Дэлхий монголыг хэрхэн мэддэг вэ?
Эх оронч хийгээд эрхэмсэг оршихыг эрмэлзэгч Монгол хүн бүрийн хувьд хэн нэгэн харь этгээдийн “Ямар үндэстэн бэ?”, “Хаанаас ирсэн бэ?” гэсэн асуултад “Монгол, Монголоос ирсэн” гэж хариулахдаа “эх орныг минь хэр мэддэг бол” гэх бодол сэтгэлийг нь доглуулдаггүй юм аа гэхэд ямагт сонирхлыг маань татдаг. Угаас дэлхий дахинд эх орны нэр /МОНГОЛ/ гэдэг таны нэрээс ч илүү ТОМ БРЭНД байдгаас хойш энэ нэрийг сонссон хүмүүсийн хариу реакциас шалтгаалж цаашдын харилцаа тодорхойлогддог гэдэгтэй бүгд санал нийлнэ байх. Ингээд дэлхий биднийг аль талаас нь мэдэж ойлгож, хүлээж авдаг талаар хувийн эрэгцүүлэл ажиглалтаа хуваалцая. Хоёр хөршөөсөө эхлэе.
Оросууд
Биднийг хамгийн сайн мэддэг ард түмний нэг. Гэхдээ дотроо ялгаатай. үндсэн угсаатан болох Славянчуудын хувьд тэдний хөгжил цэцэглэлтэд Чингис хаан, түүний үе залгамжлагчдын байлдан дагуулал үнэхээр их гай болсон бөгөөд царцаа мэт /өдгөө ч “тэнгэр харанхуйлж ирээ л…” гээд дээрх зүйрлэл амь бөхтэй оршсоор байгаа бөгөөд тухайн үеийн байлдааны стратеги, тактик орчин үеийнхээр мэдээлэл-сэтгэл зүйн дайн, PR-ийн чадварын үр дүн байснаас биш бид оросуудаас л олон байв гэж хөөрхий/ их цэрэг дайчид нь тэдний хот тосгод, хүн амыг баруун солгойгүй устгасан хэмээн Монголчуудыг гомдолтойгоор буюу сөргөөр ойлгох хандлага түгээмэл. Цаашлаад европын соёл иргэншлийг устгах байсан зэрлэгүүдийн довтолгоог хамгаалаад өөрсдөө хохирсон үндэстэн хэмээн ямар нэг зөвтгөл хайхыг хичээдэг. үүнд Сталины үеэс социалист үзэл суртал, Марксист-ленинист түүхийн шинжлэх ухааны хандлага, түүх бичлэг, заах арга зүй гол нөлөө үзүүлсэн. Гэхдээ Монгол хэмээх нэрийг Татартай хавсруулан “Татар-Монголын дарлал” хэмээх түүхэн үечлэлийг дунд болон их дээд сургуулийн түүхийн ухааны хичээлд нь албан ёсоор заадаг. /Ингээд байхаар ч яаж эергээр хүлээж авахав/ Тэрнээс биш орчин үеийн түүхэнд ялангуяа дэлхийн 2-р дайны ялалтад Монголчуудын цаашлаад Монгол угсаатны /халимаг буриадуудыг багтаагаад. Нөхдүүд ч 2 талд ажиллачихсан тал бас бий/ оруулсан хувь нэмрийн тухай ойлголт лавтай бидний төсөөлдгөөс л үлэмж хязгаарлагдмал.
