Мэхийж сураагүй Монголын мөхөх дөхсөн соёлын хэмжүүр
Соёлгүй хүн сохор, сумгүй буу шилээвэр гэж ардын зүйр үг бий. Буунд сум хэрэгтэйн адил хүнд соёл хэрэгтэй гэсэн санаа л даа. Соёлгүй хүн хоосон буу шиг хэрэггүй гэсэн хоёргүй утгыг агуулдаг энэ үгийг бүдүүлэг хүн хэнд ч хэрэггүй гэж хөрвүүлэн ойлгож бас болно. Тэгвэл хэнд ч хэрэггүй бүдүүлэг занг монголчууд яагаад гаргаад байдаг юм бол гэсэн асуулт зүй ёсоор тавигдана.
Соёл гэдэг хэсэг бүлэг хүмүүсийн ижилсэл юм гэсэн дүгнэлтийг нийгэмшсэн орны иргэдээс гаргасан байх нь олонтоо. Ижилсэхийн тулд нэгнийгээ хүндэтгэх сэтгэл заавал байх учиртай. Монголчуудад ийм зан харин ч нэг байсан юм шүү. Дүү нь ахмадаа, доодос нь ихэсээ, анд найзууд нөхөрлөлөө хүндэтгэн цээжин тушаа гараа оршоон мэхийж буй дүр зураг эртний улбаатай. Харин мэхийх хүндэтгэлийг бөхийх доромжлолтой хольж ойлгодог болсноос нуруундаа нугастай мэт хойшоо гэдийх өвчнийг нийтээрээ зүтгэж нэг нь амжилтад хүрдэг социализм бидэнд “бэлэглэжээ”. Бөхийнө гэдгийг бусдын дор орсон мэт сэтгэдгээс болж нэгнээсээ дутахгүйн тулд өрсөлддөг зан чанар ч бидний ёс суртахуунд баттай байраа эзэлсэн байнам.
Нийтлэлийн зургийг хараад танд ямар сэтгэгдэл төрөв. Магадгүй монгол хүний “цөсөөр” дамжин цусанд орсон төрөлх зан санаанд шууд буусан байх. Сэтгэлгээний ядуурал, соёлгүй бүдүүлэг нь үндэстний хэв шинж болтлоо ноорсныг шоглон үзүүлсэн зураачийн шүүмжлэл гэж хүлээж авахад хол зөрөхгүй. Эл зурагт харуулсан соёлгүй дээрээ онгироо дүр төрх монголчуудын дунд нийтлэг үзэгдэл.
Монгол хүний хамгийн муухай энэ зан чанарыг гудамж, үзвэрийн газар, үйлчилгээний байгууллагад олонтоо харна. Цувраад орж болох дугаарлалтад заавал түрүүлж хүртэх гэсэн өлөн сэтгэхүй өнөөдөр та бидний соёлын хэмжүүрийг олон зуунаар хойш татаж байгаа. Дугаарлах бүрт нэгнээсээ хоцрохгүй гэсэн тэмцэл өрнөж, тэр нь хэрүүлээр хачирлаж өндөрлөх нь өдөр тутам. Соёлын дээд хэмжүүр шаарддаг сонгодог жүжиг үзэхдээ ч дайрч ордог явдлыг ойлгоход бэрх. Суудал хуваарьтай, сандал бэлэн зэхээний байхад л дайраад байдаг энэ гажиг сэтгэхүйг монгол цуснаас арилгах цаг болсныг хэрээс хэтэрсэн үйл явдлууд тодорхой харуулсаар. Үйлчилгээний соёлоор нэртэй дэлгүүрийн сүлжээ байгуулагдахад л тэнд очиж дайраад эд зүйлийг нь эвдэж сүйтгээд, хэрүүл зодоон, хэрэг түвэгтээ хүрсэн явдал саяхных. Хувь, хишиг хүртээхэд банкны хаалга үүдийг эвдлээд, хана туургыг сөнөөсөн түйвээн ч хуучраагүй байна. Олон улсын онгоцны буудал дээр шаагилдан гүйлдэх монголчуудыг харсан гаднынхан гайхах биш шоолдог болжээ. Онгоцонд захиалсан суудалдаа л суух журамтайг мэдсээр байж өрсөлдөн гүйлддэг монголчуудын занг мэддэг болсноос тийн шоолж буй хэрэг.
