Бараг л үдэш бүр долоон цагаас шөнө дөл болтол Сидни Жэйд ухаалаг утасны TikTok аппликэйшнээр бусадтай харилцаж өнжинө. Алтан шаргал үст өсвөр охин дуулсан дуу, хийсэн гимнастикийн дасгал, оклахома дахь гэрээс нь холгүй орших Walmart-ын худалдагчтай ярилцсан хөгжөөнтэй ярианыхаа видео бичлэгийг TikTok-д тавьдаг ажилтай. Түүний хөгжмийн видео, шууд дамжуулалт хэдийн өчнөөн үзэгчтэй болж амжсан. TikTok дахь 284000 дагагчийн зарим нь охинд 99 центийн Rainbow Puke стикер-наалт гэх мэт виртуал бэлэг хүртэл илгээдэг.
Жэйдийн эцэг эх анхандаа TikTok-ийг хориглодог байжээ. Аав ээж нь охиноо “унтлагын өрөөндөө татсан ягаан хөшигний наана ганцаараа дуулахыг үл таних гаднын хүмүүс харж сууна гэдэгтэй эвлэрч чадахгүй байсныг Жэйд тайлбарласан юм. Facebook гэх мэт аппликэйшнтэй харьцуулахад TikTok нь хүүхдэд чиглэсэн “нөхөрсөг” эд хэмээн охин аав ээждээ ойлгуулсан байна. Өсвөр насны хүүхдүүд бүгд уг программд хэрэглэгчээр нэвтэрч байгаатай уялдан аав ээж нь охиндоо TikTok хэрэглэх зөвшөөрөл олгов. Sensor Tower Inc-ийн судалгаанаас үзвэл TikTok энэ оны нэгдүгээр сарын байдлаар Android, iPhone дэлгүүрүүдэд хамгийн их татаж авсан программ болжээ.
Уг түүх Facebook-тэй өрсөлдөхөөр хүч түрэн гарч ирсэн Instagram, Snapchat зэрэг бусад сошиал медиа компаниудынхтай адилхан сонсогдож магадгүй. Гэхдээ TikTok нь Стэнфордын оюутнууд зохиосон программ биш. Уг программ хангамжийг Бээжингийн Bytedance Ltd компани Хятад дахь их өгөгдөл, нарийн хиймэл оюун ухаанд тулгуурлан бүтээсэн юм. Хөрөнгө оруулагчид нь Bytedance-ыг жилийн өмнө 75 тэрбум ам.доллараар үнэлж, дэлхийн хамгийн үнэтэй стартап болгосон юм.
Дональд Трампын цаг үед TikTok-ийн тэсрэлттэй өсөлт, хятад харьяалал нь АНУ-ын эрх баригчдын анхаарлыг татаж болзошгүй. АНУ-ын гадаадын Хөрөнгө оруулалт Эрхэлсэн Хороо (CFIUS) өнгөрсөн сард ижил хүйстнүүдийн болзооны Grindr хэмээх дуулиантай аппликэйшнийг худалдаж авсан нийтэд танил бус хятад компанид наймаа буцаах шаардлага тавьсан юм. Аппликэйшнээс орж ирэх өгөгдлийг Хятадын тагнуулын байгууллагууд ашиглаж болзошгүй хэмээн үзсэний улмаас CFIUS уг шийдвэрийг гаргажээ.
АНУ-ын мөрдөн шалгах байгууллагууд одоогоор Bytedance-ыг шалгаагүй байгаа. Гэхдээ тус компанийн өгөгдлийн сан аварга томорсон нь цаашид эрх баригчдын бай болох магадлалыг ихэсгэж байгаа юм. “CFIUS сошиал медиа платформуудыг улам бүр анхаарах болсон”-ыг хууль зүйн White & Case LLP фирмийн тэргүүн Фархад Жалину тайлбарлав.
TikTok бүх өгөгдлөө БНХАУ-ын нутаг дэвсгэрийн гадна хадгалдаг тул Хятадын эрх баригчид хандах боломжгүй хэмээн Bytedance тайлбарладаг. Тус компани privacy policy буюу өгөгдлийн халдашгүй байдлын бодлогодоо, хуулиар шаардлагатай нөхцөлд хэрэглэгчдийн мэдээллийг Хятад дахь бизнесийнхэн, хууль сахиулах байгууллага, эрх баригчдад дамжуулж болзошгүй хэмээн анхааруулдаг байсан юм.
TikTok өгөгдлийн халдашгүй байдал, хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой хэрэгт урьд нь орооцолдож байлаа. Bytedance худалдан авч нэрийг нь TikTok болгон өөрчилсөн Musical.ly программ насанд хүрээгүй хүмүүсийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан хэрэгт буруутгаж АНУ-ын Холбооны Худалдааны Комиссоос (FTC) 5.7 сая ам.доллараар торгуулсан. Уг торгууль нь Холбооны Худалдааны Комиссоос хүүхдийн өгөгдлийн халдашгүй байдалтай уялдуулж оноосон хамгийн том торгууль болсон юм.
Холбооны Худалдааны Комиссын шийдвэр Bytedance-ын хөрөнгө оруулагчдыг айлгаж чадаагүй. Хөрөнгө оруулагчид TikTok-д хэрэглэгчдийг ахиу татах үүднээс Facebook ашиглан олон зуун сая ам.доллараар хэмжигдэх сурталчилгаа өрнүүлж байна. Сүүлийн гурван сарын статистикаас харвал Facebookийн Android аппликэйшн хэрэглэгчдийн үзсэн нийт сурталчилгааны 13 хувь нь TikTok байгааг аналитик шинжилгээний Apptopia тооцоолжээ.
Судалгааны дүнгээс үзвэл Bytedance нь Хятадаас гадагш, хилийн чанадад Baidu, Tencent гэх мэт БНХАУ-ын интернэт аваргуудын аль нь ч хүрээгүй амжилтад хүрээд байна. Хятад хувилбартай нь нийлүүлж тооцох тохиолдолд TikTok-ийг дэлхийд нийт тэрбум гаруй удаа татаж авчээ. Bytedance-ийн санхүүгийн мэдээллийг нийтэд мэдэгдэх эрхгүй хүмүүсийн уламжилснаар тус компанийн удирдлага 2018 онд 18 тэрбум, 2019 онд 29 тэрбум ам.долларын орлого олно хэмээн хөрөнгө оруулагчдадаа мэдэгдэж байжээ. Bytedance “дэлхийн цар хүрээтэй тоглогч болно” хэмээн тус компанийг дэмжигчдийн нэг, GGV Capital-ын Ханс Тун тайлбарлав.
Эх сурвалж: zgm.mn