Бензин цацаж хүний амь хохироосон этгээдэд 20 жилийн ял оноолоо
Ах, дүүсийн бие дээр шатахуун асгаж галдан шатаасан Г.Бат-Эрдэнэд энэ сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 20 жилийн ял оноолоо. Шүүхээс дээрх оноосон ялыг хаалттай хорих анги буюу гянданд эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хэргийг эргэн сануулбал, өнгөрөгч 2017 оны долдугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд дээрх этгээд ах, дүү хоёрын бие дээр бензин асгаж галдан шатаасан аймшигт хэрэг гарсан билээ. Тухайн үед хохирогч болох 34, 37 настай залуус Г.Бат-Эрдэнэтэй маргалдсан байдаг. Г.Бат-Эрдэнэ маргалдаж салсныхаа дараа таван литрын савтай бензинийг ах, дүүс рүү цацаж галдан шатаау, улмаар дүү нь ахыгаа хамгаалан дээрээс нь дарахад мөн түүний дээрээс бензин асган шатаасан байдаг. Гэмт этгээд сумын шатахуун түгээх станцаас “мотоциклын бензин дууссан” хэмээн шатахуун авсан байдаг.