Ирэх сарын нэгнээс визний зөвшөөрлийг цахимаар олгоно
Гадаадын иргэн, харьяатын газраас "Цахим засаг" үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн зарим үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүлэхээр боллоо. Тодруулбал, Олон улсын хилийн боомт дээрээс олгодог жуулчин "J", бизнес "B" ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох цахим үйлчилгээг тавдугаар сарын 1-ээс нэвтрүүлэх гэж байна.
Энэхүү үйлчилгээг цахимаар авахдаа интернэтийн сүлжээтэй газраас http://immigration.gov.mn/ гэсэн Гадаадын иргэн, харьяатын газрын цахим хуудас руу нэвтэрч, үндсэн цэсний баруун дээд хэсэгт байрлаж буй ЦАХИМ ВИЗ хуудсаар болон evisa.mn хаягаар шууд нэвтрэх бөгөөд визийн зөвшөөрөл цахимаар мэдүүлэх шат дарааллыг сайтар судалж танилцсаны үндсэн дээр цахим үйлчилгээг авах бүрэн боломжтой аж. Иргэдийн цахимаар ирүүлсэн хүсэлтийг хянаад ажлын найман цагийн дотор дутуу бүрдэл болон шаардагдах бичиг баримт бүрэн эсэхийг e-mail хаягаар нь мэдэгдэхээр болжээ.
Цаашид бусад төрлийн визийн зөвшөөрөл олгох үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах аж.
Гадаадын иргэн, харьяатын газар нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад виз зөвшөөрлийн үйлчилгээг ийнхүү цахимжуулсан байна.
Эх сурвалж: ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР