Монголын түүхийн эзэд хэн нь вэ?
Монголын түүхийг Оросуудын заавраар гуйвуулж бичдэг байсан цаг тун саяхан. үүний жишээ нь 1921 оны хувьсгалын түүх. Ерэн оноос өмнө манай түүхчид 1921 онд Сүхбаатар, Чойбалсан нар Зөвлөлт улсын тусламжтайгаар Монголд коммунист хувьсгал хийсэн гэж бичдэг байв. Хожим, энэ түүх худал байсан нь илэрсэн. 1921 оны ардын хувьсгал коммунистуудын хувьсгал байгаагүй, ардын хувьсгалыг тэргүүлэгчид Сүхбаатар, Чойбалсан биш Данзан, Бодоо байсан гэдэг нь 1990 оны ардчилалын дараа тодорхой болсон. Ингээд ашгүй Монголын түүхчид өөрийн улсын түүхээ гадаад эзний заавраар бичдэг цаг өнгөрсөн гэж ойлгодог байв. Гэтэл тийм биш бололтой.
Монголын түүхийн эзэд хэн нь вэ?
Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Шинжлэх ухааны академи, өмнөд Солонгосын Зүүн хойд азийн түүхийн сан гэгч байгууллагатай хамтран Улаанбаатарт “Монгол-Солонгосын олон зуун жилийн харилцааны эрт, эдүгээ” гэсэн эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулжээ. Хурлын илтгэлүүдийн агуулга ерөнхийдөө Монгол, Солонгосын ард түмэн өнө эртнээс тусгай харилцаатай байсан тухай. Хурлын дараа талууд Монгол, БНСУ-ын хооронд түүх, соёл, урлаг, улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ингэхдээ тэр олон салбарын хамтын ажиллагааг хоёр орны түүх, соёлын харилцаанд тулгуурлан хөгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. өмнөд Солонгос Монголын түүх, соёлыг ингэж онцгойлон анхаарч буй. Солонгосчуудад Монголын түүх, соёл тийм их чухал гэж үү?
Монголын түүх, соёлыг солонгос үндэстэнтэй нягт холбох өмнөд Солонгосын сонирхолын цаана ямар зорилго байгааг өрнөдийн судлаачид хэдийнээ анхааран судалж эхэлжээ. Тэдний нэг нь Австралийн үндэсний их сургуулийн профессор, хятад-солонгос судлаач А.Ланков. Тэрээр “Asia Times On-line” хэмээх сэтгүүлийн 2006 оны 9 дүгээр сарын 16-ны дугаарт энэ асуудлаар өгүүлэл нийтлүүлсэн байна. Түүний өгүүлэлд буурай хөгжилтэй, ядруу Монголыг онилсон өмнөд Солонгосын түүх, соёлын бодлогын жинхэнэ учрыг ил гаргажээ. Сүүлийн жилүүдэд Хятад, өмнөд Солонгосын хооронд өнөөгийн Хятадын зүүн хойд муж, Хойд Солонгосын нутагт оршиж байсан Когурёо, Бохай улсын түүхийг өөрийн түүх болгон бичих өрсөлдөөн гаарч, энэ нь тус хоёр орны төрийн тэргүүний төвшинд ярьдаг асуудал болоод байна. Тухайлбал, 2006 онд өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ро Мүхён Хятадад айлчлахдаа Хятадын ерөнхий сайд Вень Зиабао-той хоёр орны эртний түүхийн асуудлыг тусгайлан хэлэлцсэн нь олон хүмүүсийн гайхлыг төрүүлсэн.
Хятад өөрийн зүүн хойд мужид оршиж байсан Когурёо, Бохай улсын түүхийг судлах талаар их хөрөнгө хүч хаяж, томоохон төсөл хэрэгжүүлж байна. өмнөд Солонгос ч үүний эсрэг дорвитой хөдөлжээ. Ингээд өрсөлдөөн ширүүсэх явцад асуудал хоёр орны хүрээнээс хэдийнээ хальж түүх асар их гуйваж эхэлсэн байна. өмнөд Солонгосын “Донга Илбо” хэмээх нэр хүндтэй өдөр тутмын сонинд бичсэнээр өмнөд Солонгосын эрдэмтэд хамгийн шилдэг хамгаалалт бол хүчтэй довтолгоо гэсэн зарчмаар ажиллахыг засгийн газартаа сануулж буй. Ингэж ажиллаж чадвал Гожосёон, Бүёо, Гогурёо, Бохай хаант улсын түүхийг хамгаалах төдийгүй, Монгол, Кидан үндэстний түүх Солонгосын түүхийн нэг хэсэг болох ёстой ажээ.
өмнөд Солонгосын эрдэмтэд сүүлийн жилүүдэд Солонгосын эртний түүхийн тухай хэд хэдэн ном гаргасан байх юм. Тухайлбал, Хандан Гоги (Hwandan Gogi) гэдэг сурвалж дахь домгийн мэдээг ашиглан бичсэн “Солонгосын түүх” гэдэг номд өгүүлснээр Төв азиас гаралтай солонгос үндэстний өвөг дээдэс одоогоос 9000 гаруй жилийн өмнө Солонгосын хойгоос Түвд хүртэлх өргөн уудам нутагт Хан-гүк (Hwan-guk) хэмээх гүрэн байгуулжээ. Есөн мянган жилийн өмнө хүн төрөлхтөн эзэнт гүрэн байгуулах нь бүү хэл чулуун зэвсгийн үеэс салаагүй байсан болохоор Хан-гүк гүрний түүхэд итгэх хүн ховор баймаар. Гайхалтай нь өмнөд Солонгост залуус энэ мэт агуулгатай түүхийн номноос эх орныхоо түүхийг мэдэж авдаг гэнэ. Энэ нь ч учиртай. Сүүлийн жилүүдэд өмнөд Солонгост агуу солонгос үндэстний үзэл хүчээ авч байна. Ялангуяа, солонгос үндэстэн хойд азийн эзэрхэг нүүдэлчин ард түмнээс гаралтай болох тухай үзэл маш их дэлгэрсэн. Учир нь үүгээр дамжуулж Хойд азийн хүчирхэг үндэстний үр хойчис солонгосчууд түүхэндээ хэзээ ч Хятадад дээрлэхүүлж байгаагүй гэсэн ойлголтыг залууст суулгадаг. Тэр бүү хэл солонгосчууд бусад азиудаас дээд заяатай үндэстэн гэх үзэл хүртэл түгэж байна.
Барууны судлаачид Хятад-өмнөд Солонгосын түүхийн маргааныг азийн хоёр бар улсын бүс нутгийн улс төрийн тоглолтын нэг хэсэг гэж тайлбарлаж байна. Хятадуудын хувьд Когурёо, Бохай улсын түүхийг өөртөө хамаатуулах нь олон үндэстнээс бүрдсэн Хятад гүрний эв нэгдэл, өнөөгийн статусыг хамгаалж, Хойд Солонгосын асуудлаар давуу байдлаа хадгалахад тустай. Харин өмнөд Солонгос хэзээ мөдгүй унахад бэлэн Хойд Солонгосын дэглэмийн дараа гарч болох үйл явдалд ард түмнийхээ сэтгэл зүйг урьдчилан бэлдэж байна. Судлаач Ланковын харж буйгаар түүхээ засаж бичих Хятад, Солонгосын өрсөлдөөн нь дэлхийн хамгийн тогтворгүй энэ бүс нутагт таамаглаж боломгүй аюултай үйл явдал өрнөж магадгүйн дохио болж байгаа юм. Ер нь аливаа үйл явдалд эхлээд ард түмний сэтгэл зүйг энэ маягаар бэлдэх нь их түгээмэл ажээ. Ийм жишээ бий. Адольф Гитлер дэлхийн 2 дугаар дайны өмнө дээд заяат ари үндэстний домог зохион Германы ард түмэнд итгүүлж дөнгөсөн. Тэр үед Германы холбоотон Японд ч азийг тэргүүлэгч үндэстний тухай үзэл гаарч байсан юм.
