Хуулиар “ивээсэн” хулгайчтай хатуу тэмцэх болоогүй юу
Энэ сард оюуны өмчийг хамгаалах өдрүүд тохионо. Манай улс 2003 оноос хойш энэ өдрийг тэмдэглэсээр ирсэн боловч уран бүтээлчдийн гомдол, зовлонг л сонсож өнгөрөөдөг гаж уламжлал тогтоод уджээ. 1996 онд байгуулагдсан оюуны өмчийг хамгаалах байгууллага өнгөрсөн 22 жилийн хугацаанд ямар амжилтад хүрсэн бэ гээд асуухад бахархал болгоод ярих, өлгөж аваад магтах ахиц дэвшил олдохгүй байна. Уг нь оюуны өмчийг хамгаалах чиглэлээр Үндсэн хуульдаа дөрвөн заалттай, олон улсын 16 гэрээ, конвенцид нэгдсэн, эрх зүйн зохицуулалтыг бие даасан хууль болгож, холбогдох 12 хуульдаа тусгасан улс шүү дээ. Гэтэл өдий болтол оюуны өмчийг хамгаалах дорвитой түвшинд хүрч төвдөхгүй байна.
Хууль зөрчигчдийг цээрлүүлэх заалт нь Зөрчлийн хуулиар 500 мянган төгрөгөөр торгохоор хэмжигдсэн, түүнээс нь айдаг хулгайч ч бараг байхгүй болсон ийм нөхцөлд оюуны өмчийг хамгаалах өдрийг угтахаар бэргэн сууна.
Уран бүтээлчид оюуны өмчөө алдаж, урам зориг мохох, хөрөнгө мөнгөөрөө “шатах” бол энгийн үзэгдэл мэт болжээ. Үүний тод жишээ гэвэл, МУГЖ, кино найруулагч Ө.Бат-Өлзийгийн гомдлоос тодорхой харагдана. Тэрбээр өнгөрсөн сард Эрүүгийн цагдаагийн албанаас зохион байгуулсан “Зохиогчийн эрх, оюуны өмчийг хамгаалах” хэлэлцүүлгийн үеэр “Байтаг богд” уран сайхны киногоо хулгайд алдаж, олон боломжоо “хумслуулсан” тухайгаа халаглан ярьж байв. Баруун хилийн тулалдааны 70 жилийн ойд зориулж хийсэн киногоо IPTV-д байршуулахаар төлөвлөж байх үед нь CD-гээр олшруулж, facebook-ээр цацсан нь “Фантастик” продакшныханд олон сая төгрөгийн шууд хохирол учруулжээ. Угтаа тэр их хохирлыг гэмт хэрэгтнүүд төлөх ёстой боловч торгууль нэрээр улсад 500 мянган төгрөгийн орлого оруулсан төдийхнөөр ял завшсан нь шударга ёсонд ч харшлах үйлдэл л дээ. Тэдний нэгэн адил уран бүтээлээ хулгайд алдаж хохирсон урлагийн салбарынхан олон бий. Жилийн өмнө хошин урлагийн “Маск” продакшныхан уран бүтээлээ хулгайд алдсанаас олон арван сая төгрөгийн хохирол амссан гомдлыг оюуны өмчийн газарт хаяглаж байв
Шинэ бүтээл бүрийн ард оюуны хөдөлмөрийг шимэгчид отож байдаг. Зөвхөн утга уран зохиол, дуу хөгжим, кино урлагийн салбарынхан энэ төрлийн гэмт хэргийн хохирогч биш юм. Уран зураг, баримлын загвараа хуулбарлуулсан уран бүтээлчид ч цөөнгүй бий. Ганцхан жишээ дурдахад, чөлөөт уран бүтээлч, барималч С.Ваанжилдорж хурдан хүлгийн шинжийг бүрдүүлсэн зургаан насны морьдын болон 12 жилийн дүрслэл бүхий уран баримлаа турк улсад цутгуулан мөнгөөр бүрж аваад эх орондоо авчирчээ. Борлуулах зорилгоор урласан түүний бүтээлийг хулгайчид өмнөд хөршид олшруулан хувилж дэлгүүр, захаар тарааснаар түүний зардал, чирэгдэл болж хичээж зүтгэсэн ажил нь цэвэр “шаталт” болжээ. Уг нь бүтээл бодит хэлбэрт ороод олон нийтэд хүрсэн л бол зохиогчийн эрх нь автоматаар үүсдэг жишиг бий. Харамсалтай нь энэ эрхээ мэддэггүйгээс уран бүтээлч олон зуугаараа хохирч байна. Оюуны өмчийн газраас уран бүтээлчдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажил зохион байгуулдаг ч зорилтот бүлэгтээ хүрдэггүй нь энэ жишээгээр хязгаарлагдахгүй. Хулгайчтай хуулийн хатуу заалтаар тэмцэхийг бүтээлчид байнга шаардах боловч хамаарал бүхий байгууллага нүдэн балай, чихэн дүлий оргиод сууж байна.
