Цент мөнгөний үнэ цэнэ...
Цаг зав боломж нөхцөл олдвоос миний бие аливаа байгууллагын алсын хараа үнэт зүйл бодлого үйл ажиллагаа аргачлал менежмент зэрэг нууцыг нь олж мэдэхийг байнга эрэлхийлж байдгийн хувьд АДРА-н удирдах зөвлөлд хоёр жил, Дэлхийн зөн Олон улсын байгууллагад хагас жил ажиллах завшаан тохиосон бөгөөд хүмүүнлэгийн төсөл, хөтөлбөрийн шугамаар Монголд орж ирж байгаа нэг цент мөнгөний үнэ цэнэ асар өндөр гэдгийг уншигч танд учирлан тайлбарлаж хэлмээр байх юм. Зарим хүмүүс гадаадынхан мөнгийг худгаас ус авах дайтай олж Монгол руу сая саяар нь цутгаж байна гэж боддог бол ёстой эндүүрэл.
Европт хүмүүнлэгийн сайн дурын ажилтнууд айл айлын хаалга тогшоод учир байдлаа тоочин нэг хоёр төмөр цент евро цуглуулаад явдаг бол Өмнөд Солонгос, Тайвань, Хонконг зэрэг Азийн орнуудад мянга мянгаараа хүмүүс сургуулийн зааланд бөөнөөрөө нэг өдөр мацаг барин тухайн өдөр гэртээ хэрэглэх идэх ёстой байсан хоол унд гэрэл ус тогныхоо мөнгийг хэмнээд хандивладаг бол америкчууд үсээ хусуулаад ургах хүртлээ үсчинд төлөх ёстой байсан мөнгөө хандивлаж байх жишээтэй. Миний хоёр хүүхэд ч Европт оюутан байхдаа хандив цуглуулах сайн дурын хөдөлгөөнд нэгдэж айл айлын хаалга тогшиж явахдаа цент мөнгөний үнэ цэнэ, сайн үйлсийн утга учрыг ойлгосон байх.
Монголчууд эрт дээр үеэс аливаа юманд цамаан бус ханддаг, аягаа долоохоос эхлээд юмыг ариг гамтай тордож додомдож тойглож тойгдож баярлаж талархаж хүртдэг, цай сүүнийхээ дээжийг өргөж, хишиг рашаан буян хэмээн хүртдэг жамтай. Бага байхад аав ээж маань биднийг Яагаа ч үгүй байж буянаа барчихна гээд аль болохоор шинэ хувцас авч өгөлгүй ах эгч нарын багадсан хувцас хунарыг нөхөж тордож, оёж үдэж өмсүүлдэг байсан нь биднээс харамласандаа бус харин хүн байгаа нөөц бололцоогоо дээд зэргээр ашиглах зэргээр юмыг бэлэнчлэх бус сэтгэхүйд сургаж байжээ.
Социализмын үед ч бага сургуулийн биднийг Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач социалист өмчийн эс ширхэг бүрийг алхам тутамдаа нүдлэн хамгаалагч хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой гэх мэт Намын төв хорооны лоозонгуудыг ягштал цээжлүүлж байгаад улс нийгмийн өмч хөрөнгөнд хандах зөв үзэл хүмүүжлийг олгож байв.
Далаад онд Завханы Улиастай хотын Элдэв-Очирын нэрэмжит арван жилийн дунд сургуулиа бид Брежнев даргын бэлгийн сургууль хэмээн ихэд бэлгэшээн ангийнхаа шалыг өдөр бүр өвдгөө цоортлоо мөлхөж цэвэрлэдэг байлаа.
Энэ дэлхийн сайн санаат хүмүүс хоол ундаа хасан байж цэвэр хөдөлмөрөөрөө олсон мөнгөнөөсөө тав арвыг илүүчилж байж босгодог, өвчтэй зовлонтой ядуу зүдүү өнчин өрөөсөн хүмүүст зориулагдсан хүмүүнлэгийн сайн үйлсийн төсөл, хөтөлбөрийн мөнгийг зарцуулах ёстой зүйлд нь бүрэн гүйцэд зарцуулалгүй замаас нь шомбодохыг хүссэн төрийн албан хаагч түшмэл болон хэнбугайд нь ч хоол болохгүй, хэрэв хэн нэгэн ингэвээс энэ нь Эрдэнэс Тавантолгойн нүүрсийг хулгайлаад зарснаас ч илүү нүгэл болно.
