Хятадын жижиг хотуудад үл хөдлөхийн зах зээл цэцэглэж эхэллээ
Үл хөдлөхийн компаниуд Хятадын жижиг хотууд руу хошуурч эхэлсэн нь хөдөөгийн 100 сая хүн амыг хотод суурьшуулах төлөвлөгөөнөөс ашиг хүртэх зорилго агуулжээ. Тус улсын бодлого боловсруулагчид 1-3 сая хүн амтай хотуудад оршин суугчийн бүртгэлийг цуцлах шийдвэр гаргасан нь дэд зэрэглэлийн хотод орон сууцны эрэлтийг эрс өсгөв. Эдгээр хотуудад, ялангуяа хөх мөрний сав газар, эрэг хавийн бүсэд газар болон барилгын нөөцтэй компаниуд уг шийдвэрээс хамгийн их ашиг хүртэнэ гэж шинжээчид үзэж байна.
Хонконг дахь Invsco фирмийн хөрөнгө оруулалтын ахлах ажилтан Кен Ху “Хотжилтын хурдац түргэсэх ёстой. Энэ нь үл хөдлөхийн компаниудад ашигтай ба ялангуяа доогуур зэрэглэлийн хотуудад орон сууцны эрэлт дээшилнэ гэж таамаглаж байна” хэмээв. Өчигдөр нийтлэгдсэн гуравдугаар сарын үзүүлэлтээс харахад жижиг хотуудад орон сууцны үнэ илүү өсжээ. Байр худалдан авах хязгаарлалтыг зөөлрүүлсэн II ба III зэрэглэлийн хотуудад энэ өсөлт илт ажиглагдаж байна.
Үл хөдлөхийн салбар ийнхүү сэргэж байгаа нь АНУ-тай үүссэн худалдааны сөргөлдөөний улмаас саарч буй Хятадын эдийн засгийг тогтворжуулахад дэмжлэг болох юм. Оршин суух эрхийн шинэчлэл Хятадын үл хөдлөх хөгжүүлэгчдийн долларын бондыг дээшлүүлж, он гарсаар 8.7 хувийн өсөлт дээр буцаж ирсэн нь азийн ам.доллараар үнэлэгддэг үнэт цаасны секторт хамгийн сайн үзүүлэлт болов. Ийн Хятадын томоохон 22 барилгын компанийн өсөлт Hang Seng индексийн дунджаас давлаа.
Bloomberg-ийн тооцоогоор Country Garden, RiseSun, Agile Group зэрэг үл хөдлөхийн компани сүүлийн гурван жилд доогуур зэрэглэлийн хотуудад ихээхэн газар худалдаж авсан.
Country Garden-ы хувьцааны үнэ даваа гарагаас хойш 1.4 хувь өссөн бол Хятадын өндөр өгөөжтэй үнэт цааснуудад бараг өөрчлөлт гараагүй байна. Loomis Sayles фирмийн шинжээч Жи Вей Фен “энэ шинэчлэл III, IV, V зэрэглэлийн хотуудын үл хөдлөхийн зах зээлд эерэг нөлөө үзүүлнэ. Үүнийг дагаад дэд бүтцэд нь дарамт учраад буй I, II зэрэглэлийн хотуудаас доогуур зэрэглэлийн хот руу шилжилт явагдах байх. дунд ба том компаниуд эндээс ашиг хүртэнэ” гэж дүгнэв.
Эх сурвалж: zgm.mn