Дэлхийн худалдааны эргэлтийн 5-7 хувийг хуулбарласан бүтээгдэхүүн эзэлдэг
Үүнээс улбаалж оюуны өмчийн “халдлага” газар авч, гаршсан хулгайч нарт ашиг олох боломж олгосоор удлаа. Зөрчлийн хуулийн зөөлөн заалтыг чангатгаж, хулгай бүрт хуулийн хатуу цээрлэл оноодог болчихвол хэн ч шоронд суухыг хүсэхгүй нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр зохиогчийн эрхийг бизнесийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бий болговол оюуны өмчийн хулгай аяндаа буурсан практик ч олон улсад зөндөө байна.
БНХАУ-ын оюуны өмчийн газрын дарга Шэнь Чанью манай оронд айлчлах үеэрээ “2015 онд БНХАУ-ын төрийн зөвлөлөөс шинэ бодлого гаргасан. Оюуны өмчийн эрхэд халдах, бусдын бүтээлийг хулгайлах гэмт хэргийн эсрэг бодлогоор арга хэмжээ авч, зөрчил гаргасан хүмүүст хатуу хариуцлага тооцсон учраас ийм үйлдэл жилээс жилд багасаж байгаа” хэмээн санаа өгсөн байдаг. Мөн түүний ярианд оюуны өмчид суурилсан инновацыг хөгжүүлэх, хамгаалах, хамгаалсан өмчөө эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиг гаргах ноу хау санал болгосон агуулга ч бий. Харин манай оюуны өмчийг хамгаалах байгууллага түүний ярианаас сэдэл авч, сэрэх учраа олсонгүй нь даанч харамсалтай.
Дэлхийн оюуны өмчийн байгууллагын захирал Камил Идрис “Оюуны өмч бол эдийн засгийг урагшлуулагч хүчирхэг хэрэглүүр мөн” хэмээх товхимолдоо эдийн засгийн ашигтай хувилбарыг жишээ болгожээ. Тэнд английн нэгэн брокерийн компани нэрт хөгжимчин Дэвид Боуигийн хөгжмийн 30 бүтээлийн зохиогчийн эрхийг 55 сая ам.доллараар худалдан авч үнэт цаас гаргаснаар хөрөнгө оруулалтаасаа хэд дахин ашиг олох аргыг сэджээ. Зохиогчийн эрх эзэмшигч, зохиогчдоо ашигтай тусаад зогсохгүй оюуны өмчийг найдвартай хамгаалах энэ хувилбар дэлхийн олон оронд оюуны өмчийг хамгаалах ноу хау болж дэлгэрлээ. Өнөөдөр зохиогчийн эрхийн үйлдвэрлэлийн ДНБ-д эзлэх хувиар жагсаахад найман нэгжийн үзүүлэлтээр АНУ тэргүүлжээ. Тэдний араас Бразил 6.8, Голланд 5.5 хувиар удаалж байна. Манай улсын хувьд оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хамгаалах бүрэн боломж бий. Тухайлбал, алдарт хөгжмийн зохиолчдын бүтээл, нэрт яруу найрагчдын туурвил, зураачдын урлан, барималчдын шидээврийн зохиогчийн эрхийг худалдаж, эзэмшигч, өв залгамжлагч хийгээд бизнесийн салбарынханд ашиг олох боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Бизнесийн энэ салбарыг дагаж эдийн засгийн эргэлт ч бий болох юм.
Эх сурвалж: zgm.mn