаа ирэхэд Миний аав миний аав Надад хайртай чамд хайргүй гэж аавыгаа гурван талаас нь булаалцалдан ноолж ноцолдон хоорондоо зодолддог байсан балчир насны миний ахуй амьдралтай ус агаар мэт адилхан юм шиг.
Ялангуяа америкууд эхэндээ мэдэхгүй дайн дажинд хамгийн болдоггүй нөлөө бүхий толгойлогч хэмээн сүмийн ахлагч Имамыг нь л хамгийн түрүүнд устгаж барьж хорьж шийтгэж хяхаж хавчиж байснаараа олон түмнийх нь дургүйцлийг улам гааруулж хариуд нь дэс дараалсан халдлага цус ургасан террорист ажиллагааны явцад шанг нь бишгүй хүртэж байлаа.
Олон сар жилээр тусгай лагерьт бэлтгэгдсэн Шахид /гэрчлэгч/ буюу амиа золиологч нь усанд орж сахал үсээ хуссан маш цэвэр цэмцгэр цав цагаан хувцастай тайван амгалан гаднаасаа харагдах бөгөөд түгээмэл хэрэглэддэг хуучивтар машинд цоо шинэ дөрвөн дугуй тавьсан, машиндаа ганцаараа ч дааж ядтал ачаа оцойтол /тэсрэх бодис/ ачсан янзтай сэжигтэйгээр зах зээл олон нийтийн газар руу орж ирэхийг харсан хэн хүнгүй яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Ихэвчлэн дэлбэрэлт болсны дараа цэрэг цагдаа түргэн гал команд ирж хүмүүс бөөгнөрч паникт орсон байхад арваад минутын дараа дахиад хийгдэх хоёрдахь шахидын дэлбэрэлт бүүр ч аюултай.
Дайны хажуугаар дажин гэдэг нь өс хонзонтой нэгнээ далимдуулан цааш нь харуулах, өөдтэй өнгөтэй айлын балчир хүүхдийг ч хулгайлж мөнгө нэхэх, дотоод гадаадын өндөр зэрэглэлийн албан хаагчдыг барьцаанд авах, нисэх буудал хүртэл аюулгүй байдал хангах нэрээр мянган долларыг сийхгүй нэхэх зэрэг дэвэн дэлхийн эрүүгийн элементүүд тэнд оччихсон бизнесээ цэцэглүүлнэ. Тэдний гарт барьцаанд орох юм бол яаж ч магадгүй тул маргалдаж эсэргүүцэл үзүүлээд ямарч нэмэргүй харин аргыг нь олж байгаад гараа урдаа гавлуулаад авбал тэднийг ялж эхэлж байна гэсэн үг. Энэ нь өөрөө ус уух бие засах боломжтойгоос гадна хэдэрлэж байгаад гараа ардаа гавлуулсан нөхөддөө мөн ийм байдлаар туслах зэргээс гадна гавтай гараараа момент таарсан үед харуулыг нь цохиж унаган өөрийгөө болон нөхдийгөө аврахаа давхар тооцоолсных.
Арабын ертөнцөд олон жил хийсэн дайн дажины гашуун туршлага дээр үндэслэн америкчуудын тактик өнөөдөр нилээн өөрчлөгдөж эсрэгээрээ хамгийн нөлөө бүхий сүмийн Имам, омгийн ахлагч нарын хөлд нь сууж найрсаг харилцаа холбоо сүлбээ тогтоон юу хүссэн есөн хүслээр тэднийг ханган өөрсдийн бодлого эрх ашгаа нааштай үгээр тавдахь өдрийн сургаал дундуур Имамаар хэлүүлж, омгийн ахлагч нараар ардуудад еэрэг мессэж тараалгуулж өмнөө тавьсан стратегийн зорилгодоо хохирол багатайгаар хүрч байна.
Арабууд аав эм ах айл харах ёдрох анзаарах жирийх дүрслэх гээд араб хэлний таван хувийг монгол хэлнээс авсан байдаг бол тэндээс цааш нь түрэгүүд соёлын голдуу гаралтай калим дэвтэр мугалим дүкен зэрэг араб үгсийн арван хувийг авсны зэрэгцээ мөн хэмжээний шинжлэх ухааны голдуу үгсийг нь европынхан арабаас зээлджээ.
Арабууд шүтлэгээрээ шийт суннит гэж хуваагдахаас гадна сэтгэхүйгээрээ баруун зүүн гэж бас хуваагдана. Саудын Арабт өнгөрсөн жилээс дөнгөж эмэгтэй хүн хуулиар машин барих эрхтэй болж байгаа бол францын колони голдуу байсан баруун арабт аль эрт үеэс гэрийн эзэн эрэгтэй мөнгө цуглуулж цуглуулж байгаад хамгийн түрүүнд эхнэртэй машин авч өгдөг хуультай нь эхнэр хүн нийтийн тээвэрт шахцалдан хэн нэгэн өөр эрэгтэй хүний биенд шүргэх ч ёсгүй гэсэн сэтгэхүй шүтлэг бишрэлтэй холбоотой бөгөөд харин өөрөө бол нийтийн тээврээр таваргана.
Араб шейхүүдийн өмнүүр богино банзалтай гуяа гялалзуулж явах нь бүү хэл алчуур толгойндоо тавиагүй бол доромжлол бөгөөд эмэгтэй хүний иймэрхүү уруу таталтанд эрчүүд нь орохгүйн тулд хэдэн метрийн урт хар даавуун хувцасаар бие хаа нүүр нүдгүй бүрхэж орхидог. Хүсээд байвал яахав дөрөв хүртэлх эхнэр аваад жаргаж болно гэж Аллах Бурханаас зөвшөөрсөн байдаг ч энэ нь зөвхөн хүсэл тачаалдаа ч биш юм.
Ялангуяа төрсөн ах дүү нь нас баран бэлбэсэн хоцорсон эхнэрийг нь гэргий болгон авч байгаа ёс нь ядарсан зүдэрсэн өнчирч хоцорсон гэр бүлийг бүх талаар ивээлдээ авах, ялангуяа хүүхдүүдийг нь гудамжинд хаяхгүй асран хамгаалж хүний зэрэгт хүргэх зэрэг ах дүү мах цусны хүмүүнлэг ёс зүйтэй холбоотой байдаг бол африкт эсрэгээрээ омгийн ахлагч нар олон эхнэр авч олон сайн эрс хөвгүүдийн армитэй болж хамтран дээрэм тонуул хийн хүчирхэгжиж босс болох сэтгэхүйтэй байдаг. Харин эрийн цээнд хүрсэн араб эр нагацын талаасаа, тухайлбал өөрийн үеэл болох нагац ахынхаа охинтой гэр бүл болох гээд байдаг ёс заншил эрт дээр үеэс одоог хүртэл уламжлагдан ирсэн нь оюун санааны хомсдолтой хүүхдүүд олширч болзошгүй нь нэг асуудал болоод байгаа юм.
ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт