“Facebook” компани Африкийг тойруулан усан дор кабель тавьж магадгүй
Америкийн “Facebook” компани Африк тивийг тойруулан усан дор кабель тавих боломжийг судалж байна. Энэ төслийн гол зорилго нь тус тивийн өргөн зурвасын интернэтэд нэвтрэх зардлыг багасгах, мөн нийгмийн сүлжээнд шинэ хэрэглэгчдийг татах юм гэж “The Wall Street Journal” сонин ням гарагт мэдээлжээ.
Тус сонины эх сурвалжуудын мэдээлснээр, ийм кабелийг Африкийн баруун, зүүн болон Газар Дундын тэнгисийн эргийн дагуу тавихаар төлөвлөж байгаа аж. Төслийг “Араатны хаан” /Lion King, 1994/ хүүхэлдэйн киноны гол дүрийн нэрээр "Симба" гэж нэрлэх гэнэ.
Гэхдээ уг төсөл нь одоог хүртэл хэлэлцэх шатандаа байгаа бөгөөд эцсийн шийдвэр хараахан тодорхой болоогүй байна гэж “The Wall Street Journal” сонинд гарсан мэдээлэлд онцлон тэмдэглэжээ. “Facebook” компанийн төлөөлөгч Трэвис Рид тус сонины мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Эх сурвалж: Монцамэ