Бидний өнөөдрийн хамгийн эмзэг тулгамдсан асуудал бол ядуурал бөгөөд түүнээс гаргахын тулд Дэлхийн зөн зэрэг олон улсын байгууллагуудаас Монголд хэрэгжүүлж байгаа Ядуурлаас гарах төгсөлтийн аргачлал
хөтөлбөр бөгөөд энэ нь ямар ч ядуу эмзэг өрхийг 36 сарын хугацаанд гурван сая төгрөгөөр ядуурлаас гаргаж тогтвортой амьжиргаанд хүргэж чаддаг Монголд хамгийн тохиромжтой батлагдсан шилдэг аргачлал юм.
Уг аргачлал нь юуны өмнө өрхүүдээ дундын хадгаламжтай болгож мөнгөний үнэ цэнийг мэдрүүлэх, иргэдээ бүлэг бүлэгт хуваарилан зохион байгуулалтад оруулан Цэцээ гүний оройд уралдаж гарахаас эхлээд хооронд нь төрөл бүрийн уралдаан тэмцээн зохиох, гэр бүл үр хүүхэд эрүүл мэнд мэдлэг мэргэшилтэй холбоотой сургалт семинарт тогтмол хамруулж тэднийг хамтач нийтийн төлөө сэтгэхүй сахилга дэг журамд сургах, бизнес эрхлэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж хөрөнгийн дэмжлэг үзүүлж ашиг орлогыг нь нэмэгдүүлэх зэргээр хаягдсан тэр нэгэнд хүн болж төрсний утга учрыг ойлгуулахаас л эхэлнэ.
Гол нь нэн ядуу нийгмийн халамж хүртэгч өлсгөлөн, орон гэргүй, бусдаас хамааралтай, ажилгүй, газаргүй, нийгмээс тусгаарлагдсан өөртөө итгэлгүй ямарч иргэнийг эрүүл мэнд нийгэм эдийн засгийн дэс дараалсан арга хэмжээнүүдээр 36 сар системтэй бөмбөгдөж тухайн иргэдийг нийгэмшүүлснээр тэднийг бичил санхүүгийн харилцагч бизнес эрхэлдэг өөртөө итгэлтэй өмнөө тавьсан зорилготой ирээдүйдээ итгэлтэй иргэн болгох нь нөгөө яриад байдаг НҮБ-ын тогтвортой хөгжлийн 2030 онд гэхэд дэлхий нийтээрээ ядуурлаас гарах зорилтын гол утга учир юм. Үүнд зориулагдаж байгаа нэг цент мөнгө, тэнд ажиллаж байгаа сайн дурынхны нэг дусал хөлс хөдөлмөр асар их үнэ цэнэтэй.
АДРА, Дэлхийн зөн зэрэг хүмүүнлэгийн байгууллагууд үндсэндээ хорин жил Монголд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрөө хумьж дайн дажин дүрвэгсэд ядуурлын хөлд илүү нэрвэгдсэн Ойрхи Дорнод, Араб, Африкийн орнууд руу тусламжийн гараа түлхүү сунган, сайн үйлс хүмүүнлэгийн асуудлаа монголчууд бидний гарт атгуулаад гарах бодолтой байгаа өнөө үед хүний төлөө сэтгэлтэй сайн үйлсийн санаатай иргэдийн нийгмийн давалгааг өрнүүлэх, хандив өргөх арга барил хөрөнгө босгох менежменттэй сайн дурынхан залуу үеийн бүхэл бүтэн армийг бий болгох нь монголчууд монголчууддаа төдийгүй дээр дурдагдсан дэлхийн ядууст ч бид гараа сунгах хүмүүнлэгийн үйлсийн их аяны үндэс суурь тавигдах болно.
Олон улсын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт /Принц хүмүүнлэгийн санг үндэслэгч/