Хэтээсээ морин дэл дээр зэрэгцэж давхилдсан үндэстэн орчин үеийн унаа тэргээ ч түүн лугаа сэтгэж чихэлдэх нь замын хөдөлгөөний соёлоор “нойл” байгааг ч илтгэнэ. Тавхан бумд зориулсан хотод сая гаруй хүн амьдарч байгаагаа мэдсээр байж нэгэндээ зам тавьж өгнө гэсэн ойлголтгүй хүн маш олон. Сөрөг урсгалтай замд сөрөх дуршилтай эсэргүү ч их бий. Өөд өөдөөсөө тулсан хоёр урсгал түгжрэл үүсгэхийг мэдсээр байж ордог нь өнөөх л бусдаас хоцрохгүй гэсэн, нэгэндээ мэхийж сураагүйн гай л даа. Үүний ар дээр хараалаар булах үйлдэл найдвартай өрнөдөг нь соёлын ойлголтоос хальсан харьцаа. Хэдхэн хором хүлээх тэвчээргүй болтлоо адгуу зан суусныг тооцоолбол бид мөхөл рүүгээ явж буйн нэг илрэл юм. Хувиа хичээсэн зан мөхөлд хүргэх тухай сургаал үг бишгүй бий. Замын хөдөлгөөний наад захын дүрмийг биелүүлдэггүйгээс гадна машинаа зөв байрлуулах чадваргүй жолооч ч олон. Машины зогсоол нүдний гэм болчихсон энэ хотод хоёр ч машин зогсох зайг ганцаар эзэгнэсэн байхыг энд тэндгүй харж болно. Би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн сэтгэлээр ханддагаа “хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш” хэмээн өөрийгөө өмөөрөх бэлэн үгээр халхална.
Нэгэнтээ “Хот хөгжүүлэлтийн шийдэл” нэртэй тББ-ын залуус монголчуудын зан, төлөвийн талаар үндэстнийг хамарсан судалгаа хийжээ. Судалгаагаар монгол хүний хамгийн муухай зүйл бол хувиа хичээсэн зан, амиа бодсон араншин гэж хамгийн олон хүн нэрлэсэн бол “залхуу”, “заваан” төлөвийг шил даран жагсаажээ. Мөн “Хувиа хичээсэн зан Монгол улсын хөгжилд ямар сөрөг нөлөө үзүүлж байна вэ” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 57 хувь нь маш сөрөг, 25 хувь нь сөрөг нөлөөтэй гэсэн байна. Нийтээрээ жигшдэг мөртөө бултаараа буруушааж засаж чаддаггүйн цаана бас л “түүгээр яваа гайг үүгээр дуудаад юухэв” гэсэн амиа бодсон зан нуугдаж байдаг. Гудамжинд шүлс, цэрээ нулимж, хог хаягдлаа чулууддагтай тэмцдэг хууль сахиулагч ч гэж алга. Японы бөхийн дасгалжуулагч Аяако Кимура “Баруунаас мандсан наран” номдоо “Англид байхдаа монгол хүнтэй хамт гадуур явж байтал нөгөөх монгол маань сурсан зангаараа нусаа хүржигнүүлэн нийж хаядаг юм байна. Би тэгэхэд нь туйлгүй их ичиж түүнийг загнасан. Англичууд бидний аль нь монгол, аль нь япон гэдгийг сайн ялгахгүй учраас япончууд ямар муухай болоо вэ гэж бодсон байх вий гэхээс гол харлаж билээ. Үнэндээ тэр үед бүгдээрээ монголчууд байсан гэж бодоосой хэмээн залбирсан. Түүнээс хойш монголчууд гадаад орны гудамжинд нус, цэрээ хаяж, эх орныхоо нэрийг гутаах вий дээ гэж миний сэтгэл тун зовох юм” хэмээжээ. Хүний өмнөөс ичих хамгийн хэцүүн дээр монголчуудаас болж үндэстнийх нь нэр хүндэд сэв суух вий гэж санаа зовнин буй гадаадын иргэнээс түмэнтээ хүлцэл өчмөөр. Заваанаа гайхуулсан монгол занг таслан зогсоох арга нь зохион байгуулалттай шууд холбоотой. Зөрчлийн хуулиар олон нийтийн газар соёлгүй зан гаргасан үйлдэл болгонд хариуцлага тооцох заалт байдаг ч хэв журам сахиулах, хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй цагдаагийн байгууллага ажин түжин. Гарцгүй газраар зорчсон хүн бүрийг торгох эрхийг замын цагдаад олгосоор атал хэдэн жолоочоо л ноолж байгаа харагдах юм. Зөрчлийн хууль батлагдсанаас хойш цагдаагийн байгууллага хэдэн хүнд арга хэмжээ авч, торгууль ноогдуулсан бэ гээд генералаас нь асуувал тэд гээд хэлчих хариулт байгаа болов уу. Бусад орон соёлын хэмжүүрийг төрийн бодлогоор, технологийн шийдлээр зохицуулж эхэллээ.