Харин сүүлийн үед Монголчууд хийгээд татааруудын Оросын нийгэм-улс төр, цэрэг арми, олон улсын харилцааны сэтгэлгээний хөгжилд оруулсан хувь нэмэр, ач холбогдлын талаар нийгмийн шинжлэх ухаан /Н.Гумелевийг эс тооцон/, улс төрийн хүрээнийхэнд эергээр авч үзэх, үнэлэх хандлага тодорхой хэмжээгээр өсч буй гэж үзэж болно. Тухайлахад оросын улс төрийн түүхэн үйл явцад Монголчуудын байлдан дагуулал улс төрийн модернизаци буюу шинэчлэл болсон тухай санааг томоохон улс төр судлаачид дэвшүүлсэн нь бий. өөр нэг хандлага бол Оросын бага үндэстнүүд болох татар /хүн амын хувьд ОХУ-д 2-рт жагсана/, чечень, халимаг, буриадууд, тува, алтай болон бусад ястнуудын хувьд нэг удам гаралтай хэмээн өөриймсөх, элгэмсэх хүсэл сонирхол бий. Угаас их үндэстний дэргэдэх бага үндэстнүүд ямар нэг гомдол цөхрөл, өмөөрөл хайх үзэл тээж явдаг нь зүй тогтол. Хэрэв өдгөө бид дэлхийн түвшинд биш юмаа гэхэд бүс нутгийн түвшинд нөлөө бүхий улс гүрэн байсан бол тэд бидэнтэй нэг блок болж, нэгдэж нийлэх, төвлөрөхөөс аваад бүс нутгийн түвшинд зонхилох байр суурь бүхий хүчирхэг угсаатан болох асуудлыг биднээс үл харгалзан өөрсдөө санаачилж эхлэх байсан гэдэгт итгэлтэй байна. Түрэг гаралтай, ислам шашинтнаас бусад Монгол угсаатнуудын хувьд ихээр оросжин уусч байгаа нь.
Хятадууд
Бидний хувьд 3000 жил хөршилж нэгийнхээ сайн муу, зовлон жаргалыг хамгийн сайн мэдэлцдэг ард түмний нэг бол хятадууд. Мэдэхээс ч өөр аргагүй урт хугацаа, зөрчил тэмцэл, эвлэрэл хэлцэл. Тэд бид нэгийгээ нөхөж ирсэн өвөрмөц харилцаа. Гэхдээ тэд өдгөө бидний түүхэн онцлог, мөн чанар, төсөөллөөс тэс өөрөөр мэдэж, авч үздэг. Их газрын хийгээд Тайваны арлын хятадын алиныхан ч хувьд монголчуудыг хувь заяаны эрхээр түр салсан, ирээдүйд эргэж нэгдэх өөрсдийн салшгүй нэг үндэстэн хэмээн дунд болон их дээд сургуулийн түүхийн хичээлийн хөтөлбөрт албан ёсоор заадаг. Чингис, Хубилай нар хятад угсаатан бөгөөд Дэлхийн төв хүчирхэг Хань гүрнийг тодорхой үед захирч явсан хятадын үндэсний баатар хэмээн тархи угаадаг. Орчин үеийн хятад залуучууд үүнд ямар ч эргэлзээгүй итгэдэг. Зүгээр л тэднийг тийм санаа бодолтой болгон итгүүлэн үнэмшүүлдэг. Угаас тэдэнд төрийн зүгээс түүхийн нарийн ширийн асуудлыг нэг бүрчлэн заах хэрэгцээ сонирхол ч байхгүй. Тэгэх ч шаардлагагүй. Нэг талаар энэ нь манайд үнэхээр ноцтой асуудал бөгөөд нөгөө талаар энэ асуудлыг сонирхож, анхаарал хандуулдаг нь лав л миний тааралдсан хятадуудад цөөн байдаг ажиглагдсан. Эсвэл тэд дотор хүний санаагаар илэрхий цухуйлгаагүй ч байж мэднэ.
Гэхдээ л түр салсан нэг үндэстэн гэдэг асуудалд анхаарал хандуулах хятадын тоо цөөдлөө цөөдлөө гээд монголчуудын нийт хүн амын тооноос хэд дахин давж гарах нь тодорхой. Дээрх асуудал ч улс төр үзэл суртлын том зорилгоос гадна нийгэм-түүхийн ухааны эрдэмтэд судлаачдын социалист, “хятад төвт” түүх бичлэгийн арга зүйтэй ч тодорхой хэмжээгээр холбоотой. Сүүлийн үед Хань угсаатан бусад үндэстэн, ард түмэнд үзүүлсэн улс төр, соёл, эдийн засгийн нөлөөллийн нэг чиглэлтэй явцуу үзлээс хандлагын зэрэгцээ бусад соёл, үндэстэн угсаатны нөлөө хятадуудад үзүүлсэн нөлөөний талаар мэр сэр судалгааны бүтээл гарч, хэвлэгдэх болсон нь дэвшилтэй хэрэг. Жирийн хятад иргэдийн хувьд Монгол гэдэг ойлголтыг өнөө домог үлгэр, хууч яриа зэргээрээ дамжуулаад лав л эерэг биш, сөргөөр өөрсдөд нь гай тарьж явсан зэрлэгдүү хүмүүс гэдгээр чүү ай гадарлана. Харин монгол угсаатан болох өвөрлөгчид, хөх нуур, шинжаан дахь Ойрадуудын хувьд биднийг мэдэхийн сайнаар мэдэж нэг утгаар атаархаж бас бахархаж, үндэсний өөртөө итгэх итгэлээ асааж явдаг үлгэр дуурайл нь бол Тусгаар Монгол Улс. Харамсалтай нь төрийн ил биш далд бодлогын үр дүнд ихээр хятаджин уусч байгаа болно.
Европууд
Дундад зууны болон орчин үеийн хүн төрөлхтний түүх, газар зүйн мэдлэг сайтай, угаас боловсрол өндөр Европчуудын хувьд биднийг хамгийн сайн мэддэггүй юмаа гэхэд бүр огт гадарлахгүй хүмүүс лав биш. Харин ч харьцангуй асуудалд уян хатан төвийг сахьсан хандлагаар бидний түүх хийгээд орчин үеийн монголчуудыг ойлгож хүлээж авдаг гэж болно. өдгөөгийн монголчуудыг ядуу цөөн гэлээ ч нүүдэлчний соёлтой, өвөрмөц байгальтай, нэг хэсэг мандаж явсан өдгөө 2 их гүрнээр хашигдсан үндэстэн гэдгээр нь ойлгодог. Тэд Хүннүгийн түүх ба Атилла хааны талаар сайн мэддэг. Гэхдээ Монгол ба Хүннүгийн хооронд ямар нэг сэжим холбоотой эсэхийг гэж бараг л авч үздэггүй. /Тэр нь ч бас тийм талтай/ Харамсалтай нь Европ руу цагаачилсан гэх үү эсвэл зугтсан гэж болохоор нөхдүүд манийгаа ядуу, улс төрийн харгис дэглэмтэй, эрх чөлөө хязгаарлагдсан хэмээн эх орны төдийгүй өөрийг өчүүхэн нэрээ худалдаж иддэг нутаг нэгтнүүдийн балгаар хулгай дээрэм, зодоон цохион, гэмт хэрэгт орооцолддог, дипломат нь хүртэл тамхи хууль бусаар зөөж новширдог, араб, африкуудтай адил муухай хүмүүс гэх хандлага ихээр өсч байгааг хэлэх шаардлагатай.
Америкууд /Тивээр нь авч үзэв/
Чингис хаан, дундад зууны Монголын байлдан дагуулалтай холбоотойгоор боловсролтой хүмүүс гадарлана. Ялангуяа цэрэг тагнуул, дипломат харилцаа, улс төрийн бодлого, сэтгэлгээний хувьд хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтэд тэдгээрийн оруулсан хувь нэмрийг заримдаа биднээс сайн үзэж судалдаг. /Бид зүгээр л хий хоосон бардамнадаг/ Тэрнээс биш орчин үеийн Монгол хэмээх тусгаар улс хаана оршдог, ямар хөгжилтэй зэргээр ойлголт үлэмж хомс хийгээд үндсэндээ энэ талаар мэдэх нь прагматик америкчуудын хувьд падлий байхгүй. /АНУ-чуудын 50-иас дээш хувь нь газрын зураг дээр өөрийн улсаа ч зааж мэддэггүй гэх ч билээ/ Европ, Америкчуудын хувьд бидэнд тэдний “хятадын эвсэл оросын Монгол уу?” гэх асуудалд хариулах шаардлага байнга тулгарахав дээ. Оросын Монгол гэдгээр Тусгаар Монгол улсыг маань тооцоод байдаг болтой. Нийгмийн тогтсон стереотопийг эвдэх ч амарүй асуудал шүү. Латин Америкчуудын хийгээд бидний хувьд аль аль нь нэгийгээ мэдэхгүй, гадарлахгүй талдаа зонхилно. Угаас шинэ тутам бүрэлдсэн, урьдын түүх хомс нөхдийн хувьд бусдын байтугай өөрсдийн түүх, соёл, онцлогийн талаар мэдэх сонирхол, хэрэгцээ шаардлага төрдөггүй болтой.
Араб, Перс
Тэдний сэргэн мандлын үе ирсэн гэж хэлж болох бөгөөд энэ ч утгаараа бусад шашинтан, угсаатнуудыг ерөнхийдөө дээрээс өнгийж хардаг. Биднийг мөн л түүхэн талаас нь мэдэх бөгөөд харин өөрсдийн аугаа их соёл иргэншлийг устгасан, гай тарьсан зэрлэгүүд гэж ойлгодог нь хэвээр. Сүүлийн үед барууны үзэл суртал, соёлын нөлөөг хязгаарлах бодлогоор дорно луу анхаарал хандуулах болж, энэ ч зорилгоор Чингис болон монголчуудын талаар өвөрмөц, давгүй шийдэлтэй цуврал кинонуудыг телевизийн сувгаараа цацах болсон нь сайн хэрэг. Тэдэнд манайд бас мусульман шаштнууд бий гэвэл байх ёстой зүйл мэт хандаж ийм шашингүй нэгээхэн ч улс үгүй /анзаарах нээ үнэхээр тийм юм байна лээ/ хэмээн ихэрхэн бодох нь тэдний ухамсар хийгээд иргэншлийн онцлог ажгуу.
Африкууд
Шулуухан хэлэхэд өөрсдийн түүх гэж юу болох, одоо улс оронд нь юу болоод байгаа, цаашид яаж амьдарч, оршин тогтнох талаар төсөөлөл ч байхгүй хүмүүсийн хувьд юун “Монгол гэж хэн бэ?” манатай. Харин яаж ийгээд Европ, Америк руу эвтэйхэн цагаачлаад гарчих уу гэдэг бодол арай юм боддог дөнгүүр хүмүүсийнх нь шөнийн зүүд, өдрийн бодол. Бид ч өдгөө хүртэл тэдний талаар хомс ойлголттой, модноосоо буугаад удаагүй, хар арьст нөхдүүд хэмээн хочлон дооглохоос цаашгүй байна. Гэхдээ хар арьст хийгээд африк тивийнхэн гэдэгт ялгаа заагтай хандах хэрэгтэй. Аль эрт Америк, Европ руу цагаачилсан хар арьстнуудын хувьд асуудалд хандах хандлага энэ тэр нь арай өөр түвшинд очсон нь тодорхой. Бүхэл бүтэн нэг тивийг жаахан доошоо хийчихлээ гэж… Харин тэд сүүлийн үед хятадууд гэж хэн бэ гэдгийг үнэхээр хурдан ойлгож эхэлсэн байна лээ. Бидний өнгөрсөн хийгээд одоо, хүч чадал, онцлог, ач холбогдлын талаар жичтэй ойлголттой, эрт хийгээд орой ямар нэг сэжим холбоо ямагт байсан, хоёр орны харилцаа бүхий л талаар хөгжиж буй зарим орныг тухайлан авч үзсэнгүй. Жишээлэхэд үүнд Япон, Солонгос, Турк, Энэтхэг, Герман, зүүн европын зарим орнууд болон түрэг гаралтай төв азийн улсуудын хүн ард биднийг хэрхэн мэдэж ойлгодог талаар тусад нь авч үзэх нь зохистой гэж үзэв. Энэ талаар тухайн улс оронд нь суугаа манай иргэд ажиглаж судалснаа өгүүлвэл илүү сонирхолтой ажгуу.
Улс төр судлаач Д.Мягмарсүрэн