Нөхөн сэргээлтийг нэхэн сануулах цаг болжээ
“Эко алтан Заамар” ХХК-ийн уурхайд нуралт үүсэж, дөрвөн хүний алтан амь үрэгдсэн ноцтой осол өнгөрсөн сард гарсан. Тус уурхайн үйл ажиллагааг зогсоохоор МХЕГ-аас шаардлага хүргүүлсэн байтал үл хайрхан, олборлолтоо үргэлжлүүлсээр ийм хохирол амссан нь харамсалтай. Хэрэв мэргэжлийн байгууллагын шаардлагыг биелүүлсэн бол, акт тавьсан даруйд хэрэгжсөн бол, өнөөдөр ажил үүргээ гүйцэтгэж байсан дөрвөн хүн шороонд дарагдан хорвоог орхихгүй, дөрвөн гэр бүл өрхийн тэргүүнгүй өнчирч хоцрохгүй байв. Тиймээс заавал хэрэгждэг хууль журам, байнгын хатуу хяналт нэн шаардлагатай бөгөөд мэргэжлийн байгууллагуудын эрх, үүргийг бодлогын баримт бичигт тодорхой тусгаж, төрийн байгууллагуудыг “шүдтэй” болгох хэрэгтэй байна.
Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч, төсвийн ихэнхийг бүрдүүлэгч уул уурхай ашигт малтмалын салбарт тулгамдсан асуудал нь уурхайн осол, хууль бус олборлолт, бичиг баримтын зөрчлөөр хязгаарлагдахгүй.
Хамгийн гол нь өнөөдрийн олох ашгаас илүүтэй ирээдүйд үлдээх байгаль, экосистемийг унаган хэлбэрт нь дөхүүлэх нөхөн сэргээлт чухал гэдгийг мэргэжлийн хяналтын байцаагчид онцолж байна.
Шалгалтаар 29 газрын үйл ажиллагааг зогсоож
Тус байгууллага Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад шалгалт хийсэн дүнгээ олон нийтэд танилцуулсан. Энэхүү хяналтыг орон даяар явуулах бөгөөд, газар дээр нь зөрчил, дутагдлыг арилгуулж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авч байгаа ажээ. Монгол Улсад уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй 1751 аж ахуйн нэгж байдгийн 281-д нь хийсэн шалгалтын явцад 224 сая төгрөгийн торгууль тавьж, 29 газрын үйл ажиллагааг зогсоосон гэсэн тоон мэдээ өглөө. Түүнчлэн 0.3 кг алт хурааж, улсын орлого болгосон аж. Нэгдсэн шалгалтын явцад бичиг баримт дутуу бүрдүүлсэн нийтлэг зөрчил байгааг мөн дурдсан. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулахын тулд 29 бичиг баримт бүрдүүлдэг. Ус ашиглах дүгнэлт, газар ашиглах гэрээ, уулын ажлын болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан гээд шаардагдах олон бичиг баримтыг хүлээн авч, зөвшөөрөл олгодог төрийн захиргааны байгууллагуудын олон шат дамжлага, хайхрамжгүй, удаашралтай ханддаг алба хаагчдын хүнд суртлаас үүдэн улирлын чанартай уул уурхайн салбарт бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүд холбогдох хууль тогтоомжид заасан баримт бичиггүйгээр ажлаа эхлүүлэхэд хүрдэг байна. Гэсэн ч хяналтын явцад удаашруулсан буруутан биш, аж ахуйн нэгжүүд торгуулах, цаашлаад хаагдах хүртэл “шийтгэл амсчээ”.
Нөхөн сэргээлтийн стандартыг чанд мөрддөггүй
Уул уурхайн олборлолт хийсэн компаниудад нөхөн сэргээлт хийх шаардлага нэг үеэ бодвол илүү хурцаар тавигдах боллоо. 2018 оны байдлаар улсын хэмжээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг 540 аж ахуйн нэгжийг хамарсан тандалт судалгаагаар 24.6 мянган га талбай эвдрэлд өртсөнөөс 30-аад хувьд нь техникийн нөхөн сэргээлт хийжээ. Мөн энэхүү техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайнхаа 56 хувьд нь биологийн нөхөн сэргээлт хийсэн байна.
“Техникийн нөхөн сэргээлтийг төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага өөрсдийн хүч, хөрөнгөөр хариуцан гүйцэтгэдэг бол биологийн нөхөн сэргээлтийг төсөл хэрэгжүүлэгчийн хөрөнгөөр мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ” гэж Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас гаргасан аргачлалд заасан байдаг. Монголд нөхөн сэргээлтийн стандартыг нарийн чанд мөрдүүлдэггүй тул ухсан нүхээ эргүүлээд гаргасан шороогоор нь булсан болоод техникийн нөхөн сэргээлт хийчихлээ гэж тооцуулах тал бий. Харин мэргэжлийн байгууллага хөлсөлж, биологийн нөхөн сэргээлт хийх нь нарийн хяналт дор явдаг бололтой. Гэвч тухайн газрыг байгалийн унаган төрхөнд нь оруулж, ургамал, амьтныг анхны байсан хэмжээнд хүргэсэн тохиолдол дэлхийд байдаггүй. Харин энэ нөхцөлд хамгийн их дөхүүлэхийг хичээдэг аж. Биологийн нөхөн сэргээлт хийсэн газар бүрэн бэхжиж, тарьсан ургамал орчиндоо дасан зохицож байгалийн унаган төрхөндөө орох хүртэл хяналт, мониторинг, усалгаа, арчилгаа хийх, хамгаалалтад байлгах асуудлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хариуцуулаагүйгээс нөхөн сэргээлтийн ажлын үр дүн буурах, хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанд өртөх байдал хэвийн үзэгдэл болоод байгаа талаар мэргэжлийн хяналтын тайланд тусгажээ.
