Танилц, АТГ-ын дарга Ж.Ганбаатар, дэд дарга Ш.Ганболд
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Ц.Гарамжав, З.Нарантуяа, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан нарын 19 гишүүн Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргыг чөлөөлж, орны хүмүүсийг томилохдоо Нийтийн сонсголын тухай хуульд заасан Томилгооны сонсголыг хийх талаарх албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ.
Үүний дагуу Х.Энхжаргал, Ц.Нямдорж нар АТГ-ын удирдлагаас чөлөөлөгдөх бэлтгэлээ хийж эхэлсэн байна.
Тэдний оронд томилогдох хүмүүсийн нэр дуулдмагц МАНАН бүлэглэлийнхэн яаран “намнаж” хэн ч биш болгох ажил хийж байгаа тул одоогоор нэр дэвшигчдийг маш нууц байдалд сонгон шалгаруулах, судлах шаардлага үүсээд байгаа гэнэ. Нөгөө талаар ҮАБЗ-ийн гишүүд томилох хүмүүс дээр санал нэгдэж байж УИХ-д оруулах учиртай болоод байгаа юм. Ямартай ч томилгооны сонсгол явагдах өдөр л жинхэнэ нэр дэвшигчдийг гишүүдэд танилцуулж хэлэлцүүлэх магадлал өндөр болжээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын ойрын эх сурвалжаас мэдээлэл авсаны үндсэн дээр дараах нэрс тодорч байна. АТГ-ын даргаар Хууль сахиулахын их сургуулийн Удирдлагын академийн захирал, тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатарыг томилох дээр талууд тохиролцсон. Одоо дэд даргаар томилох хүмүүс дээр зөвшилцөж байгаа гэнэ. Үүнд ЦЕГ-ын дэд дарга, хурандаа З.Дашдавааг Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр дэвшүүлж байгаа бол Ерөнхийлөгчийн тамгын газраас ЦЕГ-ын тэргүүн дэд дарга байсан Ш.Ганболдыг санал болгож байгаа ажээ. Эх сурвалж “Ер нь бол АТГ дарга дээр тохиролцчихсон, харин дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгож байгаа хүнийг томилохыг хүчилж байгаа, Хууль зүйн сайд томилгоонд ямар нэг байдлаар оролцох сонирхлоо илэрхийлсээр байгаа нь хугацаа авч байгаа” гэв. Эндээс харахад хурандаа Ш.Ганболд АТГ-ын дэд дарга болох магадлал маш их байгаа бололтой. Олон нийтэд төдийлэн танил биш энэ хүний товч мэдээллийг бид олж авлаа.
ТЭРГҮҮН ДЭД КОМИССАР Ж.ГАНБААТАР
Боловсрол:
- Цагдаагийн дээд сургууль
- МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд хууль зүйн магистр
- АНУ-ын Колорадогийн Их сургуульд хууль зүйн мастер
- АНУ-ын Холбооны мөрдөх товчооны Академи
- БНХАУ-ын Гон-Конг муж, Япон, АНУ-ын Хавай, Жоржиа муж улсуудад өмчийн эсрэг гэмт хэрэг, хүн худалдаалах гэмт хэрэг, терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, олон улсын хуулийн чиглэлээр мэргэшлийн бэлтгэл сургалтад хамрагдсан.
Ажлын туршлага:
- Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн хэлтэст төлөөлөгч,
- Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч,
- Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тасгийн дарга,
- Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тасгийн дарга,
- Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга
ХУРАНДАА Ш.ГАНБОЛД
- 1961 онд төрсөн. Москва хот дахь ДЯЯ-ны Академийг 1982 онд төгссөн.
- 2012-2013: Тэргүүн дэд дарга, Цагдаагийн Ерөнхий Газар
- 2008–2012: Дэд дарга, Эрүүгийн цагдаагийн газар
- 2002-2008: Судалгаа шинжилгээний хэлтсийн дарга, Эрүүгийн цагдаагийн газар
- 1999-2002: Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, Эрүүгийн цагдаагийн газар
- 1992-1999: Албан тушаал, Хээл хахуулийн гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн чиглэлийн ахлах ажилтан, Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс
- 1982-1992: Өмчийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтан, Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газар