Төрийн алба хаагчдын нэрийг барьж ААН, иргэдийг залилж байжээ
“Залилан” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс төрийн алба хаагчдын нэрийг барьж иргэд, аж ахуйн нэгжийг залилан мэхэлдэг 25 настай, эрэгтэй У-г саатуулжээ.
Тэрбээр Нийслэлийн цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын газар, дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс, тасгийн алба хаагчдын нэрийг барьж Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа 8 нэрийн хүнсний дэлгүүр, ТҮЦ-ийг торгож, тамхи зарах болон бусад тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэх мэтчилэн 36 аж ахуйн нэгж, иргэнийг хууран мэхэлж 10,000-100,000 төгрөг, бараа материал зэрэг эд зүйлсийг залилдаг нь урьдчилсан байдлаар тогтоогдон шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Иймд иргэд, аж ахуй, худалдаа үйлчилгээ эрхлэгч та бүхэн хяналт, шалгалтаар явж байгаа алба хаагчдын баримт бичгийг нягтлан шалгаж, залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сэжигтэй зүйл илэрвэл цагдаагийн байгууллагад хандахыг анхаарууллаа.