Түүнчлэн байгаль орчны аудитыг хоёр жил тутамд хийх ёстой ч таван жилийн турш нэг ч удаа хийлгээгүй газар ч бий. Зөвхөн олборлолтын үед үүсэх хөрсний эвдрэлээр зогсохгүй машин тоног төхөөрөмжийн тос, аккумлятор зэрэг аюултай хог хаягдлаа ангилж ялгаагүй, зориулалтын бус байранд хадгалж байгаа зэрэг зөрчил илэрсэн байна.
Эцэт нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээлт хийсэн ажлын биелэлтээ орон нутгаас томилогдсон ажлын хэсэгт хүлээлгэж өгдөг. Ингэхдээ бодиттой бус дүгнэж, хэрэгжилтийг газар дээр бүрэн хангуулах арга хэмжээ авч ажилладаггүй байна. Орон нутгийн тэрхүү ажлын хэсэгт мэргэжлийн хяналтаас оруулдаггүй. Энэ мэтчилэн уул уурхай, ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн бодлогын баримт бичгээс эхлээд мөрдөх стандарт, хянах механизм хоорондоо уялдаагүйгээс өнөөдрийн зөрчил үүсч, ирээдүйд ухсан нүх, овоолсон шороо үлдэх суурь оршсоор байна.
Сумын төвд мод тарьснаар нөхөн сэргээлтийг төсөөлөхөө болъё
Газрын хэвлийд байгаа баялгийг ухаж аваад, эргүүлж булаад хаана ч ургах чадвартай нийтлэг ургамал тарьснаар нөхөн сэргээлт хийчихлээ гэж болохгүй. Тэр ч байтугай тухайн газрыг цэцэрлэгт хүрээлэн, тариан талбай зэргээр өөрчлөн сэргээхийг ч хэлдэггүй. Уран зураг шиг онгон байгалийг яг тэр янзаар нь “хуулбарлан зурахыг” хичээх нь нөхөн сэргээлтийн гол зарчим нь ажээ. Монгол Улсын хэмжээнд нөхөн сэргээлт, байгаль орчны доройтлыг арван жилийн турш судалж, дөрвөн боть тайлангаар холбогдох яамдад зөвлөмж хүргүүлсэн “The Nature Conservancy” олон улсын байгууллагын экспертүүд “дүйцүүлэн хамгаалах” гэдэг ойлголтыг санал болгожээ. Ашиглалтын явц олон жилээр үргэлжлэх аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд эвдэрч үлдсэн өөр газарт нөхөн сэргээлт хийх аргачлалыг хуульчлуулах санал мэргэжлийн хяналтын зүгээс холбогдох газруудад өгсөн байна. “The nature conservancy” байгаль хамгаалах олон улсын байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгаалах асуудал хариуцсан захирал Д.Галбадрах “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд хамрагдсан талбайг нөлөөлөлд өртөхөөс өмнө ямар экосистемтэйг эхлээд тодорхойлдог. Түүнд тохирсон онооны систем бий. Нэг га талбайд тав орчим нэгж үнээр /тухайн үеийн хатуу валют/ тооцож, жил бүр нөхөн сэргээлтэд зарцуулах хөрөнгө оруулалтыг зааж өгдөг. Монгол Улсад 2014 онд хууль эрх зүйн орчин бүрдэж, аргачлалыг баталсан” гэж тайлбарласан юм.
Уул устай байгалийн сайхан бүрдсэн газрыг чухалчлан хамгаалаад, хээр талыг орхигдуулдаг тал манайд бий гэдгийг Д.Галбадрах захирал онцолсон. Гэтэл мал аж ахуйн гол тулгуур болсон хээр талын экосистемийг алдагдуулж, нөхөн сэргээлт хийхгүй орхидог нийтлэг жишиг тогтчихоод байна.
Хойд америкад манайхтай адил онгон хээр талыг ашиглаад, тэжээлийн ургамал тариалсан жишээ бий. Үүнийг олон улсад нөхөн сэргээлт хийсэн гэж үздэггүй. Мөн АНУ-ын Флоридад байгуулсан Дисней лэндийн газар анх ус, намгархаг бүтэцтэй байгалийн содон зүй тогтолтой байжээ. Нөлөөллийг бууруулах зорилгоор ойролцоо газарт ус намгархаг талбай байгуулж, паркийн бүтээн байгуулалт эхлүүлсэн байдаг. Монголд хамгийн ойрхон жишээнд ӨМӨЗО-ны уул уурхайн нөхөн сэргээлтийг авч үздэг ч байгаль экологийн хувьд төгс шийдэл гэж олон улсад үздэггүй. Харин манайд сумын төвд мод тарьчихвал нөхөн сэргээлт хийчихлээ гэх хоцрогдсон үзэл байсаар байна.
Эх сурвалж: zgm.mn