• Бөхийнө гэдгийг бусдын дор орсон мэт сэтгэдгээс болж нэгнээсээ дутахгүйн тулд өрсөлддөг зан чанар ч бидний ёс суртахуунд баттай байраа эзэлсэн байна.
• Хэдхэн хором хүлээх тэвчээргүй болтлоо адгуу зан суусныг тооцоолбол бид мөхөл рүүгээ явж буйн илрэл юм.
• Тэднээс болж та бид гадаад талдаа нийтээрээ бохир завааны туйл, хулгайч бүдүүлгийн эд эс болж харагдаж байна.
БНХАУ гэхэд л иргэдээ царай таних төхөөрөмжөөр хянан, оноогоор хариуцлага тооцдог системд шилжээд удлаа. Гэтэл манайд төрийн өндөр албан тушаалтан нь хүртэл гарцгүй газраар зам хөндлөн алхаж, бараа бологсдын хамт хууль зөрчсөн нь нотлох баримтаар дурайж байхад хариуцлага тооцож чаддаггүй ээ. Мөнгөгүй юм чинь соёлгүй байхаас яах вэ гэсэн угаар гул барьж хэдий хүртэл заваантайгаа зууралдах вэ.
Дэлхий нийт “Соёлтой байна гэдэг нь хүн төрөлхтний хамгийн түрүүнд гүйцэтгэх ёстой үүрэг” гэсэн ойлголтыг ягштал барьж байхад бид зөрчилтэй эвлэрч, хэрүүлдээ уусан, хараалдаа булуулсаар соёлын хэмжүүрээ алдаж дууслаа. Монголчуудын заваан, соёлгүйн дээр хулгайч гэдэг нэр биднийг дэлхий нийтэд яаж харагдуулж байгааг төсөөлөхөд ч бэрх. Европ дахинд хулгайчаараа алдаршаад байсан монголчууд Зүүн Азийн орнуудыг “дайлаар мордсон” жишээ чих дэлсэх нь тоймгүй болов.
Солонгост монгол хүнийг үнэт эдлэлийн дэлгүүрт оруулахыг хязгаарласан бол тайландад монголчууд тусдаа өрөөнд нэгжлэгт ордог болтлоо нэр хүндээ алдлаа. Шенгенийн орнуудад брэндийн дэлгүүрийг тонодог “урт гартнууд”-аас болж нутаг нэгтнүүд нь дэлгүүрт “манаач”-тай явах болов.
Заваан дээрээ хулгайч сэтгэхүйтэй хүнийг соёлын хэмжүүрээр хамгийн бүдүүлэгт тооцно. Тэгэхээр та бид гадаад талдаа нийтээрээ бохир завааны туйл, хулгайч бүдүүлгийн эд эс болж харагдаж байна. Тиймээс муу нэрийг хусаж арилгах, сайн нэрийг хүсэж олохын тулд дутагдлын хажуугаар дуутай, шаардлагатай, зөрчлийн дэргэд зөвлөх, заахтайгаа болох нь нэн түрүүнд нутагшуулах сэтгэхүйд хийх соёлын том хувьсгал байх юм. Хэнхэг гэж хочлолгүй, хэнээтэй гэж ёжлолгүй дор бүрнээ л хичээчихвэл соёл тийш хөтлөх зам ойрхон буй. Үгүй аваас үхрийн шээсээ ууж жуулчин татдаг африк омгоос ялгаа юун.
Та одоо нийтлэлийн зурагт дахин анхаарлаа хандуулаарай. Бид эзэн Чингисийн удам гэж цээжээ дэлдэж, заваан, цөвүүнтэйгээ эвлэрч суух зуур Монголын хэмээх соёлын хэмжүүр харь орны хөлийн дор хэвтмой.
Эх сурвал: zgm.mn