Та өөрийнхөөрөө байж чаддаг уу?
Өөрийнхөөрөө байх дуртай гэдэг мөртлөө би лав өөрийнхөөрөө байж чаддаггүй байж гэдгээ сая ухаарав бололтой. Ямар нэг зүйл болоход заавал бусдын тав тухтай байдлыг өөрөөсөө тэргүүнд тавьдаг юм байна, анзаараад байх нь ээ. Утасны дуу байнга хаалттай, хөгжим сонссон ч зөвхөн чихэвчээр сонсож, хүнтэй зөрөхдөө заавал зам тавьж өгдөг, найтаахдаа сайхан чөлөөтэй биш чимхээд тэрүүхэн тэндээ, хүнтэй зай хуваасан ч ихэнхдээ боломжит хамгийн бага талбайг эзлэхийг хичээх гэх мэтээс эхлээд ямар хувцас дээр ямархуу төрлийн юм хослуулж өмсвөл зохимжтой зэргийн заавал тооцох, эсвэл үгийн сонголтдоо анхаарах зэрэг хүртэл.
Нэг талаасаа энэ нь нэг их соёлтой хүн юм шиг боловч бусдын тав тухыг өөрийнхөөсөө илүүд үзэж, өөрийнхөө тухыг хумьдаг ч юм шиг. Таны хийхийг хүсч бгаа зүйл, эсвэл ганцаараа байхдаа хийдэг зүйл бусдын хажууд бүр эсрэгээрээ, тэс хөндлөн байдлаар танаас илэрдэг бол тэнд яг зөрчил гарч ирж байгаа мэт.
Энэ нь гэхдээ бас тэрүүхэн тэндээ хор уршигтай байж мэднэ.
Яагаад гэхээр, өөрөө сэтгэлзүйн хувьд ч гэсэн бусдаас хараат шахуу, хэн юу гэж хэлэх бол гэж боддог, сөрөг сэтгэгдэл үлдээчихгүймсэн гэж байнга үйлдлээ цэгнэх шаардлагатай болдог, тэр хэрээрээ бусдыг ч бас тийм байх ёстой мэтээр хариу үйлдэл хүлээгээд байдаг болтой юм.
Яг үнэндээ өөрийнхөөрөө байна гэж юу гэсэн үг юм бэ? Жишээ нь энэ зураг бол хүн юу гэж хэлэх бол гэсэн сэдэл дор л авсан зураг. Өнцгөө олчихсон, өнөөх камер нтр нь арьсыг минь хачин аятайхан өнгө зүстэй болгоод хаячихсан л байна. Хүн тэгээд ер нь олон нийтэд ихэнхдээ өөрийнхөө аятайхан гарсан гэж үзсэн зургаа л хийдгээс хойш (хүмүүс таныг tag-ласан зураг бол мэдээж үнэн төрхийг ихэнхдээ харуулдаг шдээ кк) нэг биш нэлээн хэдэн кадр дундаас сонгож, аль аятайхныг нь тавьдаг. Энэ нь эргээд л хүний тав тух, тэр хүнд сайхан сэтгэгдэл үлдээх зорилготой зам нийлчихэж байгаа юм уу даа. Гэтэл нөгөө талаасаа бүх хүн өөрийнхөөрөө байгаад эхэлбэл юу болох билээ, бас л бодох асуудал...
Өөрийнхөөрөө байна гэдэг нь бусад хүний санаа бодлоос илүү таны өөрийн тав тух чухал байхыг хэлэх бөгөөд хэнээс ч хараат бусаар сонголтоо хийж чаддаг, эргээд харин тэрэндээ хариуцлага хүлээж чаддаг байхыг хэлнэ гэж тодорхойлох гээд үзлээ. Зөв юм уу буруу юм уу, мэдэхгүй, өнөөдрийн өнцгөөс харахад ингэж дүгнэв.
Та "өөрийнхөөрөө байх" гэх ойлголтыг юу гэж тодорхойлох байсан бэ?
Эх сурвалж: Ariunaa Tsatsralt