Путин, Эрдоган нар хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Турк улсын төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган нар даваа гарагт өргөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ хийж, хоёр орны бизнес эрхлэгчдийн тэргүүлэх төлөөлөгчидтэй уулзжээ.
Уулзалтын үеэр голчлон эдийн засгийн асуудлуудыг хэлэлцлээ гэж хоёр орны удирдагчид онцлон тэмдэглэжээ. "Хэлэлцээ ажил хэрэгч бөгөөд тодорхой болсон боловч тодорхой хэмжээний санал зөрөлдөөн гарсан. Гэсэн хэдий ч бүх саад бэрхшээлийг үл харгалзан талууд хамтын ажиллагаагаа идэвжүүлж, "сайн үр дүнтэйгээр" үргэлжлүүлнэ” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэллээ.
Хоёр орны Ерөнхийлөгч нар эдийн засагтай холбоотой асуудлуудаас гадна Сири улсын байдлыг хэлэлцжээ. Энэ сэдэв нь Орос-Туркийн харилцаатай холбоотой хэлэлцэх асуудлуудад багтдаг уламжлалтай. Сири дэх террористуудтай тэмцэх ажиллагааг Анкара Москватай хамтран үргэлжлүүлэх хэвээр байгаа гэдгийг Туркийн Ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ.
Путин, Эрдоган нар мөн хэлэлцээ хийх үеэрээ цэрэг-техникийн хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн цохон тэмдэглэснээр, тус улсын зенитийн "С-400" пуужингийн системийг Туркт нийлүүлэх гэрээг эцэслэх нь Москва болон Анкарагийн эн тэргүүний зорилт юм.
Үүнээс гадна, цэрэг-техникийн хамтын ажиллагааны салбарт ОХУ болон Турк улс цаашид өөр олон төслийг хэрэгжүүлнэ гэдгийг Путин хэлсэн байна. Тодруулбал, Оросын цэргийн зориулалттай орчин үеийн бүтээгдэхүүнүүдийг Туркт нийлүүлэх аж. Тэрбээр мөн ОХУ болон Турк “өндөр технологийн цэргийн техникийг хамтран бүтээж, үйлдвэрлэх бүрэн боломжтой” гэдгийг мэдэгдсэн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