Тэтгэвэр тогтоох хугацааг гурав дахин хурдасгажээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр яамны харьяа газрууд төрийн үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэсэн юм. Төр, хувийн хэвшил нийлсэн 100 гаруй байгууллага төв талбайд үйлчилгээ үзүүлснээс Нийгмийн даатгалын байгууллага иргэдэд эрэлттэй байлаа.
Иргэд НДЕГ-аас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох талаарх тооцоолол хийлгэж, хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл авах, тус газраас нэвтрүүлээд буй гар утасны аппликейшний бүртгэл баталгаажуулах, сайн дурын даатгалын гэрээ байгуулж, шимтгэл төлөх, дэвтэр баталгаажуулах үйлчилгээг авч байсан юм. Өдөрлөгт НДЕГ, нийслэл болон төвийн зургаан дүүргийн мэргэжилтнүүд өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан учраас иргэдэд чирэгдэл, хүлээгдэлгүй шуурхай үйлчилгээ үзүүлж байв.
Нийгмийн даатгалын байгууллага өнгөрсөн онд сангийн орлогыг 178.8 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж 5.1 мянган ажил олгогч, 37.5 мянган албан журмын даатгуулагч, 18.2 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч, 14.3 мянган малчныг сайн дурын даатгалд шинээр хамруулсан байна. Ингэснээр 45.9 мянган ажил олгогч, 1.1 сая иргэнийг нийгмийн даатгалд хамруулан 638.5 мянган иргэнд нэг их наяд 791.8 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардал олгож, үйлчилгээ үзүүлсэн байна.
“Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил”-ийн хүрээнд төлсөн шимтгэл, авсан үйлчилгээнийхээ мэдээллийг хянах боломж бүхий “Нийгмийн даатгал” гар утасны аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Даатгуулагч нийгмийн даатгалын лавлагаагаа гэрээсээ авах боломжийг бүрдүүлж, ажил олгогчид тайлангаа тоон гарын үсэг ашиглан илгээж, хэлтэс рүү очих шаардлагагүй болсон. Мөн тэтгэвэр тогтоох хугацааг гурав дахин хурдасгаж, нийгмийн даатгалын үйлчилгээг үдийн цайны завсарлагагүй хүргэж эхэлсэн нь ажил олгогч, даатгуулагчдынхаа ажлыг хөнгөвчилж, цагийг хэмнэсэн олон ажил хийсэн байна.
Харин энэ оныг “Танд ойрхон- Найрсаг үйлчилгээний жил” болгон зарласан. Цааснаас татгалзаж, мэдээллийг цахимжуулах, иргэдийн ажлыг хөнгөвчлөх, ажилтнуудынхаа харилцаа, ёс зүйг сайжруулахад анхааран ажиллаж байгаа аж. Тухайлбал, иргэд тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох, төлбөр зардал авахдаа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс хооронд архивын бүрдүүлэлтээ өөрсдөө хөөцөлдөж, цаасан лавлагаа авдаг байсныг өөрчилж, иргэний өмнөөс хэлтсүүд хоорондоо цахимаар солилцох болсноор даатгуулагчийн ажлыг хөнгөвчилж, цаг, мөнгийг хэмнэж байна. Мөн нийгмийн даатгалын үйлчилгээг явуулын байдлаар зохион байгуулж, завгүй даатгуулагчиддаа хүрч үйлчилж эхэллээ. “Явуулын үйлчилгээ” нь малчны хот, худалдаачны лангуу, ажилтны ажлын байранд хүрч үйлчлэх бөгөөд нийслэлд долоо хоногт хоёр удаа, аймагт сар бүр нэг удаа тогтмол зохион байгуулж байгаа аж.
Иргэд нийгмийн даатгалын байгууллагад илгээсэн өргөдөл, гомдлынхоо шийдвэрлэлтийн явцыг нарийвчлан харах, давхар хянах боломжтой болжээ. Ингэснээр төрийн үйлчилгээний эргэх холбоо сайжирч өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн явцыг хурдасгахад бодит нөлөө үзүүлж байна гэж үзэж байгаа юм.
Харин тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтын хүрээнд 18 хувиас 10 хувь болгон бууруулснаар 47.9 мянган тэтгэвэр авагч 53.5 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг нөхцлөөр авсан байна. Даатгуулагч, ажил олгогчийн дөрвөн төрлийн мэдээллийг агуулсан вэб сервисийг Хур системд байршуулснаар төрийн болон бизнесийн байгууллагууд иргэдэд хурууны хээгээр нь үйлчилгээ үзүүлж байна.
Сайн дурын даатгуулагч гэрээгээ онлайнаар сунгах, тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг цахимаар хүлээн авах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.
“Даатгуулагч танд урьдчилан зөвлөе-туслая” аяныг зохион байгуулж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас нь ойртсон иргэдэд урьдчилан зөвлөгөө, мэдээлэл өгөх ажлыг хороо, хэсэг, сум, багтай хамтран зохион байгуулж байна. Тэтгэмжийн тогтоолт, олголт, хяналтын шат дамжлагыг багасгаж, даатгуулагчдад хялбар байдлаар өөрчилжээ.
Ө.Бодьгэрэл: Амаржсаны мөнгөө хувийн дансандаа авч болно
/НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт судалгааны газрын мэргэжилтэн/
-НДЕГ-аас иргэн, даатгуулагчиддаа хууль эрхзүйн орчин, тэтгэвэр тэтгэмж, сайн дурын даатгалтай холбоотой бүх мэдээллийг өгч байна. Мөн өнгөрсөн оноос үйлчилгээнд нэвтрүүлсэн гар утасны аппликейшнийг баталгаажуулж өгч байна. Мөн шимтгэл төлөхтэй холбоотой мэдээллийг иргэд их сонирхон асууж байна.
Нийгмийн даатгалын хуулиудад өөрчлөлт орсонтой холбоотойгоор өндөр насны тэтгэвэр тогтоох хугацааг гурав дахин хурдасгаснаас гадна албан журмын даатгуулагчид жирэмсний болон амаржсаны мөнгөө байгууллагаараа дамжуулахгүйгээр хувийн дансандаа авах боломжтой болсон.
М.Болормаа: Ажилтнуудын харилцааны соёл таалагдлаа
/Сүхбаатар дүүргийн иргэн/
-Охин маань халамжийн группт байдаг. Гурван жил дараалан хувиараа нийгмийн даатгал төлбөл нийгмийн даатгалын групп авч болох эсэх талаарх мэдээлэл зөвлөгөө авлаа. Гурван жилийн даатгалаа бүтнээр нь төлчихвөл болно гэсэн мэдээллийг өглөө.
Заавал өөрийн биеэр ир гэхгүй. Ямар нэг явдал чирэгдэлгүй шуурхай мэдээлэл өгсөнд талархаж байна. Нийгмийн даатгалын ажилтнуудын харилцааны соёл бас их таалагдлаа. Өнөөдрийнх шиг нээлттэй хаалганы өдөрлөгийг бүх төрийн байгууллага зохион байгуулаасай гэж хүсч байна.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин