Бодлын аялал
Гартаа би дэлхийг барьчихсан байна. Долоон тэрбум хүнтэй, долоо биш ээ, тэрнээс ч олон гайхамшигийг сүндэрлүүлсэн, доголон цэнхэр дэлхийг атгаж байна. Доголон өнгө гэж байдаг юм аа, би өөрөө ч мэдээд гайхсан. Далай байхдаа гүн цэнхэр байж байгаад, халж, хатаж, хайлж, ууршиж, утаа болохоороо доголон болдог тэр цэнхэр өнгө... Тэгээд гарын минь алгыг хүйт оргиулан, бас халуу төөнүүлэн хөлрүүлэн байх тэр доголон өнгөтэй гариг миний аясаар эргэлдэж байлаа. Би түүнийг эргүүлээд л, эргүүлээд л байв. Намайг удаан хөдлөхөд дэлхий удаан эргэж, хурдан хөдлөхөд хурдан эргэж, миний хүссэн зүгрүү миний хүссэн хурдаар эргэж өгч байлаа. Дураараа намайг эргүүлж байхад далайн ус цалгиж, тивийн дээгүүрээ даваад олон амийг тасалсангүй. Тэгэхгүй гэдгийг нь мэдсэн болоод л би хурдан, удаан эргүүлсэн хэрэг. Тэгээд ч яг үнэн хэрэг дээрээ дэлхийг би эргүүлэх биш, түүнийг тойроод өөрөө нисэж байлаа.
Цэнхэр гаригийг эргүүлдэж ханаад би, одоо тогтож нэг сайн ажиглахаар шийдэв. Тэгтэл технологиор хаанчлагдсан шинэ дэлхий зуу зуун жилийн өмнөхтэйгөө яг ижилхэн бүтэцтэй байгааг нь хараад гайхав. Мэдээж хайлсан мөс, хагарсан газар байлгүй л яах вэ. Ерөнхий тойм, харагдах байдлаараа ижилхэн байв. Гагцхүү тийм гэж хэлэхийн аргагүй саарал өнгө л нүд жаахан халхлаад байлаа.
Гаригийн гадаргуй, усан далай, шороон газрууд... Тэдгээрийг ажин суухад хүүхэд наснаасаа хойш мөрөөддөг байсан газартаа бяцхан хүний биед хувираад очиж үзмээр санагдлаа. Тэгээд По голын сав хөндийн дагуу, өмнөд Европ-т орших нэгэн гутал хэлбэртэй хуурай газрын тэртээх усан дээр орших эртний үзэсгэлэнт хотруу биеэ жижигхэн болгоод нисэн очлоо. Агаар мандал дундуур зүсэн доошлоход Дэлхийн татах хүч намайг эзэмдэж, хүйтэн агаар хацар алгадаж байснаа аажим аажмаар бүлээцэн, үүлсийн хөвөн илэлт, шувуудын жиргээ, онгоцны шунгинаан дэргэдүүр өнгөрч, нэг л мэдэхэд би Венец хотын гудамжинд харанхуй шөнөөр газардлаа.
Хэдийнэ шөнө ноёрхох энэ хотыг гэрэлтүүлэг нь амьд байлгаж байлаа. Чулуун гудамжаар хөл нүцгэн алхаж, сул даашинзны хормойг шүргэн шүргэн урагшиллаа. Миний алхах хүйтэн хирнээ цэвэрхэн чулуун замтай залгаж баригдсан эртний гоёмсог байшинг хана дагаж ургадаг мөлхөө нилэнхүйд нь бүрхэж, цаанаасаа хамтдаа байсан юм шиг гэрлэн чимэглэл тодруулна. Эсрэг талд нь усан зам урсаж, дээгүүр нь завин таксинууд мэр сэр давхиж, хаа нэгтээ таарах гүүрсийн доогуур өнгөрнө. Загас байдаг болов уу гэж гайхмаар цэвэр тунгалаг усруу тонгойж харах хүсэл сониуч зангаар хөтлөгдөн, замын зүг эргэвэл “үuoi prendere un taxi, signora?” (Хадагтай та такси авах уу) гэсэн харьж яваа насны эрийн баргил хоолой сонсогдлоо. Дуу гарсан зүгт харвал дээхэн үеийн тээврийн жолооч нарынх шиг малгай тавьж, цэнхэр богино ханцуйтай цамц, индүүдлэгтэй бор өмдыг хар шаахайтай хослуулсан нүдэнд дулаахан эрэгтэй зогсож байв. Хөмсөгөө үл ялиг өргөж, миний хариултыг хүлээх аавын насны тэр хүнийг хараад, Sì grazie (Тэгье, баярлалаа) гэж хэлээд заасан завинд нь яаран суулаа. Хөндлөнгийн хүний ашгаа бодсон жирийн саналд талархаад, өөрийнхөө үзэхийг хүссэн зүйлээ мартаж, орхисондоо би өөрийгөө буруутгасангүй. Учир нь үлгэрийн юм шиг эртний үзэсгэлэнт хотын усан замаар завин дээр суугаад гоёмсог дугуй гүүрнүүдийн доогуур явж үзэх нь миний мөрөөдөл байсан юм чинь. Хаашаа явахыг тэр хүн надаас асуухад хамгийн эртний бөгөөд үзэсгэлэнтэй буудалд очихыг хүсч буйгаа ойлгууллаа. “Тэгвэл ч нилээн явах нь дээ”-гэж итали эр эелдэгээр хэлээд завьныхаа моторыг асаахыг завдтал, “үгүй ээ, хүн гуйа та сэлүүрдээд явбал сайнсан. Эртний Венецийн иргэд завиар явж байхад юу мэдэрдэг байсныг өөр дээрээ хүлээн авах гэсэн юм”- гэж сандран хэллээ. Хэзээ нэгэн цагт биелнэ гэдэгт нь итгэхээсээ ч эргэлздэг байсан мөрөөдлийнхөө үйлдлийг биеэрээ мэдрээд, хийгээд явж байх нь ямар ер бусын сэтгэлийн таашаал байдгийг өнгөрөх хором мөч бүхэнд эд эс бүхнээрээ мэдэрч явлаа. Завь үл ялиг дайвалзан урагшилж, Венец хотын хамаг гоо үзэсгэлэн дэргэдүүр урсан урсан өнгөрнө...
Тог, тог гэх чимээ намайг гэнэт цочоож, нээлттэй нүдээ аниад хартал өрөөндөө суугаад, гартаа би дэлхийг биш, компютерийн хулганыг барьчихсан, цэнхэр гаригийг тойрч нисэх биш, Google map-ийн дүрсийг нь тойруулаад сууж байснаа сая мэдлээ. Гэхдээ нүдээ ахиад нээгээд харахад би Венецийн гудмаар завьтай зугаалж байв...
Бичсэн. Б.Хаш-Эрдэнэ