Солонгосчууд Монголын түүх, соёлд татагдаж буйн учир нь Зүүн ази дахь улс төрийн тоглоом юм. Харин, Монголын судлаачид энэ тоглоомд аль хэдийн татагдан оржээ. Эртний хятадын күнзийн номлолт, ажилч хичээгүй солонгосчууд Монгол, Солонгосын түүх, соёлын харилцаа болон хоёр ард түмний гарал үүслийн асуудлыг судлан сурталчлах ажлаа бүр 20-иод жилийн өмнөөс эхэлсэн байдаг. 1990 оноос өмнөд Солонгосын судлаачид Монголд ирж, Монголын түүх, соёлын талаар элдэв баримт цуглуулах болж, Монголын судлаачидтай хамтран цөөнгүй уулзалт, хурал, зөвлөгөөн зохиосон байна. 1998 онд солонгосчууд Монголын түүхийг судлах нэг дорвитой ажил эхлүүлсэн. Энэ нь “Мон-Сол” хэмээх археологийн судалгааны төсөл. Төслийг сүүлийн арваад жилийн турш Монголын үндэсний түүхийн музей, өмнөд Солонгосын түүхийн музей хэрэгжүүлж байна. өндөр өртөгтэй энэ төслийн санхүүгийн зардлыг Солонгосын тал хариуцдаг.
Солонгосчууд дээрх төслийг санаачлахдаа Монголын шинэ чулуун зэвсгийн дурсгалыг судлах сонирхолтой байсан боловч тодорхой шалтгааны улмаас талын нүүдэлчин гүрэн Хүннүгийн түүх, соёлыг судлах болжээ. Юн Хёнвон гэгч эрдэмтний тайлбарласнаар 1997 онд ШУА-ийн түүхийн хүрээлэнтэй хамтран Дорнод Монголын шинэ чулуун зэвсгийн дурсгалуудыг судалсан боловч тэдгээрээс Солонгосын шинэ чулуун зэвсгийн үеийнхтэй адил ваар сав илрээгүй тул харьцуулан судлах боломжгүй болсон гэнэ. Юн Хёнвон гуайн өгүүлснээс үзвэл солонгосчууд одоогоос 9000 жилийн өмнө оршиж байсан Хан-гүк гүрний хэв маягийн чулуун зэвсгийн дурсгалыг олох сонирхолтой Монголд ирсэн бололтой. үүний дараа солонгосчууд Дорнод Монголд буй Хүннүгийн археологийн дурсгалыг судлах нь үр дүнтэй гэж үзсэн байна.
“Мон-Сол” төсөл Монголын түүхийг дангаар судлах биш, харин Монгол, Солонгосын түүхийн дурсгалуудыг харьцуулах, хоёр улсын түүхийг холбох зорилго тавьж байна. Тус төслийн тайлангуудаас үзвэл солонгосчууд Монголд явуулсан малтлагаар Солонгосоос олдсонтой ижил олдворуудаа ч олж байгаа бололтой. Улаанбаатарын нэгэн номын дэлгүүрт энэ талаар бичсэн номыг борлуулж байна билээ. “Мон-Сол” төслийн 10 жилийн ойн симпиозумын эмхэтгэлд өгүүлснээр Монгол, Солонгосоос олдсон ижил дурсгалууд голдуу Хятадын Хан улсаас гаралтай эд зүйлс байсан гэнэ. Ямар ч байсан тус төслийхөн Монголоос олдсон дурсгалуудаар БНСУ, Монголд үзэсгэлэн гаргаж, зарим олдворуудыг БНСУ-д аваачин сэргээн засаж байна. Судалгаанаас гадна “Мон-Сол” төслийн Монголын талд оногдох үр дүн нь Монголын үндэсний түүхийн музейд эд материалын тусламж үзүүлж, төсөлд оролцсон Монголын судлаачдыг цалинжуулдаг болсон явдал. Энэ төсөлд ороод авбал Монголын хэдэн түүхч хэсэгтээ л ажилтай болж, багагүй цалин хангамжтай болно.
Солонгосчууд албан ба албан бус янз бүрийн хамтын ажиллагаагаар дамжуулан манай судлаачдаас дэмжлэг авч дөнгөдөг бололтой. Арваад жилийн өмнө манай нэр хүндтэй нэгэн их сургуулийн түүхийн багш эр монгол, солонгос үндэстэн эртний гарвалын холбоотой талаар их л сэтгэл хангалуун ярьж тайлбарлаж байсан билээ. Энэ талаар түүний сайн танил солонгос эрдэмтэн ном бичсэн гэнэ. Саяхан нэг монгол хэл судлаач монгол, солонгос хэлнүүд алтай язгуураас гаралтай төрөл хэл гэж сурталчлах шахам надад ярьж байсан.
Солонгос-Монголын нийтлэг түүхийн сурталчилгаа түүх судлаачдын хүрээллээс олон нийтийн зүг эрчимтэй хальж эхэллээ. Манай нэгэн нэрт нийтлэлч 2009 онд өмнөд Солонгост “Алтай овгийн хэлтнүүдийн соёлын нөхөрлөл” нэрийн дор зохиогдсон хуралд уншсан илтгэлээ “өдрийн сонинд” нийтлүүлжээ. Түүний сурталчилгааны нийтлэлд монгол, солонгос хоёр ард түмэн алтай овгийн хэлтэй тул яалт ч үгүй гарал нэгтэй үндэстнүүд гэсэн байх юм. Уг нь энэ хүн бүрэн нотлогдоогүй баримтыг шүүрч аваад өөрөө солонгос, манж хэлэнд гаргуун судлаач мэт аашилахаар хөнгөн хүн биш юмсан. Түүнийг юу хатгасан юм бол гэж бодмоор. Энэ мэтээр алтай язгуурын хэлний онолоор бамбай хийн монгол-солонгос үндэстний түүхийг их багагүй сурталчилдаг боллоо. Гэвч, асуудал бодит байдал дээр тэдний ярьдагаас арай өөр юм. Юуны өмнө, алтай хэлний бүлэг байдаг эсэхэд сүүлийн үеийн судлаачид эргэлздэг болсон байна. үүнийг үл хэрэгсэн алтай язгуурын хэл үнэхээр байдаг гэж бодъё. Гэвч, солонгос хэл түүнд багтддаг эсэхийг өнөөдөр хэн ч нотлоогүй. Харин, таамаглал бол бий. Алтай язгуурын хэлний хамгийн алдартай судлаачдын нэг Н.Поппе солонгос хэлийг алтай язгуурын хэл гэж үзэх нотолгоо алга гэж үзсэн байдаг.
үнэндээ, дэлхийн солонгос хэл судлаач эрдэмтэд солонгос хэлний гарал үүслийг өнөөг хүртэл тогтоож чадаагүй байна. Эрдэмтэд солонгос хэлний үүсэл гарлын талаар хэд хэдэн таамаг дэвшүүлдэг ажээ. Эхний таамаг солонгос хэлийг Зүүн өмнөд ази, Номхон далайн арлуудын малай, индонези, полинези үндэстний ярилцдаг австронези хэлнээс гаралтай гэж үздэг байна. Энэ таамгийг дэмжигчид солонгос, австронези хэлний хоорондын үгсийн сан, дүрмийн ижил төстэй байдлыг үндэс болгодог. Жишээ нь, солонгос хэлний тоо илэрхийлсэн үгнүүд, хүний биеийн хэсгийн нэрс зэрэг үгийн генетик гарвалыг илтгэх нэлээд үгс авсронези хэлнийхтэй ижил байдаг гэнэ. Тэд антропологийн баримтаар өөрийн санааг давхар дэмждэг. Дараагийн нэг түгээмэл үзлээр бол солонгос хэл нь өнчин хэл. Яагаад гэвэл солонгос хэл нь өнөөдөр тогтоогдоод буй аль нэг хэлний бүлэгт багтах шалгуурыг хангадаггүй ажээ. Ингээд судлаачид солонгос хэлийг аль бүлэгт хамааруулахаа мэддэггүй. Зарим судлаачид Солонгос хэлийг үгсийн сангийн болон дүрмийн хэд хэдэн ижил төст шинжээр Япон хэлтэй ойр гээд, япон, солонгос хэлийг хамтад нь ангилах саналтай байдаг. Харин, Японы колоничлолд байсан өмнөд Солонгосын эрдэмтэд үүнд асар эгдүүцдэг гэнэ.
Ер нь Солонгосын эртний түүхийн талаар англи хэл дээр гарсан ном материалуудыг уншиж байхад ямар ч байсан өнөөгийн Солонгосын хойгт дор хаяж 300.000 жилийн өмнө буюу хуучин чулуун зэвсийн үед хүн амьдарч байжээ. 10.000-8000 жилийн өмнөх үе болоход шинэ чулуун зэвсгийн оршин суугчид өөрийн өвөрмөгц хийц бүхий ваар савны соёл бий болгосон. Солонгосын шинэ чулуун зэвсгийн соёл Монголынхтой холбоогүй байсан бололтой. Одоогоос 3500 жилийн өмнө Солонгост Хятадаас хүрэл зэвсгийн соёл нэвтэрсэн байна. Харин, Солонгосын хойгт анхны төрт улсыг хэн, хэдийд байгуулсан тухай асуудал нь учиргүй маргаантай болоод явдаг. үүний цаадах улс төрийн шалтгааныг дээр өгүүлсэн.
Гэвч, асуудал явсаар солонгосчууд Монголын түүх Солонгосын түүхийн хэсэг юм шүү гэдгийг монголчууд бидэнд зааж, ойлгуулах хэмжээнд хүрч байгаа бололтой. Тэр бүү хэл, Монголд ирж буй солонгосчууд танай түүх бидний түүхийн хэсэг байсан юм шүү гэдгийг монголчуудад сануулах мэт аашлах болсон байна. Саяхан хэсэг солонгосчууд Дорнод аймагт эртний Солонгосын нийслэлийг “олж”, тэр газар нь ёслол үйлдээд буцлаа. Мөн, Говь-Алтай аймгийн Гуулингийн тал хэмээх газар эртний Солонгос улсын чухал газар байсан нь тогтоогдсон байна. Монголчууд Солонгосыг Гуулин улс гэж нэрлэдэг байсан. Иймд, Гуулингийн тал нь “Солонгосын тал” гэсэн утгатай. Гуулингийн тал нутгаа үзэхээр хэсэг солонгосчууд очиж ёслол үйлдсэн гэнэ. Солонгосчууд эртний Монголын түүхээр тогтохгүй, бас шинэ үеийн Монголын түүхэн дэх алдартай солонгос хүний түүхэн гавъяаг сурталчилж байна. Хэдхэн жилийн өмнө Улаанбаатар хотоос өмнө орших Зайсан толгойн өвөрт Олноо өргөгдсөн Монгол Улсын хаан, 8 дугаар Богд Жавзандамба хутагтыг эмчилж байсан гэх солонгос эмчийн дурсгалд зориулан хөшөө босгожээ. Харин тэр хүн хэн байсныг баримтаар мөшгөн үзвэл 1919 онд Хятадын Сю Шүжан генералийн гамин цэрэг Монголыг эзлэхэд гамин цэргийн албанд байсан солонгос гаралтай нэгэн байх юм.
өнөөгийн Монголын түүх судлал эмгэнэлтэй байна. Монголын түүхийг монгол түүхчид гадны улсын сонирхолд ямар нэг байдлаар нийцүүлэн бичсээр байна. Харин энэ удаа захиалж бичүүлдэг эзэн улс өөрчлөгджээ. Эндээс харахад өнөөдрийн Монголын түүхчид ба социализмын үеийн Монголын түүхчдийн хооронд ялгаа байхгүй гэж хэлж болохоор. Уг нь түүх бол өөрөө мэдлэг ухааны их ертөнц. Энэ мэдлэг ухааныг эзэмшээд монгол үндэстнийг оюун санааны дэвшилд хөтлөх ёстой хүмүүс нь Монголын түүхчид. Бид зөвхөн бодит түүхээс л “Монголчууд хэн бэ?”, “Монголчууд хаана алдаж байна вэ?” гэдэг асуултад хариулах бололцоотой. Ингэвээс бид алдаагаа засна, ирээдүйгээ ухаантай төлөвлөнө.
Монголд Шинжлэх ухааны академи хэмээх социализмын үеэс үлдэж хоцорсон нүсэр байгууллага байна. Энэ байгууллагын харъяанд нэлээд олон ажилтантай Түүхийн хүрээлэн, Археологийн хүрээлэн гэж бий. Ажилчид нь бүгд улсаас тогтмол цалинждаг. Мөн манай олон арван их, дээд сургуулийн нийгэм судлал, түүх, соёлын тэнхимд олон тооны түүх судлаач багш нар ажиллаж байна. Эдгээр газруудаас Монголд тустай юу хийж байгааг нь асууж шаардах цаг болжээ.
Нийтлэл бичсэн. Е.Өрнө