АНУ-ын цэргийн хоёр хөлөг онгоц Тайванийн хоолойгоор гарчээ
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ хоёр хөлөг онгоц эх газрын Хятад болон Тайвань арлыг заагладаг Тайванийн хоолойгоор ням гарагт гарсан байна. Энэ тухай “Reuters” агентлаг АНУ-ын ТЦХ-ий Номхон далайн флотын мэдэгдлээс иш татан уламжилжээ.
“Хөлөг онгоцууд Тайванийн хоолойгоор гарсан нь Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг чөлөөтэй, нээлттэй болгох АНУ-ын амлалт хэвээр гэдгийг харуулах зорилготой” гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.
АНУ-ын ТЦХ-ий цэргийн хөлөг онгоцууд он гарснаас хойш хэд хэдэн удаа ийм ажиллагаа явуулсан юм. “Reuters”-ийн мэдээнд онцлон тэмдэглэснээр, Америкийн зүгээс хийж буй иймэрхүү алхам нь Вашингтон болон Бээжингийн харилцаан дахь түгшүүртэй байдлыг даамжруулж болзошгүй бөгөөд нөгөөтэйгүүр Тайбэй болон Бээжингийн хооронд хагаралтай байгаа энэ үед Трампын засаг захиргаа Тайванийг дэмжиж буйн дохио гэж үзэж болохоор байна.
Тайвань бол улсынх нь салшгүй нэг хэсэг гэж Хятадын эрх баригчид үздэг бөгөөд бүс нутаг дахь Америкийн цэргийн аливаа оролцоог маш болгоомжлон хүлээж авдаг билээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