Автобус хүлээх зуур
Автобусны буудал дээрх эгэл жирийн нартай сэрүүхэн нэгэн өдөр. Хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ холбоотой байдгийг батлах гэсэн шиг хүмүүсийн сэтгэл нэг л бодолд дарагдсан,гунигтай харагдана. Хаврын улирал олон ааштайг ч хэлэх үү? Гэнэт юунд ч юм уурлан хуй тавьж бүүдгэнэн хямсайж байснаа балчир хүүхэд шиг инээн үүлний цаанаас хурц илчээрээ төөнөнө. Хүн бүхэн л цагтай уралдан нааш цааш хурдан хурдан алхална.
Зарим нь мөргөчих шахам зөрнө. Эхний автобус ирж явахыг хармагцаа хүмүүс уралдах гэж байгаа морьд шиг ухасхын ухасхын урагшилж хааяадаа зог тусаж суух бэлтгэлээ хангана. Автобус ирэх тэрхэн мөчид хүмүүс шахалдан оочирлож “Би багтах болов уу ?” хэмээн амандаа үглэн дараагийн автобус ирэх зүг рүү хялам хяламхын харсаар хаалганд хавчуулагдах шахам арай чүү багтаад явж одно. Дунд ангийн сурагчид юм уу гэлтэй ташуу захтай формын хувцастай хоёр хос хөтлөлцөн их л биеэ барин ярьж ядан зогсоно.
Аав ээж шиг нь хоёр хүн харснаа “Хоёулаа ч ийм байхаасаа л хамт байж, энэ амьдралаа босгосон доо” хэмээн амьдралдаа сэтгэл хангалуун байгаагаа илтгэж бие бие рүүгээ халуун дулаанаар харж, инээмсэглэн зогсоно. Харин нөгөө захад нэгэн эмээ дараагийн автобус ирэхийг хүлээж ядан “Цаанаас чинь автобус харагдана уу?” хэмээн ойролцоох хүмүүсээс асууж, “Яасан уддаг эд вэ” хэмээн уцаарлангуй зогсож байснаа автобус ирэх чимээнээр “За ашгүй минь ирлээ хаахан зогсдог хар дамшиг бол доо” хэмээсээр автобус зогссон зүг лүү яаран алхлаа.
Төд удалгүй миний чимээгүйхэн хүлээж байсан “Мах импекс”-ийн автобус салхи татуулан ирэхэд сэтгэлд минь байсан бараан хар үүл цахилгаантай аадар бороогоо аваад одох шиг болж гэр лүүгээ харих баяр цэнгэлийн нартай өдрөөр цэлмэв.
Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим II түвшний оюутан П. Долгорсүрэн