Жефф Безос гэр бүлээ цуцлуулсны дараа ч дэлхийн хамгийн чинээлэг хүн хэвээр байна
Цахим худалдааны салбарт тэргүүлэгч “Amazon” компанийн гүйцэтгэх захирал Жефф Безос гэр бүлээ цуцлуулсны дараа ч дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна.
Ж.Безос болон түүний гэргий Маккензи Безос нар гэр бүл цуцлалтын тохиролцооныхоо талаар пүрэв гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссын мэдүүлэгт дурдсанаар, М.Безос “Amazon” компанийн хувьцаанаас 4 хувийг эзэмшихээр болсон ба эдгээр хувьцаа нь 35 тэрбум гаруй ам.доллартай тэнцэх ажээ.
“Ингэснээр Ж.Безосын хөрөнгийн хэмжээ 110 тэрбум ам.доллар болох хэдий ч дэлхийн хамгийн чинээлэг хүн хэвээр үлдэнэ” гэж “Forbes” сэтгүүл мэдээлсэн байна. Энэхүү жагсаалтын хоёрдугаарт “Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс 99.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр бичигдэж байна.
“Forbes” сэтгүүлийн мэдээлснээр, М.Безос одоо хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн гуравдугаарт жагсах боломжтой болжээ.
Эр сурвалж: МОНЦАМЭ