Дональд Трамп худалдааны хэлэлцээрт сэтгэл хангалуун биш байгаагаа сануулав
Ерөнхийлөгч Доналд Трампын ажлын алба уржигдар “АНУ Вашингтон, Бээжингийн хооронд өрнөсөн худалдааны дайныг дуусгахын тулд өнгөрсөн долоо хоногт хийсэн хэлэлцээрийн үеэр ахиц гарсан ч сэтгэл хангалуун биш байгаагаа” мэдэгдсэн байна. Энэ талаар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн,Цагаан ордны худалдааны зөвлөх Клет Виллемс “Бид хэлэлцээртэй холбоотой олон асуудалд ахиц гаргасан. Гэхдээ зарим зүйлд сэтгэл хангалуун биш байна” гэдгээ илэрхийлжээ. Тэрээр АНУ-ын худалдааны танхимд болсон үйл ажиллагааны үеэр энэ мэдэгдлээ хийсэн байна.
Гэхдээ талуудын энэ удаагийн уулзалтаар шийдвэрлээгүй асуудлын талаар мэдээлэл өгсөнгүй. Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт дөрвөн долоо хоногийн дотор Вашингтон, Бээжинтэй гэрээ байгуулах боломжтой гэж мэдэгдэж байсан. Харин Клет Виллемс “Бид энэ асуудлыг шийдвэрлэх гэж яарахгүй байгаа нь сайны тэмдэг байх ёстой. Хэлэлцээрийг сайн хийхийг хүсч байна. Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх шаардлагатай” гэв.
АНУ, БНХАУ-ын хооронд өнгөрсөн жилээс өрнөсөн худалдааны дайны улмаас дэлхийн санхүүгийн зах зээл, хангамжийн сүлжээнд хохирол учруулаад байгаа юм. Цагаан ордны зүгээс БНХАУ-д аж үйлдвэрийн татвар, технологийн экспорт оюуны хувийн өмчийн эрхийг хамгаалахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд шахалт үзүүлсэн байна. Вашингтонд талуудын хооронд болсон сүүлчийн хэлэлцээр өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн. Гэхдээ энэ долоо хоногт дахин хэлэлцээр хийх юм байна.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин